Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэргэшлийн зөвлөлөөс мэргэжилтний эрхийн үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо. Тус зөвлөл нь үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ эрхлэх мэргэжилтэнд эрх олгох, аттестатчилах, сургалтын хөтөлбөр батлах, шалгалт зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хурлаар мэргэжилтэнд эрх олгох сургалт, шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, зохион байгуулалтын уялдаа, үр нөлөөг нэмэгдүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлыг хэлэлцлээ. Мөн энэ сард зохион байгуулах сургалтын шалгалтын комиссыг томилж, мэргэжилтний эрхийн үнэмлэхийг цахим гэрчилгээний хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэв. Ингэснээр цахим хуудсаар дамжуулан гэрчилгээний хүчинтэй эсэхийг нээлттэй шалгах боломж бүрдэх бөгөөд уг ажлыг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хариуцан хэрэгжүүлэхээр боллоо.

Мэргэжилтний эрхийн үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлэх нь салбарын үйлчилгээний ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээс гадна мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэргэжлийн хяналт, баталгаажуулалтыг шуурхай, үр ашигтай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх зорилгоор Мэргэшлийн зөвлөлийг байгуулан, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран 2011 оноос эрх олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 1,932 иргэн үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэх эрхтэй байна. Мэргэшлийн зөвлөлийг Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд СЗХ-ны Компанийн засаглал, комплайнсын хэлтсийн дарга А.Авир, Үнэт цаасны газрын ахлах референт Б.Төмөрхуяг, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Буянхишиг, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Өлзийдэлгэр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Т.Мөнхзаяа, СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор Б.Мөнхзаяа, Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Дашдорж нар ажиллаж байна.

Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтнүүдэд эрх олгох сургалт энэ оны 5, 11 дүгээр сард, мэргэшлийн шалгалт 3, 5, 9, 11 дүгээр сард тус тус зохион байгуулагдах хуваарьтай бөгөөд та бүхэн эрх олгох сургалт, шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээ мэдээлэлтэй Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны албан ёсны цахим хуудас /www.masd.mn/-аар дамжуулан бүрэн танилцах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан