Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд БНХАУ, БНСУ, Япон Улсын Байгаль орчны сайд нарын гурван талт уулзалт (TEMM)-ын Элсэн болон шороон шуурганы I, II дугаар ажлын хэсгийн олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр буюу наймдугаар сарын 20-нд Ногоон бүсийн Цагаадай танхимд боллоо.

Байгаль орчны сайд нарын гурван талт уулзалт буюу TEMM нь 1999 оноос хойш Зүүн Хойд Азийн орнуудын байгаль орчны хамтын ажиллагааг бэхжүүлж, бүс нутгийн хэмжээнд тулгамдсан нийтлэг асуудлыг хамтран шийдвэрлэх чиглэлээр ажиллаж ирсэн механизм юм.

TEMM-ийн хүрээнд байгуулагдсан Элсэн болон шороон шуурганы I, II дугаар ажлын хэсэг 2008 оноос хойш элсэн болон шороон шуурганы хяналт-шинжилгээ, хамтарсан судалгаа, урьдчилан мэдээлэх тогтолцоог хөгжүүлэх, шинжлэх ухааны мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна.

Монгол Улс уг хамтын ажиллагаанд ажиглагч улсын хувиар тогтмол оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа шинжилгээний мэдлэг, туршлага солилцоход хувь нэмэр оруулж иржээ.

Нээлттэй хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлт болон элсэн, шороон шуурганы харилцан хамаарал, түүний нөлөөллийг үнэлэх, урьдчилан таамаглах арга технологийн сорилт, бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх боломж зэрэг асуудлыг хэлэлцэв.

Энэхүү арга хэмжээ нь элсэн болон шороон шуурганы гол эх үүсвэр бүс нутгийн нэг болох Монгол Улсад, тэр дундаа UNCCD COP17-ын хүрээнд анх удаа зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр TEMM-ийн ажлын хэсгүүдийн олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, шинжлэх ухааны судалгаа, хяналт-шинжилгээ, урьдчилан мэдээлэх чиглэлд гарсан ахиц дэвшлийг танилцуулсан байна. Мөн элсэн болон шороон шуурганы хил дамнасан нөлөөллийг бууруулахад улс орнуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо чухал болохыг онцлов.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр элсэн болон шороон шуурганы эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа тул цаашид хамтарсан судалгаа, хяналт-шинжилгээ, мэдээлэл солилцоо болон урьдчилан мэдээлэх тогтолцоог бэхжүүлэх нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн нийтлэг сорилтыг даван туулахад чухал ач холбогдолтойг оролцогчид тэмдэглэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан