Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.СОЁМБО: СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ БОЛОХ ЭХНИЙ ШИНЖ ТЭМДЭГ НЬ НОЙРГҮЙДЭЛ

Мэдрэлийн эмч О.Соёмботой ярилцлаа.


-Хаврын улиралд хүний сэтгэл зүй, мэдрэлд өөрчлөлтүүд ордог. Манайхан үүнийг хаврын синдром гэж нэрлэх нь түгээмэл. Энэ нь юунаас бий болдог вэ?

-Улиралд нөлөөт эмгэг гэж байдаг. Энэ эмгэг нь дан ганц хаврын улиралд илэрдэггүй. Онцлогоо дагаад бүх улиралд хүний сэтгэцэд өөрчлөлт ордог. Улиралд нөлөөт эмгэгийн нэг хэсэг нь хайдаг юмаврын синдром гэж ойлгож болно. Яагаад хаврын улиралд синдром илүү илэрдэг вэ гэхээр энэ үед нарны гэрэл илүү их тусдаг. Хоёрдугаарт цаг агаар харьцангуй дулаарч гэрлийн нөлөөнөөс болж хүний бие организмд тодорхой нөлөөллийг бий болгодог юм.

Хүний биед биологийн цаг буюу био хэмнэл гэж байдаг. Био хэмнэл нь гадаад орчин өөрчлөгдөх бүрт бие өөрөө өөрийгөө түүнд зохицуулж явдаг. Энэ нь биологийн хэмнэл, цагийн зохицуулга алдагдсантай холбоотойгоор улирал бүр харилцан адилгүй илэрч байдаг юм.

Хаврын синдром нь гуравдугаар сард илүү их мэдрэгддэг. Улиралд нөлөөт эмгэгийн гол шинж бол сэтгэцийн үйл ажиллагаанд маш их нөлөө үзүүлдэг. Сэтгэцийн үйл ажиллагаанд өөрчлөлт үзүүлж байгаа нь хүний дотоод шүүрлийн үйл ажиллагааг зохицуулдаг гипоталамус, боргоцойт булчирхайтай холбоотой. Өвлийн улиралд шөнө урт, өдөр богиносдогтой холбоотойгоор хүний биед мелатонин гэх гормон их ялгарч, серотонин буюу баяр баяслын гормоны хэмжээ багасчихдаг. Хавар болох үед багассан байсан серотонин ихсэж тодорхой түвшинд очих үед хүний сэтгэл зүйн өөрчлөлт ихээр илэрдэг

-Хаврын синдромын шинж тэмдэг нь яаж илэрдэг юм бэ. Энэ нь манайд хэр түгээмэл байна вэ?

-Илрэх гол шинж тэмдэг нь их ядарна. Өдрийн цагаар нойр их хүрнэ. Үүнтэй холбоотойгоор уур уцаартай болж ирдэг. Огцом уурлана. Энэ нь хүндэрвэл сэтгэл гутралын хэлбэрээр илэрдэг.

-Хаврын синдромтой холбоотойгоор хүний сэтгэцэд өөрчлөлт ордог нь ямар учиртай юм бэ?

-Сэтгэцийн өөрчлөлттэй болж байгаагийн хамгийн анхны шинж тэмдэг бол нойрны хямрал. Нойрны хямрал нь цаашлаад хүнийг уур уцаартай болгож, орчин тойрондоо дургүй болж, ядарч сульдана. Ийм учраас хүн нойрны маш сайн зохицуулалттай байх хэрэгтэй. Шөнийн цагаар авч чадаагүй нойрыг өдрийн цагаар хэдэн цаг унтаад ч авч чадахгүй. Тогтсон цагт унтаж байх нь маш чухал.

-Энэ төрлийн эмгэг манайд хэр түгээмэл байна вэ?

-Улирлын өөрчлөлтөөс гадна цар тахалтай холбоотойгоор хүмүүсийн нойр өөрчлөгдсөн. Хөл хорионы үед манайхан унтахаа больчихсон байсан. Манайхаар үйлчлүүлсэн хүмүүсийн олонх нь нойрны хэмнэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сэтгэцэд асуудал бий болсон байгаа юм. Хаврын синдром л гэсэн үг шүү дээ. Энэ төрлийн эмгэг зөвхөн насанд хүрэгчдэд бус хүүхдүүдэд ч илэрч байна. Нойроо зохицуулж чадахгүй байгаатай л шууд холбоотой л доо.

-Хаврын синдромоор өвчилсөн хүнтэй харьцахад асуудал тулгардаг шүү дээ. Яаж харилцах нь зөв юм бэ?

-Тайван л байлгах нь чухал. Энэ үеэ даван туулахын тулд эм уухаас илүү амьдралын хэв маяг, дадал зуршлаа өөрчлөх ёстой. Тогтсон цагт эрт унтаж сурах хэрэгтэй. Мөн цонхон дээр нар сайн тусаж байгаа үед нар руу хараад цонхон дээр суулгах нь зөв. Энэ нарны туяа эмчилгээ нь хаврын синдромыг эмчилдэг гол эмчилгээ болдог. Өдрийн цагаар тодорхой хугацаанд гадуур алхаж нарны гэрлийг өөртөө шингээх хэрэгтэй. Гэрлийг өөртөө шингээснээр толгой дотор явагдаж байгаа био химийн урвал тэнцвэрждэг. Бүр хурц хэлбэрээр илэрсэн хүмүүст эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай. Эмийн эмчилгээ хэрэгтэй гэсэн үг.

-Ядрах, нойргүйдэх зэрэг шинж тэмдгүүд илрэхэд хүн хаана хандахаа төдийлөн мэддэггүй шүү дээ. Хурц хэлбэрээр илрэхээс нь өмнө ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Нойргүйдэл, архаг ядаргаа, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, тайлбарлаж боломгүй зовиур шаналгаа, буруу дадал зуршилтай холбоотой асуудлууд байвал Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 утсанд хандаж 24 цагаар мэдээлэл авч болно. Тухай бүрт нь зөвлөгөө аваад явахад хүндрэлээс сэргийлж болно. Дахин онцлоход хүнд нойр маш чухал.

Тэр шөнийн нойр. 22:00-02:00 хоорондох нойрыг ямар ч амин дэмээр нөхөх боломжгүй. Унтаж амрах л хэрэгтэй. Үүний тулд 22:00 цаг гэхэд амрах нь таныг архаг ядаргаа, хаврын синдромоос бүрэн сэргийлнэ. Хөдөлмөрийн бүтээмж ч тэр хэрээр ахина. Сүүлийн үед ийм эмгэг хүүхдүүдэд түгээмэл илэрч байгаа нь эцэг эхчүүдийн шүдний өвчин болж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан