
Аймгийн Цагдаагийн газрын шинэ барилга Улсын төсвийн 5 тэрбум 147 сая төгрөгийн төсөвт өртөгөөр 2024-2026 онд баригдаж хугацаанаасаа өмнө ашиглалтад оров.
Шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Түвшин, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Баттөмөр, ЦЕГ-ын дарга асан, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, барилгын гүйцэтгэгч “Дэлгэрэх төгс хийц” ХХК-ийн төлөөлөл, Цагдаагийн газрын үе үеийн алба хаагчид оролцлоо.
Тус барилга нийт 2000 метр квардрат талбайтай, 3 давхар, дулаан граш, хурлын заал, алба хаагчдын 40 гаруй өрөө, бялдаржуулах танхим, зэвсэг хэрэгсэл, архивын өрөөтэй, металл фасадаар өнгөлсөн.
Мөн гадна орчны тохижилт хийгдсэн, ногоон байгууламж, жагсаалын талбайтай.
Барилгын нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр:
2023 онд Хууль зүйн яамнаас шийдвэрлэсэн энэхүү барилгын зураг төслийг тухайн ондоо хийлгэж, 2024 оноос баригдаж эхэлсэн. ЦЕГ-аас дотоод тохижилт, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэлээр хангасан. Аймаг орон нутгийн зүгээс дутагдалтай байгаа техник хэрэгсэл бусад хангамжийг шийдвэрлэнэ гээд шинэ барилгыг ашиглалтад ороход дэмжлэг үзүүлсэн Хууль зүй дотоод хэргийн яам, албан байгууллага, алба хаагчдад талархал илэрхийлэв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Түвшин алба хаагчдад компьютер, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Баттөмөр 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.


























