Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Даваадорж: Иргэн бүрд 33 сая төгрөгийн өр ногдож байгаа нь үнэн

Р.Даваадорж: Иргэн бүрд 33 сая төгрөгийн өр ногдож байгаа нь үнэн

-Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


Монгол Улсын гадаад өрийн хэмжээ хэд хүрсэн тал дээр олон эргэлзээтэй тоо баримт бий. Таны харж байгаагаар гадаад өрийн хэмжээ ямар хэмжээтэй байна вэ?

-Монгол Улсын нийт өр 34 орчим тэрбум ам.доллар, Монгол улсын Засгийн газрын өр 8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

-Монгол Улсын болоод Засгийн газрын өр, МАН болоод АН-ын тавьсан өр гэх мэтээр өрийн асуудалд явцуу хандаж байгаа харагдах юм л даа. Тухайлбал,Сангийн сайд Б. Жавхлан  АН-ын тавьсан өрийн хэмжээг бууруулсан гэж хэлсэн шүү дээ?

 –Харамсаж байна. Төрийн сайд хүний амнаас гарамгүй төөрөгдөл. Өнөөдөр Монгол Улсын нийт өр болон Засгийн газрын өрийг интернэтэд холбогдож буй хэн ч олоод харчих боломж бүрдсэн. Заавал сайд, эрх мэдэлтэн эсвэл хэн нэгэн эдийн засагч гэж өөрийгөө өргөмжилсөн нөхрийн ам харах шаардлага байхгүй. Өрийн удирдлагын тухай хуульд Монголбанк улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам Засгийн газартай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлнэ гэж маш тодорхой заасан байдаг. Эдгээр байгууллагуудын сайт болон Үндэсний Статистикийн 1212.mn сайтаас өрийн хэмжээг хэнбугай ч харж болно. Хэрвээ Жавхлан сайдын үнэн худал ярьж буйг дээрх сайтаас ороод шалгаж болно. Эхлээд Монголбанк эсвэл ҮСХ-ны сайт руу ороод 2016 оны 2-р улиралд буюу МАН Засгийн эрхийг хүлээн авах үеийн нийт гадаад өр болон Засгийн газрын өрийн хэмжээг харчих. Сайд үнэн ярьсан бол гадаад өрийн хэмжээ өнөөдөр тэр үеийнхээс хасагдсан байх ёстой.

Гэвч харамсалтай нь, сүүлийн долоон жилийн дүнгээр Засгийн өр 3 тэрбум ам.доллар буюу бараг 2 Чингис бондын хэмжээтэй, Монгол Улсын нийт өр 9.5 тэрбум ам.доллар буюу 6 чингис Бондын хэмжээтэй нэмэгдсэн үр дүнг харж болно.

Засгийн газрын өрийн хэмжээ огцом буурсан гэсэн. Та санал нийлэх үү?

-Өрийн хэмжээг ДНБ-ий хувьд харьцуулах нь мэргэжлийн байгууллагын хийдэг ажил. Өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх зорилгоор ийм хэмжүүр ашиглана. Мөн дэлхийн санхүүгийн байгууллагууд улс орнуудын гадаад өрийн хэмжээ, дунджийг тооцох зорилгоор эсвэл шинжлэх ухааны судалгаанд ашиглаж болно. Монгол шиг түүхий эдээс хараат эдийн засагтай  улсын хувьд ДНБ хэмжээ нь жилийн дотор савлаж өөрчлөгдөх эрсдэлтэй тул хувиар ярих нь бүр зохисгүй.

Өөрөөр хэлбэл, бүтэн жилийн хугацаанд өрийн хэмжээ тогтмол байхад эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн дүнгээс шалтгаалаад ДНБ хэмжээ өсвөл түүнд оногдох өрийн хувь багасна.

Харин ДНБ хэмжээ буурвал өрийн хувь хэмжээ ихэснэ.

Ер нь нийт өрийн хэмжээг нэг хүнд хувааж том дүн зарлах нь хэр зохилтой вэ?

Хэрвээ интернэтээр ороод харвал 2016 оны УИХ-ын өмнө МАН-хан “иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо. Улс орон элгээрээ хэвтлээ. Хүүхэд төрмөгц 15 сая төгрөгийн өртэй боллоо. МАН шилдэг Монгол Улсын эдийн засагчдынхаа тооцооллыг ард түмэндээ хүргэж байна. Энэ хэмжээг бууруулах тооцоо бидэнд байна” гэсэн мэдээллийг харж болно. Өөрсдөө Монгол Улсын нийт өрийн хэмжээг нийт иргэддээ хувааж гаргаад харанга балбасан. Бүтэн 8 жил өнгөрч байхад юу болов гэдэг энгийн асуултын хариу бол 33 сая төгрөг юм. Одоо иргэн бүрд 33 сая төгрөгийн өр ногдож байгаа нь үнэн.

-Татвар төлөгчдөд хамаатай өр бол Засгийн газрын өр. Бусад нь Дорж , Дондог эсвэл хувь компанийх гэж тайлбарлах нь өрийн хэмжээ, нийт дүнд төөрөгдөл үүсгээд байна л даа?

Харамсалтай нь, бас л иргэдээ хуурч, басамжилсан тайлбар. Монгол Улсын нийт өрийн статистикийг ОУВС-гаас эмхтгэн гаргасан “Гадаад өрийн статистикийн гарын авлага” 2013-д нийцүүлэн боловсруулж олон нийтэд хүргэж байгаа гэдгийг тайлбарласан байгаа. Тиймээс ОУВС хэн нэгэн иргэний өрийг Монгол улсын өрөнд тооцно гэж огт байхгүй. Сангийн сайд хувийн аж ахуй нэгж гээд гурван байгууллага нэрлэсэн харагдана лээ. Энержи ресурс, Шангри-Ла, МИК гурвын дэлхийн хөрөнгийн зах зээл дээрээс босгосон зээлийн хэмжээ нэг тэрбум ам.доллараас хэтрэхгүй.

Өөрөөр хэлбэл, нийт 34 тэрбум ам.долларын ердөө 1 нь дээрх хувийн хэвшилд ногдоно. Тэгэхдээ МИК-ын хувьд тус компанийн 17 хувийг Монголбанк эзэмшиж байсан санагдаж байна.

Өөрөөр хэлбэл, компанийн өр гэдэгт Монгол улсын төр баталгаа гаргасан, эсвэл гадаадын хөрөнгө оруулалт хамтарсан дэлхийн хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй цөөн компани л мөнгө босгох боломжтой болохоос дурын компани зээл авах боломжгүй юм. МИАТ, УБТЗ, Хөгжлийн болон төрийн банкууд, Эрдэнэс таван толгой гээд маш олон төрийн өмчит компаниуд аймшигтай их өр үйлдвэрлэж байна. Үүнийгээ төрд хамаагүй гэж хамгийн тэнэгийн амнаас гарах хариулт. Бас Оюу Толгойн 34 хувийг эзэмших зорилгоор авсан 12 тэрбум ам.доллар өр биш гэж нэг нөхөр нийгмийн сүлжээнд сүржигнэж харагдсан. Тэр гайхамшигт баталгаагаа ОУВС дээр очиж тайлбарла эсвэл Монголбанкны статистик гаргаж байгаа газар очиж үүнийг батал гэж зөвлөмөөр байна. Жишээ нь, нэг өрх гэртээ хөрөнгө оруулж зээлээр мужааны багаж аваад дархан хийж мөнгө олохоор шийдэж. Тэр мөнгийг зээл огт биш биш хөрөнгө оруулалт гэж ярьж яваа хүнийг хэн ч гайхна биз дээ.

Ийм л энгийн зүйлийг буруу зөрүү тайлбарлаж намдаа итгэл авах гэж боддог юм шиг байгаа юм. Одоо сонгогчид хэрсүү болсон, хэн нэгний худал ярианд молигодуулахгүй болсон гэдгийг хатуу хэлмээр байна.

– Чингис бондын өрийг ямартай ч төлж дуусгалаа шүү дээ.  Энэ бас нэг ололт мөн биз дээ?

Яг арав дахь жилдээ энэ бондоор улс төржиж байна. Энэ бонд бол Монгол Улсын нийт өрийн ердөө 4 хувь. Бусад 96 хувийг ярьж байна уу. Мэдээж үгүй. Харин ч эдийн засгийн хүндрэлтэй үед ажлын байр хадгалж, олон зуун бүтээн байгуулалт хийсэн. Хэрвээ бусад өрийн хувьд бүтээн байгуулалт юу хийв гэж асуувал хариулт байхгүй. Харамсалтай шүү. Мөн Дим сам, Самурай бонд гээд баахан улс төржиж байна уу. Нэгийг нь МАН-ын ерөнхий сайд асан Ж. Эрдэнэбат хамтарсан засагт сангийн сайд байхдаа босгосон. Нөгөөг нь Сангийн сайд Ч.Улааны үед босгосон юм шүү дээ. Тэд ямар шалтгаанаар босгосон тухайгаа тайлбарлах ёстой хүмүүс.

-Гадаад өрийн зохист хэмжээ гэж байх уу?

-Байлгүй яахав. Яг ийм тохиолдолд хувь ярина. Гадаад өрийн зохист хэмжээ улс орнуудын хувьд харилцан адилгүй байдаг хэдий ч дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-хээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхыг эрмэлзэж, хуульчилсан байдаг. Тухайлбал, Белорусс улсын хувьд гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 25 хувь, дотоод өр нь 20 хувиас хэтрэхгүй байдаг. Харин Монгол Улс 2010 онд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг баталж, улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан билээ. Энэ нь дэлхийн жишигт нийцэхүйц зохист хэмжээ бөгөөд манайхан “өрийн тааз” гэж нэрлэжээ. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улс төсвийн тогтвортой байдлын хуулийн үзэл санааг эвдэж дээрх заалтуудын хэм хэмжээг хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг. Тиймээс хуулийн үндсэн утгыг гээгдүүлж, “өртэйгээр хөгжих”, төсвийн мөчлөг дагасан тэлсэн бодлого хэрэгжүүлэх, төсвийн алдагдал ба өрийн хэмжээ хоорондын уялдааг хангалгүй хэрэгжүүлэх үндсийг тавьсан байдаг.

-Эдийн засгийн өсөлт сайн байгаа ч гадаад өрийн хэмжээ нэмэгдэх шалтгаан нь юу вэ?

-Аливаа улсын өрийн хэмжээ нь тухайн улсын эдийн засгийг дүгнэх чухал хэмжүүрийн нэг байдаг. Гадаад өр нэмэгдэх үндсэн шалтгаан нь “төсвийн алдагдал” юм. Төсвийн данхар зарлага өсөж, үүссэн алдагдлыг нөхөхын тулд Төр гадна, дотны санхүүгийн зах зээл дээрх чөлөөт эх үүсвэрийг хувийн хөрөнгө оруулагчидтай өрсөлдөж өндөр хүүтэй цохиж авдаг. Угтаа тэрхүү сул эх үүсвэр бүтээн байгуулалтад зориулагдаж, хүмүүсийг ажлын байраар хангаж байх учиртай юм. Ийнхүү ирээдүйд бий болох байсан "үндэсний үйлдвэрлэл" санхүүгийн эх үүсвэргүй шалтгаанаар зогсоход хөдөлмөр эрхлэлт буурч, дагаад иргэдийн амьжиргааны түвшин дордох нь гарцаагүй. Төрөөс төсвийн алдагдал нөхөхийн тулд татвараа нэмэх, гадаад, дотоодын санхүүгийн зах зээлээс хүүтэй зээл авах, шинээр мөнгө хэвлэх гэсэн цөөн замтай. Гэхдээ улсын төсөв хэлэлцэх үеэр зардлаа танаж “алдагдалгүй” батлах сайхан боломж байдгийг сонгогдсон тойрогтоо ямар нэгэн бүтээн байгуулалт хийж нэр хүндээ өсгөх амбицид хөтлөгдсөн УИХ гишүүд үл ойшооно. Татвар төлөгчдийн хувьд ч гэсэн энэ асуудалд өнөөг хүртэл онц ач холбогдол өгөхгүй явсаар ирлээ. Сөрөг хүчин болон зарим нэг эдийн засагчдын дуу хоолой нийтэд хүрэхгүй замхрах нь элбэг.

-Гадаад өр нэмэгдвэл ямар сөрөг үр дагавар дагалдах вэ?

Аливаа улсын гадаад өрийн хэмжээ тухайн улсын эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг. Тухайлбал, өрийн хэмжээ нэмэгдэхэд инфляц, ажилгүйдлийн түвшин өсөх, хадгаламж буурч, төсөв, мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлөх төдийгүй улс орны эдийн засаг болон тусгаар тогтнолд аюул учрах эрсдэл агуулдаг билээ. Гэтэл өнөөдөр валютын ханш огцом нэмэгдэж байгаад нийт өрийн үзүүлэх нөлөөллийн судалгааг Засгийн газар битгий хэл Монгол банк нь мэдэхгүй будлиж сууна. 2013 онд Тажикстан улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-хээ 50 хувиас давж, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн учраас гадаад өрийн зарим хэсгийг цуцлахын тулд Уулын-Бадахшаны тодорхой газар нутгийг БНХАУ-д шилжүүлснээр 2013 оны 5 сарын 6 өдөр өмнөд хөршийн цэргүүд тухайн нутаг дэвсгэрт нэвтэрч орсон талаар мэдээлж байв. Мөн 2017 оны 12 сарын 9 өдөр Шри-Ланк улс Хамбантотын боомтоо гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлөх зорилгоор 99 жилийн хугацаатай Хятадад хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү гадаад өрийн хэмжээ зохих түвшин давсан тохиолдолд улс орны эдийн засгийн макро үзүүлэлтүүд огцом буурч, нийгмийн амьдрал тогтворгүй болж, улс төрийн нөхцөл байдал хурцдах нөхцөл үүсдэг. Аливаа улс өр зээлийн дарамтад орсон тохиолдолд тулгарах эрсдэлийг эдийн засгийн тоон үзүүлэлтийг нуршилгүй авч үзвэл:

Нэгдүгээрт, Санхүүгийн эх үүсвэрээ бие даан зарцуулах эрхгүй болно,

Аливаа тусгаар улс иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх, улс орны хөгжил дэвшилд хүргэх боломжит хувилбарыг сонгож санхүүгийн нөөц, эх үүсвэрээ чөлөөтэй зарцуулах боломжтой байх нь чухал. Гэтэл “өрийн урхи”-нд орсон засгийн газар санхүүгийн бүхий л нөөц боломжоо зөвхөн өр зээлийн асуудлаа эцэслэн дайчлан шийдвэрлэхээс өөр гарцгүй болно. Өрөө төлөөгүй нөхцөлд зээлийн алдагдал нэмэгдэж, санхүүгийн эх үүсвэр улам бүр үнэтэй болдог.

Хоёрдугаарт, Бүрэн эрхт байдлаа алдах эрсдэл тулгарна,

Улс орны санхүүгийн асуудал нь бусдаас хараат болсон тохиолдолд улс орны тусгаар тогтнол өндөр эрсдэлтэй байна гэсэн үг. Хэдийгээр өнөө үед өрөөс шалтгаалаад тусгаар тогтнолоо алдах асуудал төсөөлөх аргагүй мэт санагдаж болох юм. Гэвч түүх сөхөж, үзье. 1862 оны 5 сарын 5 өдөр Мексикийн 4000 орчим цэрэг Францын армийг бут цохижээ. Энэ өдрийг Cinco de Mayo буюу Мексикийн тусгаар тогтнолын баяр хэмээн өргөнөөр тэмдэглэж байна. Мексик Францад төлөх өр төлбөрөө хойшлуулмагц 2 орны хооронд дайн эхэлсэн юм. Хэдийгээр өнөөдөр ийм түүх давтагдах боломжгүй ч гадаад өрийн хараат байдал аливаа улсын төрийн эрх мэдэлд нөлөөлөх хүртэл хэмжээнд хадгалагдаж байна. Энд Грек улсын жишээг дурдаж болох юм. 2009 онд Грекийн гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 113 хувьтай тэнцсэнээр "Өрийн хямрал" эхэлсэн түүхтэй. 2015 онд ОУВСангийн 1,54 тэрбум еврогийн зээлээ төлөх боломжгүй болсноо зарлах үед ажилгүйдлийн түвшин туйлдаа хүрч, нийгмийн амьдралд үймээн самуун даамжирч, улс орныг удирдах эрх мэдлийн тодорхой хэсгийг гадаадын зээлдүүлэгчдийн эрх мэдэлд шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагууд (S&P, Fitch и Мoody’s) Грек улсын бондын зэрэглэлийг хөрөнгө оруулагчдын хувьд асар өндөр эрсдэлтэй ССС болгож бууруулав. Ийм бондыг “хог” гэж нэрлэх бөгөөд огт борлогддоггүй. Ер нь хөрөнгө оруулагчдын хувьд анхаардаг сөрөг хүчин зүйлийн тоонд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалсан нийгмийн хурцадмал байдал ордог.

 Гуравдугаарт,​ Ирээдүйгүй улсын жагсаалтад багтана,

Гадаад өрийн хэмжээ улс орны ирээдүйн хөгжил хоёр хоорондоо салшгүй холбоотой. Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумсалж байгаа нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеэ эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа явдал юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан