Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Эрдэнэхүү: Төрөөс дэмжиж чадвал эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий

Н.Эрдэнэхүү: Төрөөс дэмжиж чадвал эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий

ХӨСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүтэй хавдар өвчлөлийн талаар болон Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй зарим бэрхшээлийн талаар ярилцлаа. 

-Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл ямар хэмжээнд байгаа вэ. Эмчилгээний хүртээмжийн талаар яриагаа эхэлье?

-ХӨСҮТ Монгол Улсын хэмжээнд хавдрын өвчлөл, нас баралт ямар байгаа талаарх тоо, мэдээллийг боловсруулдаг. Үүний хүрээнд 21 аймаг, дүүрэг, хорооноос мэдээлэл авдаг. Улмаар бүх мэдээлэл дээр дүн шинжилгээ хийдэг. 2022 оны тоо, мэдээлэл гарсан байна. Эднээс харахад, эрт илрүүлгийн хувь нэмэгдэж, 30 хувь руу дөхсөн сайн мэдээтэй байгаа. Гэхдээ өвчлөл буурахгүй байна. Өнгөрсөн жилийнхээс өвчлөл нэмэгдсэн. Нас баралтын хувь өнгөрсөн жилийнхтэй ойролцоо байна. Сүүлийн нэг жил 4300 орчим хүн хавдрын улмаас нас барсан байна. Жил бүхэн 4000 орчим хүн хавдрын улмаас нас барна гэдэг бага тоо биш. 

-Монголчууд эмчилгээний аялал жуулчлалд багагүй мөнгө зарцуулдаг юм байна. Хавдраар өвдсөн хүмүүсийн хэчнээнийг нь монголдоо эмчлэх боломжтой вэ? 

-Хавдар бол олон эрхтний өвчлөл. Манайд нойр булчирхай, ходоод, элэг, умайн хүзүү, бүдүүн гэдэсний хавдар зонхилон тохиолддог. Эдгээр хавдрын асуудлуудыг бид тодорхой хэмжээнд шийдэж байна. Гэхдээ бүрэн төгс шийдвэрлэж чадаж байна уу гэвэл үгүй. Тоног төхөөрөмж болон тухайн мэргэжлээр мэргэшсэн мэргэжилтэн дутагдалтай байна. Шинэ технологийг тухай бүрд нь оруулж чадахгүй байгаатай холбоотойгоор орхигдсон тусламж үйлчилгээ бий. Гэхдээ ХӨСҮТ хавдрын тусламж үйлчилгээг цогцоор нь хийх зорилго тавиад ажиллаж байна. Улмаар манай дээр хийгддэггүй байсан туяа эмчилгээ болон бусад эмчилгээг нэвтрүүлэхийг зорьж байгаа. Түүний нэг нь тархины хавдрын мэс засал юм. Мөн бөөр шээсний замын хавдар болон цусны хавдрын эмчилгээг хийдэг болсон. Түүнчлэн бай эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх дээр гол бодлогоо барьж байна. 

-Дотоодод эмчлүүлэх, гадаадад эмчлүүлэх хоёр өртөг мөнгөний хувьд шаггүй зөрүүтэй байх? 

-Тийм шүү. Тухайлбал, манайд элэг шилжүүлэн суулгах хагалгааны өртгийг 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Харин гаднын улсад энэ төрлийн эмчилгээ нь хамгийн багадаа 33 мянган ам.долларын өртөгтэй. Тиймээс Нэгдүгээр эмнэлэг болон ХӨСҮТ-д элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг болсноор олон хүний санхүүгийн асуудлыг хөнгөвчилж байгаа юм. Эх орондоо, ямар нэг төлбөр төлөхгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа нь монгол хүнд маш том боломж. Энэ том боломжийг бүх чиглэл дээр бий болгох хэрэгтэй.

-Хувийн эмнэлгүүд хавдрын эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг болсон шиг анзаарагдсан ? 

-Хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор тусламж, үйлчилгээг үнэлдэг болсон. Улмаар хувийн эмнэлгүүд хавдрын чиглэлээр ажиллаж эхэллээ. Ялангуяа, мэс заслын эмчилгээг элбэг хийж байна. Гэхдээ хувийн эмнэлгүүд өндөр өртөгтэй, боломжтой үйлчилгээг л үзүүлээд байна. Харин улсын эмнэлгүүд ашигтай гэх байдлаар эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэггүй. Манай дээр өөрийнхөө зардлыг нөхөж чаддаггүй эмчилгээ, шинжилгээ цөөнгүй бий. Харин хувийн эмнэлгүүд хамгийн өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг хийдэг. 

-Монгол Улс эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий юу. Жуулчид Монголд ирээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж цаашид нэмэгдэх үү? 

-Өнгөрсөн жил Японд манай улсын иргэн элэгний хагалгаанд орох гээд очсон юм билээ. Тэгэхэд нь япон эмч нар “Та энэ хагалгааг монголд очоод хийлгэ. Танайд тийм, тийм эмч нар бий. Тэд надаас илүү. Учир нь танайд тохиолдол их. Тиймээс туршлага сайтай” гэж зөвлөсөн байсан. Тэгэхээр манай эмнэлгийн хувьд тийм боломж асар өндөр. Бид зорилго тавиад, ЭМЯ, Засгийн газар дэмжиж ажиллаж чадвал бидэнд хүний нөөцийн чадавх бий. Даанч дэмжлэг, орчин нь алга. Ийм барилга дотор УИХ, Засгийн газрын гишүүд нь ч өөрсдөө ирэхгүй байна шүү дээ. Тиймээс тоног төхөөрөмж нь хөгжөөд, хүндээ, ажилчиндаа ээлтэй эмнэлэг шиг эмнэлэгтэй болчихвол бидэнд өргөн боломж бий. Цар тахлын үед гаднын улсын иргэд эмчилгээ үйлчилгээ авсан. Түүнчлэн төрийн болоод улс төрийн алба хаагчдын гадагшаа явж эмчлүүлэхийг нь хориглочих хэрэгтэй. Үүнтэй холбоотой хуулийг баталчихвал Монгол Улсын эрүүл мэндийн салбар хөгжинө. Учир нь тэдгээр хүмүүс гадагшаа яваад, хөрөнгө мөнгөө гадныханд зориулаад байгаа учир манай салбар хөгжихгүй байна. Тэр хүмүүсийн мөнгө манайд орж ирээд, намайг энэ хүмүүс эмчилнэ гэдэг сэтгэлээр хандах нь чухал. Улсын эрүүл мэндийн салбар ядуус руу чиглэсэн салбар болж хувирах гээд байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан