Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УГТЭ-т жилд 24 мянга гаруй хүн хэвтүүлэн эмчилж, 6500 орчим мэс засал хийдэг

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үндэсний хэмжээнд зүрх, мэдрэлийн лавлагаа төвийн үүргийг гүйцэтгэдэг Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын бодлогын хэрэгжилт, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, эмчилгээ  оношилгооны шинэ арга технологиудын явцын талаар тодорхой мэдээлэл авч, эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдэх зорилгоор яамны Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн даргаас гадна ЭМДЕГ-ын удирдлага гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллав.

Эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, шинэ технологи, иноваци, хүний нөөц, нийгмийн баталгаа, үндэсний хэмжээний лавлагаа тусламж үйлчилгээний байдал,  тулгамдаж буй асуудлын талаар гүйцэтгэх удирдлагын багтай хийсэн уулзалтын үеэр Ц.Төмөр-Очир захирал тодорхой танилцуулав. 

Тус эмнэлэг нийт 810 ажиллагсадтай. Тэднийг 198 нь эмч, 398 нь буюу нийт ажиллагсдын 49.1 хувь нь сувилагч тусгай мэргэжилтэн, төгсөлтийн дараах сургалтын 237 резидент эмч ажиллаж жилдээ 24 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, 154 мянга шахам хүнд оношилгоо, эмчилгээ, 6500 орчим мэс засал хийдэг. Тус эмнэлэгт зүрх судасны мэс засал эмчилгээнд орох үйлчлүүлэгчийн тоо жилээс жилд нэмэгдэж дунджаар 330 гаруй нээлттэй хагалгааг хийж байна. Мөн титэм судасны хүнд хэлбэрийн хагалгаа, зүрхний хэм алдагдлын оношилгоо, эмчилгээний тоо өсөж байна.

Зүрх, мэдрэлийн үндэсний хэмжээний лавлагаа төвийн хувьд зүрхний шигдээс, тархины харвалтын төрөлжсөн тусламж үйлчилгээний ачаалал нэмэгдэж, мэдрэлийн мэс засал жилд 1500-гаас дээш тоогоор хийдэг нь гадагшаа явах урсгалыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж байгаа үзүүлэлт гэдгийг эмнэлгийн дарга танилцуулсан.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хувьд эмчилгээ, оношилгооны шинэ технологийг нэвтрүүлж, нутагшуулах, эмч мэргэжилтнүүдээ сургаж чадавхижуулах, гадаадын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарч, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийг манлайлж ажилладаг. Мөн эмч нараа гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургах, гаднаас зочин профессорын баг урьж ажиллуулах, хамтарч мэс засал хийх зэргээр боломж бүрийг ашигладгаараа давуу юм. 

Тэр хэрээр тодорхой ахиц дэвшил гарч буй. Тухайлбал, Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төслийн үр дүнд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний чадавхи сайжирч, нас баралт 8,0 хувиар буурсан, зүрхний эмч нарын үндэсний сүлжээ бий болсон зэргийг дурдаж болно. 

Цаашид өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчнийг бууруулахад Зүрх судасны төв барих зайлшгүй шаардлага байгааг УГТЭ-ийнхэн танилцуулсан.

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоор ахлуулсан ЭМЯ-ны удирдлагын баг тус эмнэлгийн Яаралтай тусламж, Тархины харвалт, Зүрхний шигдээсийн тасгуудаар орж үйл ажиллагаатай нь танилцаж, эмнэлгийн нийт ажиллагсадтай уулзалт хийлээ.

Эмнэлэг хооронд өвчтөн солилцох 13А маягтыг шаардахгүй болсноор ачаалал эрс ихэссэн, хөдөө орон нутгаас ирж буй зүрхний шигдээс, тархины харвалтын тохиолдлын 80 хувь нь тус эмнэлэгт ирж байгаа зэргийг эмч нар ярьсан.

С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарт өнгөрсөн 2023 онд эхлүүлсэн хууль эрх зүйн шинэчлэл, авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнийхээ талаар танилцуулсан.

Ирэх сарын 1-нээс хэрэгжих Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулиар лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хувьд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, ялангуяа зүрх судасны өвчин, тархины харвалтаас урьдчилан сэргийлэх нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр иргэдийг хангах ажлыг өргөн далайцтай хийхийг эмч нараас хүсч, сайдын зүгээс бүхий л боломжоороо дэмжинэ гэдгээ хэлсэн.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Эрүүл мэндийг дэмжих сангийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, төвлөрөх хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлснээр Монголд эмчлэх боломжгүй эмчилгээ оношлогооны шинэ технологи нэвтрүүлэх ажлыг тодорхой хэмжээгээр дэмжих боломж гарсныг эмч нарт танилцууллаа.

Мөн эрүүл мэндийн салбарт анх удаа нэвтрүүлж буй үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэхэд Шастины эмнэлгийнхэн манлайлж ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн заалтуудыг оруулахаас гадна амь нас, эрүүл мэндээ эрсдэлд орохоос үл эмээн бусдын төлөө зүтгэж буй эмнэлгийн ажилтнуудад зориулсан эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх талаар тодорхой зүйлийг хийж буйгаа ярьсан. 

Мөн эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй санхүүжилтийн асуудал, шаардлагатай тоног төхөөрөмж, унаа машинаар хангах, эмч, сувилагчдыг сургалтад хамруулах, шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулахад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх зэрэг асуудлыг үе шаттайгаар шийднэ гэдгийг хэлж Польш улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн хэвтрийн өвчтөн тээвэрлэх иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машиныг гардуулж өглөө.

Эмч ажиллагсдын зүгээс ур чадварын нэмэгдэл олгох журмыг яаралтай батлах, орон нутгаас ирж буй зүрхний өвчний тусламж үйлчилгээний ачааллыг жигд хуваарилахад анхаарах, ангиограф зэрэг зарим нэг өндөр өртөгтэй тоног төхөөрөмжтэй болоход дэмжлэг үзүүлэх, эмч, ажиллагсдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, оношлогоо эмчилгээнд цацрагийн багаж тоног төхөөрөмж өргөн ашигладаг болсонтой холбоотойгоор эмнэлгийн физикч ажиллуулах зэрэг саналыг тавьсныг судалж, шийдвэрлэх үүргийг яамны газар, хэлтсийн дарга нарт өглөө. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан