Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.06) 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, ил тод байдал, иргэдийн оролцоог өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, 2026 оны хаврын ээлжит чуулганыг иргэн төвтэй, нээлттэй парламентын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгож, эдийн засаг, бизнесийн орчин, иргэдийн амьжиргааг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийн чуулган болсныг онцлов.

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурал нийт 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдааныг зохион байгуулж, 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Төлөвлөсөн 35 удаагийн нэгдсэн хуралдааныг бүрэн зохион байгуулж, чуулганы дундаж ирц 82 хувь хүрсэн нь өмнөх намрын чуулганы үзүүлэлтээс 5 хувиар өссөн болохыг танилцууллаа. Мөн хаврын чуулганаар нийт 278 хууль, тогтоомж баталж, иргэдийн орлого, бизнесийн орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, байгаль орчин зэрэг салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх суурийг бүрдүүлсэн байна. Батлагдсан хууль тогтоомжийн дотор анхдагч хуулиуд, шинэчилсэн найруулга, хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд багтаж байгааг тэмдэглэв. 

Иргэд, аж ахуйн нэгжийг дэмжсэн эрх зүйн шинэчлэлүүдийг хэрэгжүүлэв

Хэвлэлийн бага хурлын үеэр хаврын чуулганаар баталсан онцлох хууль тогтоомжийг танилцууллаа.Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Онцгой албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, татварын багц шинэчлэлийг баталснаар татварын шатлалыг өөрчилж, иргэдийн орлогыг хамгаалах, бизнес эрхлэх орчныг сайжруулах томоохон шинэчлэлийг хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд 1.3 сая татвар төлөгч иргэн жил бүр татварт төлдөг байсан 2 сая төгрөгөө өөртөө үлдээж, өрхийн амьжиргаандаа зарцуулах боломж бүрдсэн бөгөөд анхны орон сууц худалдан авч буй иргэдийг татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчин бүрдсэнийг онцоллоо. 

Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлан төр, хувийн хэвшлийн харилцааг тодорхой болгож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, бизнесийн орчин тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой болж, хөрөнгө оруулалтыг дэмжих суурь зохицуулалтыг бүрдүүлсэн байна. Үүний зэрэгцээ зөвшөөрлийн тогтолцоог хөнгөвчилж, төрийн зохицуулалтын давхардлыг бууруулах, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах бодит боломж бий болсныг тодотгов. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай анхдагч хуулиудыг баталсан нь эрхтэн шилжүүлэн суулгах болон донорын тогтолцоог боловсронгуй болгож, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах эрх зүйн орчныг шинэ шатанд гаргасан чухал шийдвэр гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлалгүйгээр дэмжих, гэр бүлийн хөгжлийг төрөөс цогцоор нь дэмжих эрх зүйн орчин бий болжээ. Мөн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулсан байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталснаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэнийг дурдлаа. Мөн Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн үндсийг бүрдүүлжээ. Үүнээс гадна Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль зэрэг олон чухал хууль батлагдаж, нийгмийн хамгаалал, инновац, үндэсний хэмжээний томоохон төслүүдийг дэмжих эрх зүйн шинэчлэлүүд хэрэгжсэнийг танилцууллаа. 

Парламентын хяналт, ил тод байдлыг шинэ шатанд гаргав

Улсын Их Хурал парламентын үндсэн чиг үүргийн нэг болох хяналт, шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Асуулгын цаг”-ийг гурван удаа зохион байгуулжээ. Мөн нийслэл Улаанбаатар хотын 2024–2026 оны хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалт, Малчны тухай хуулийн хэрэгжилт зэрэг асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. 

Хэвлэлийн бага хурлын үеэр парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлүүдийг мөн танилцууллаа. И-Монголиа системд “Нээлттэй парламент” цэсийг шинээр нэвтрүүлснээр иргэд хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, нийтийн өргөдөл санаачлах, парламентын үйл ажиллагаанд цахимаар оролцох боломж бүрдсэн байна. Түүнчлэн Parliament.mn цахим сайтыг шинэчилж, чуулган болон Байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудал, танхим дахь гишүүдийн ирц, санал хураалтын дүн, гишүүн бүрийн санал, ирцийн мэдээллийг бодит цагийн горимоор олон нийтэд нээлттэй болгосныг онцоллоо. 

Хаврын чуулганы хугацаанд нийт 122 удаагийн Байнгын хорооны, 20 удаагийн дэд хорооны, 236 удаагийн ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулж, хууль тогтоомжийн төслүүдийг өргөн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн санал хураалтад хамгийн олон удаа биечлэн оролцсон гишүүдийг Х.Тэмүүжин манлайлж, эмэгтэй гишүүдийг Д.Энхтуяа тэргүүлсэн бөгөөд ажлын хэсгийг хамгийн олон удаа ахалсан гишүүдээр Х.Баасанжаргал, Д.Энхтүвшин тодорсныг мэдээлэв. 

Хэвлэлийн хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай нар оролцож Байнгын хороодоос хийж хэрэгжүүлсан ажлын үр дүнг танилцуулсан юм.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хаврын чуулган иргэн төвтэй, нээлттэй парламентын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгож, эдийн засаг, бизнесийн орчин, иргэдийн амьжиргааг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийн чуулган байсан гэдгийг онцлон дүгнэж, парламент өөрөө шинэчлэгдэж, өөрөөсөө хариуцлага нэхдэг тогтолцоог төлөвшүүлэх нь төрийн бусад байгууллагад манлайлал үзүүлэх үндэс болно хэмээлээ. Цаашид хүн төвтэй хууль тогтоомж баталж, иргэдээ сонсдог, ил тод, хариуцлагатай парламентын төлөө тууштай ажиллахаа мэдэгдээд, хаврын чуулганы үйл ажиллагааг олон нийтэд шуурхай хүргэж ажилласан сэтгүүлчдэд талархал илэрхийлээд, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан