Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов

Улаанбаатар хотноо болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-д дэлхийн 200 орчим орны төлөөлөгч оролцож, газрын доройтол, гангийн эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд газар, усны нөөцийг хамгаалах, хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хэлэлцлээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын мэдээллээр дэлхийн хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтолд орсон байна. Түүнчлэн арваад жилийн өмнө гангийн өндөр эрсдэлтэйд тооцогддоггүй байсан бүс нутгуудад ч хуурайшилт нэмэгдэж байгааг тус конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад онцолжээ. Түүний хэлснээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ган илүү ойр ойрхон тохиолдож, хүчтэй болж, үргэлжлэх хугацаа нь уртасч байна.

COP17-ийн үеэр эрүүл хөрс ус шингээж, хадгалах чадвартай учраас гангийн үед газар тариалан, бэлчээр болон байгалийн экосистемийг хамгаалахад чухал үүрэгтэйг мэргэжилтнүүд онцолсон байна. Харин доройтсон хөрс ус тогтоох чадвараа алдаж, хур тунадас багасах болон температур нэмэгдэх үед гангийн нөлөөг улам хүндрүүлдэг аж. Газрын доройтол нь мөн шороон болон элсэн шуурганы эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзэж байна.

Хурлын үеэр бэлчээрийг хамгаалах, сэргээх 45 төсөлд нийт 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт төвлөрүүлэх санаачилга эхлүүлжээ. Мөн Азийн хөгжлийн банк Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтолтой тэмцэхэд хоёр тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн байна. Дэлхийн хуурай газрын 54 хувийг бэлчээр, хээр тал болон мал аж ахуйд ашигладаг бусад газар эзэлдэг бөгөөд эдгээр бүс нутаг хоёр тэрбум орчим хүний амьжиргаатай холбоотой аж.

Гэвч дэлхийн хэмжээнд газрыг нөхөн сэргээхэд шаардлагатай санхүүжилт хангалтгүй хэвээр байна. НҮБ-ын тооцоогоор 2030 он хүртэл тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд жил бүр 355 тэрбум ам.доллар шаардлагатай боловч одоогоор 77 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь 278 тэрбум ам.долларын зөрүү үүсгэжээ. COP17-ийн үеэр мөн гангийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх төсөлд төр, хувийн хэвшлээс 400 сая ам.доллар хүртэлх хөрөнгө татах шинэ санхүүжилтийн механизм зарласан байна.

Харин хурлын гол маргаантай асуудлын нэг болох гантай тэмцэх дэлхийн хэмжээнд хууль зүйн хувьд заавал биелүүлэх гэрээ байгуулах эсэхэд орнууд нэгдсэн шийдэлд хүрсэнгүй. Энэ асуудлыг хоёр жилийн дараа Египетэд болох дараагийн бага хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ. Өмнөх хурлаар ч мөн энэ асуудлыг хойшлуулж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан