Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, эрүүл, чанартай хоол үйлдвэрлэх, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг тэтгэх, үндэсний идээ, ундааны соёлыг хадгалах, түгээх үүргээ нэр төртэй гүйцэтгэж, олон арван ажлын байр бий болгож байгаа үе үеийн хамт олонд талархал илэрхийллээ.
Тэрбээр өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Хоол үйлдвэрлэлийн салбарт 3,200 гаруй аж ахуйн нэгж ресторан, кафе, кофе шоп, цайны газар, баар, лоунж, шөнийн клуб, паб, катеринг үйлчилгээ, сүлжээ түргэн хоол, гудамжны хоол үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн сүлжээ, салбарын онцлог бүхий IT, технологийн шийдэл, мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ зэрэг 20 гаруй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Цаашид бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, салбарын оролцоог нэгтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхийг зорьж байгааг Монголын ресторан, зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх хэллээ.
Энэ салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3 хувийг бүрдүүлдэг бөгөөд борлуулалтын орлого нь 1.8 их наяд төгрөгт хүрч, 48,500 шууд ажлын байр, шууд бусаар 85,000 орчим ажлын байр бий болгодог.
2030 он гэхэд зочлох үйлчилгээний салбарын өсөлтийг 50 гаруй хувиар нэмэгдүүлж, шинээр 25,000 гаруй ажлын байр бий болгож, борлуулалтын орлогыг 1.5 дахин өсгөх зорилт тавьжээ.
Манай айраг исгэх уламжлалт арга, зан үйл ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Удахгүй хорхогийг Гиннесийн дэлхийн дээд амжилтад бүртгүүлэхээр төлөвлөсөн байна.
Мэргэжлийн холбоо хоолны өв соёлыг хадгалах, судлах, баримтжуулах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад таниулах зорилгоор Үндэсний хоолны судалгаа, хөгжүүлэлт, сургалтын төв байгуулах болжээ.
Энэ нь үндэсний хоолны соёл, зочлох үйлчилгээний салбар, аялал жуулчлал, үндэсний брэнд хөгжихөд чухал ач холбогдолтой гэж Монголын ресторан, зоогийн газрын холбоо үзэж байна.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үндэсний хэмжээний одны зэрэглэлийн системийг ирэх оноос нэвтрүүлж, эхний ээлжинд ресторан, кофе шоп, баар, үйлчилгээний дөрвөн төрлийг хамруулна.
Салбарын аж ахуйн нэгжүүд олон улсын стандарт, шинэ технологи, үйлчилгээ, мэргэжлийн сургалт нэвтрүүлэхэд гадаад зөвлөх, мастер тогооч, сургалтын багш шаардлагатай байдаг. Иймээс гадаадаас ажиллах хүчин авч ажиллуулах асуудлыг либералчлах нь зүйтэй гэж үзжээ.
Мөн цагийн ажилтан, оюутан болон тэтгэврийн насны хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, татварын орчны шинэчлэл хийх, импорт, хил, гаалийн зөвшөөрөл болон хяналт шалгалтын давхардлыг бууруулах нь зүйтэй гэж салбарынхан хэлж байлаа.
Хоол үйлдвэрлэл болон зочлох үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд ирэх намар болох COP17 бага хурлын үеэр нэгдсэн зохион байгуулалтад орж үйлчилгээ үзүүлэх юм байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн “Блью мон” ХХК-ийн Нийтийн хоолны нэгтгэлийн захирал Болдын Цогзулд Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.



























