Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны XIX хуралдаан болов

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны XIX хуралдаан боллоо. 

Хурлын эхэнд УИХ-ын дарга Б.Бямбацогт үг хэлэхдээ бэлтгэл ажлыг бүрэн хангаж, бага хурлыг амжилттай зохион байгуулахаас гадна Монгол Улсад бодит үр дүн, үр өгөөжтэй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Тэрбээр "COP17 бол Монгол Улсын цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн хомсдол, усны асуудлыг дэлхийн анхаарлын төвд хүргэж, эдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай төсөл, хөтөлбөр, санхүүжилт татах чухал боломж юм. Тухайлбал, говийн бүсийн усны хангамжийг нэмэгдүүлэх тэргүүтэй томоохон төслүүдийг танилцуулж, бодит хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад онцгой анхаарах хэрэгтэй" гэв.

Хурлын үндсэн үйл ажиллагаа 2026 оны 08 дугаар сарын 17-нд албан ёсоор нээлтээ хийнэ.

Бүтээн байгуулалтын ажлын явц 97 хувьтай, аюулгүй байдлыг хамгаалах ажил 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Цэнхэр бүсийн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж НҮБ-д хүлээлгэн өгчээ.

Харин зам тээвэр, логистикийн дэд хороог Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай ахалж байгаа бөгөөд дараах зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тус дэд хороо нь бага хурлын зочид, төлөөлөгчид, оролцогчдын унаа, нийтийн тээвэр, замын хөдөлгөөний зохицуулалт, зам, тээврийн аюулгүй байдал, хамгаалалтын бэлэн байдлыг хангах, зохион байгуулах чиг үүрэгтэй ажилладаг.

Энэ чиг үүргийнхээ хүрээнд 160 автобус, 150 суудлын автомашинаар үйлчилж байгаа аж.

COP17 ХУРЛЫН ҮЕЭР ТОДОРХОЙ ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

Бага хурал 12 өдрийн турш үргэлжилнэ. Энэ үеэр дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хаахаар болсон.

Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

Иргэд болон гадны зочид, төлөөлөгчдөд үйлчлэх автобус, автомашинуудад тусгай тэмдэг наах бөгөөд Үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар хурлын үеэр ажиллах төрийн албан хаагчид, үйлчилгээнд явах жолооч зэрэг зохион байгуулалтын баг бүрэлдэхүүний бэлэн байдлыг танилцууллаа.

Мөн энэ үеэр такси үйлчилгээ эрхлэгчдэд зөвшөөрөл өгөх, төлбөр тооцооны системийг хэрхэн зохицуулах талаар хэлэлцэн, энэ талаар судлахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир үүрэг болголоо гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17 Mongolia

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан