Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Ниндэвдэмбэрэл:Ул хавтгайрах эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийг шалан дээр хөл нүцгэн хөл нүцгэн явуулахгүй байх хэрэгтэй

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн гэмтэл согог судлалын тасгийн их эмч Э.Ниндэвдэмбэрэлтэй ярилцлаа.


-Хөлийн хавтгайн хэлбэрийг хэд ангилдаг вэ?

-Хөлийн хавтгай улны хэлбэрийг дөрвөн зэрэгт хуваан авч үздэг. Физиологийн хавтгай тавхай болон хавтгай тавхай үүссэн градусын хэмжилтээр шалтгаалж хөнгөн, дунд, хүнд зэрэг гэж үздэг.

-Ул хавтгайралт гэж яг юу болох талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Хөлний уланд улны шөрмөс гэж байдаг. Энэ шөрмөс хүний хөлийн улны арк буюу нумыг үүсгэдэг бүтцэд оролцдог. Мөн шагайн ясны хэлбэр ямар байхаас шалтгаалан төрөлхийн болон олдмол тохиолдлоор хавтгай ул үүсч буй юм. Энэ нь хөлийн улны шөрмөс суларсантай холбоотой. Улны шөрмөс сул байх нь өсгий, өлмий хоёрыг хооронд нь чанга татаж нум үүсгэх ёстой байтал ажиллаж чадахгүй ул хавтгайрч шал болон хатуу газарт гишгэхэд хөл бүтэн тавьж гишгэгддэг эмгэг юм.

-Сүүлийн жилүүдэд хүүхдийн ул хавтгайрах эмгэг 20 орчим хувиар өссөн, хүүхдүүдийн дунд эмгэг их байна гэж иргэд ярьж байна. Хүүхдийн ул ямар шалтгаануудын улмаас хавтгайрдаг юм бол?

-1-5 настай бүх хүүхэд хавтгай ултай байдаг. Тав хүртэлх насанд хавтгай ултай байх нь хэвийн үзэгдэл. Энэ хугацаанд хүүхэд гишгэж, явдаг болж хөл гарны булчин шөрмөс чангарч эхэлдэг. Улны шөрмөс ч энэ үед адилхан цуг чангарч байх ёстой. Ингэж чангарч явсаар таван наснаас зургаан нас гэхэд нум үүсчихсэн байх ёстой байтал үүсэл хөгжлийнхөө явцад сайн чангарч чадахгүйгээс хамаарч хавтгай ул үүсч байгаа юм.

Ерөнхийдөө ажиглалтаар эцэг, эхийнх нь аль нэг талд хавтгай ултай хүн байвал үүнийг дуурайх буюу удамшлын гаралтай гэж харагддаг. Мөн олдмолоор гэвэл чихрийн шижин, жирэмслэлт, тавхайн ясны гэмтэл зэрэг шалтгаануудаас үүсэх тохиолдол бий. Дауны хам шинж, генийн өөрчлөлттэй хүүхдүүдэд ч тохиолддог.

Хотжилт их явагдаж буйтай холбоотой өрх бүр орон сууцанд амьдардаг болсон. Ингэснээр хүүхдүүд хавтгай шалан дээр хөл нүцгэн явж буй нь ихэвчлэн ул хавтгайрахад нөлөөлж байна. Хүүхэд хангалттай зай талбайд тоглож, булчин шөрмөс нь сайн чангарч чадахгүй, хязгаарлагдмал орчинд байдагтай холбоотой.

-Ул хавтгайрах эмгэг нь хүүхдийн биед ямар хор хөнөөлтэй вэ?

-Клиникийн номонд өвдөлтгүй байх үед ямар нэгэн эмчилгээ шаардлагагүй гэж үздэг. Хавтгай ултай хүүхдүүд ачаалал даах чадамж муу байдаг. Хол алхаж, гишгэж, явж чадахгүй, гүйж харайхад нь хөлийн улаар өвддөг, өвдөгний үеэр сариу хэлбэрт ордог. Тэгэхээр давхар өвдөг өвдөж эхэлдэг. Энэ нь цаашид даамжирвал зөв гишгэх ачаалалтай холбоотойгоор давхар өвдөгний үеэр, нуруу, дээд үеүд рүү өвдөх зүйлс байдаг. Ер нь хор хөнөөл нь өвдөлтүүд л байдаг юм.

-Ул хавтгайрсан бол хүүхдүүдэд ямар эмчилгээг хийж, эмч нар юуг зөвлөдөг вэ?

-Нумтай улавч нь өөрөө механик аргаар хүнийг зөв байдалд гишгэх нөхцөлийг хангаж өгч дотогшоогоо гишгээд байгаа байдлыг хүчээр засаж өгч байна гэсэн үг. Хэвийн байх ёстой байдалд нь хүргэж өгнө гэсэн үг. Нумтай улавч хэрэглэх нь зөв ч хамгийн гол нь дасгал хөдөлгөөн юм. Улныхаа булчин шөрмөсийг чангалахад дасгал хөдөлгөөн чухал үүрэгтэй. Мөн байгалийн элс, хайрга, өвс зүлэгтэй газар хөл нүцгэн явах нь хүүхдэд их сайн.

-Ул хавтгайрах эмгэгээс хэрхэн сэргийлэх вэ?

-Хүүхдийг бага наснаас нь сайн чийрэгжүүлэх, нумтай пүүз, гутал өмсгөх. Түүнчлэн хүүхдийг шалан дээр хөл нүцгэн явуулахгүй байх хэрэгтэй.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ улыг хэрхэн шалгах вэ, хавтгай ултай эсэхийг мэдэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Хавтгай улыг мэргэжлийн эмч нар үзлэгээр үзэх юм бол амархан илрүүлчих боломжтой. Хавтгай улыг оношлохын тулд заавал хавтгай гадаргуу дээр хөл нүцгэн гишгүүлж байж оношилдог. Хавтгай гадаргуу дээр гишгээгүй байх тохиолдолд хүний ул нумтай харагдаж болдог. Гэсэн хэдий ч гишгэж яг ачаалал авахаараа нөгөө нум маань хатуу болж хувирдаг. Тэгэхээр хавтгай гадаргуу дээр хөл нүцгэн гишгүүлж араас нь харах юм бол өсгийнийх нь хэлбэр зөв байна уу, үгүй юү гэж харж болно. Мөн будгийн арга гэж байдаг. Энэ нь хүүхдийн биед ямар нэгэн харшлахгүй усан будгаар хөлийнх нь улыг будаад, цаасан дээр гишгүүлэхээр хүний хөлийн мөр гарна. Энэ мөр нь тавхайн дунд хэсгээрээ нарийссан байх ёстой байдаг. Урд таван хуруунаас эхлүүлэн хойшоогоо өргөн явж байгаад өсгийний урд талаас нарийсаад өсгийн дээрээ буцаад өргөн болсон зураг гардаг. Энэ гарсан зургаар оношилж болно. Мөн подоскоп гээд шилэн тавцан дээр гишгүүлж үздэг арга байдаг.

Эцэг эхчүүд харж ажиглах аргаар хүүхдээ хатуу гадаргуу дээр гишгүүлж хойд талаас нь харахад өсгийн хэсэг босоо байна уу, гадагшаагаа эргэсэн байна уу гэдгийг л харна.

-Тэгвэл эцэг эхчүүд хүүхдэдээ гутал сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Тэгэхээр яг хүүхдэдээ өөрт нь таарсан хэмжээтэй гутлыг авч өгөх нь чухал юм.

Томдсон биш, болж өгвөл хөлийг дэмжих жижиг зөөлөн нумтай улавчтай байх хэрэгтэй. Учир нь бага насны хүүхэд болгон хавтгай ултай байдаг гэж өмнө хэлсэнчлэн сэргийлэх зорилгоор иймэрхүү улавч хэрэглэх нь гэмгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан