Нийслэлийн дагуул хот байхаар төлөвлөгдөж буй Хүннү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшгийн хөндийд, Богд уулын өвөрт сүндэрлэн байгуулагдаж байна.
Хотын бүтээн байгуулалтын суурь дэд бүтэц болох эрчим хүчний найдвартай хангамжийг шийдвэрлэх хүрээнд 220/110-35 кВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар бүтээн байгуулалтын явц 95 хувьд хүрээд байна. Мөн Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус дэд станц нь 110/35/10 кВт-ын 2x40 МВт хүчин чадалтай бөгөөд кабель шугамын угсралтын ажил бүрэн дууссан байна.
Эдгээр бүтээн байгуулалт ашиглалтад орсноор эрчим хүчний найдвартай, тасралтгүй хангамжийг нэмэгдүүлэхээс гадна төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн хүчин чадлыг өргөтгөх чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн Хүннү хотын эрчим хүчний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах зорилтын хүрээнд 100 МВт-ын нарны үүсгүүр, 90 МВт хүчин чадалтай, 360 МВт.ц багтаамж бүхий батерей хуримтлуурын станцыг 47.8 га талбайд байгуулахаар төлөвлөж байна. Уг станц ашиглалтад орсноор Хүннү хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангахын зэрэгцээ цаашид нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг нөхөхөд бодит хувь нэмэр оруулах юм.
Хүннү хотыг 150 мянган оршин суугчтай, 80 мянган ажлын байртай орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Тус хотын “Aerocity” хөгжлийн бүсд эдийн засгийн чөлөөт бүс, амралт, аялал жуулчлалын бүс, олон нийт худалдаа үйлчилгээний бүс, засаг захиргааны бүс, оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, зах, худалдаа, бөөний төвийн бүс, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго бүс, аж ахуй нөөц бүс зэрэг байхаар төлөвлөгджээ.

























