
Энэ удаагийн хурал цаг агаарын нөхцөл байдал, баавгайн асуудал, иргэд олон нийтэд учирч болзошгүй аюул эрсдлийг бууруулах хяналт шалгалтын тайлантай танилцах, сумдад туулах чадвар сайтай автомашин авах зэрэг асуудлуудын хүрээнд боллоо.
Сүүлийн өдрүүдэд аймгийн хэмжээнд нойтон цас их орсноос Завханмандал, Ургамал сумдаас бусад суманд 1-30 см цасан бүрхлүүл тогтоод байна.
Өнөөдөр өглөөний 08 цагийн байдлаар Баянтэс, Тэс, Сонгино, Түдэвтэй, Баянхайрхан сумдад цасны зузаан хамгийн их буюу 22-30 см байна.
Төрийн үйлчилгээг алслагдсан багийн иргэд, малчдад шуурхай хүргэх, байгалийн давагдашгүй хүчин зүйл, өвөлжилтийн нөхцөл байдлын эрсдэлд бэлэн байх зэрэг зайлшгүй хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс туулах чадвартай автомашинуудыг сумдад ээлж дараатай олгож байна.
12 дугаар хурлаар автомашингүй байгаа Алдархаан, Завханмандал, Цагаанчулуут, Тосонцэнгэл сумдын ЗДТГ-ууд, Дөрвөлжин сумын Онц багийг автомашинтай болгох асуудлыг яаралтай шийдвэрлэхээр болов.
УОК-ын дарга Н.Номтойбаярын тушаал, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярын захирамжаар 24 суманд иргэд олон нийтэд учирч болзошгүй аюул эрсдлийг арилгах хяналт шалгалтыг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Энэ хяналтаар зарим байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хүртээмж муу, гадна дотор шатанд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй, худаг, шугам сүлжээний таг онгорхой, хүнсний дэлгүүрүүд түргэн хоол хадгалах хөргүүргүй, хугацаа дууссан бүтээгдэхүүн зарж борлуулсан зэрэг 200 гаруй зөрчил илэрчээ. Зөрчлийг арилгуулах арга хэмжээг 92 хувьтай зохион байгуулсан хэмээн ажлын хэсэг тайлагнав.
Хүрэн баавгайн халдлагаас үүдэн аймгийн хэмжээнд 25 өрхөд 85 сая төгрөгийн хохирол учраад байна. Хохирлыг барагдуулах талаар дээд шатны байгууллагуудад аймгийн Онцгой комиссоос албан бичиг хүргүүлээд байна.


























