Дижитал шилжилт, технологи суурьтай үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк Global Finance – Best Digital Bank Awards-аас 2026 оны “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар дахин шалгарч, амжилтаа бататгалаа.
Энэ жилийн ялагчдыг дижитал хэрэглэгчдийг татах стратеги бодлого, шинэлэг дижитал бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэлт, нэр төрөл, хамрах хүрээ, дижитал хэрэглэгчдийн тоон өсөлт, дижитал шийдлүүдийн бодит үр өгөөж болон вэбсайт, мобайл загвар дизайн, үйл ажиллагаа зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн тодруулжээ. Мөн зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Infosys компанийн шүүгчдийн бүрэлдэхүүн болон Global Finance сэтгүүлийн редакторууд хамтран шилдгүүдийг тодруулснаараа онцлог болсон юм.
Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, инновац шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын банк санхүүгийн салбарт анхлан нэвтрүүлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд бид харилцагч, хамтрагч байгууллагууддаа Дижитал банк, Нээлттэй банк, Дэд бүтэц хуваалцах үйлчилгээ, Агент банк гэсэн дөрвөн үндсэн технологид суурилсан бизнесийн загварыг санал болгож байна. Мөн иргэд, харилцагчдынхаа онлайнаар үйлчилгээ авах нөхцөлийг илүү сайжруулан өөрийн дижитал банкны үйлчилгээнд системийн бүрэн шинэчлэл хийж, хэрэглээнд амжилттай нэвтрүүллээ. Уг шинэчлэлтээр egolomt.mn болон Smart Bank аппликэйшнд хамгийн сүүлийн үеийн технологиудыг ашигласан үйлдлийн систем, аюулгүй байдлын олон шийдлийг нэвтрүүлсэн бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн найдвартай системээр харилцагчийн хувийн мэдээллийг хамгаалдаг болсныг дуулгахад таатай байна.
“Банкнууд хиймэл оюун ухаан, автоматжуулалт, дэвшилтэт өгөгдлийн аналитикийн хэрэглээг өргөжүүлсэн нь дижитал банк, санхүүгийн салбарын хамгийн чухал чиглэлүүдийн нэг болсон. Хэрэглэгчид хурдтай, тасралтгүй, саадгүй дижитал үйлчилгээ авахыг эрмэлзсээр байгаа нь банкнуудад инновац нэвтрүүлэх, үйл ажиллагааны тэсвэртэй, аюулгүй, уян хатан байдлыг бэхжүүлэхэд түлхэц болж байна. Global Finance сэтгүүлээс онцолсон 2026 оны шилдэг дижитал банкнууд нь дэлхий даяар дижитал банкны шинэ стандартыг тогтоож буй манлайлагч байгууллагууд юм.” хэмээн Global Finance сэтгүүлийн үүсгэн байгуулагч, редакцын захирал Жозеф Жиаррапуто онцоллоо.
Түүнчлэн шилдгээр шалгарсан банкнуудын ололт амжилтыг шинжлэн үзэхэд дижитал банкны хөгжлийн дараагийн арван жилийг тодорхойлох дөрвөн үндсэн тулгуур тодорхой харагдаж байгааг онцолсон бөгөөд үүнд:
· Урьдчилан таамаглах санхүүгийн үйлчилгээ ба танин мэдэхүйн хэрэглэгчийн туршлага (UX)
· Алгоритмд суурилсан зээлийн эрсдэлийн үнэлгээ
· Нээлттэй банкны дэд бүтэц, экосистем болон необанкны нэгдэл
· “Zero-Trust” аюулгүй байдал ба алгоритмд суурилсан залилангийн эсрэг хамгаалалт.
























