Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд, Богд уулын өвөрт байгуулагдах Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Төслийн хүрээнд нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй хоногт 3000 м³ ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импэкс” ХХК гүйцэтгэж байгаа билээ. Одоогийн байдлаар барилга байгууламжуудын суурийн ажил бүрэн дуусаж, өрлөгийн ажил үргэлжилж байгаа буй бөгөөд цэвэр усны насосны системийн суурилуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
“Комфорт импекс” ХХК-ийн зөвлөх инженер Батчулуун хэлэхдээ “Цэвэрлэх байгууламжийг барихдаа бетон зуурмагийн үйлдвэрийг дэргэдээ ажиллуулдаг учир төсөл маань шуурхай бөгөөд хараат бус ажиллах боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар ажил маань 35 гаруй хувьтай, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Мөн 10/4 дэд станцын барилгын ажил 90 хувь, Захиргаа аж ахуйн барилгын ажил 75 хувьтай байгаа. Материал татан авалт 75 хувьд хүрч, гадаад захиалгуудыг бүрэн хийж дуусгасан. Захиалагчийн өгсөн чиглэл, үүргийн дагуу технологийн дагуу ажлаа явуулж байна” гэв.

Тус цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор 35-40 мянган хүн амын ахуйн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай болох бөгөөд цэвэрлэх байгууламжаас гарах усыг 98 хувь хүртэл гүн цэвэршүүлж, хөрсөнд шингээлгүйгээр 8.8 км-ийн зайд голын урсгалд нийлүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчмын шувуу, мал, амьтнаас үүдэх эрсдэлийг бууруулж, нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангах ач холбогдолтой.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан