Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийж байна. Тодруулбал, Хотын дарга асан Х.Нямбаатар бямба гарагт лайвынхаа үеэр А.Амундра Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй нэр бүхий хүмүүст 110 сая ам.доллар авлига өгсөн тухай мэдээлсэн.
Мөн үүнээс гадна Бага тэнгэр дэх Ерөнхийлөгчийн гэх тансаг хауснуудын тухай мэдээлэл өмнө нь цацагдаад байсан билээ.
УИХ-ын гишүүн, хотын дарга асан Х.Нямбаатар төрийн тэргүүний хөрөнгө орлоготой холбоотой асуудлын талаар удаа дараа олон нийтийн сүлжээнд мэдээлэл дэлгэж байсан. Тэрхүү мэдээллийн хариуд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч "Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх мэдээлэл нь худал" гэдэг агуулгатай тайлбар өгсөн бол Авлигатай тэмцэх газраас " 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбогдуулан нэр бүхий иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгт нь хянан шалгалтын ажиллагааг явуулсан. Мэдүүлэг гаргагчийн хувьд Авлигын эсрэг хуульд зааснаар өөрөө болон гэр бүлийн гишүүдийн орлогыг үнэн зөвөөр мэдүүлэх үүргээ хэрэгжүүлсэн байсан. Энэ талаар тухайн нэр бүхий иргэнд хариуг хүргүүлж шийдвэрлэсэн" гэдэг тайлбар өгсөн юм.
У.Хүрэлсүх: Сүүлийн үед үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан, зарим гэмт бүлэглэлийн шинжтэй этгээдүүдээс эрээ цээргүй довтолгоо хийж, төрийн тэргүүн болон ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйлдлүүд гарч байгааг та бүхэн мэдэж байгаа байх.
Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Мөн Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн нэр хүнд бол улс орны гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаатай шууд холбоотой асуудал. Хүнийг үндэслэлгүйгээр хамаагүй онц ноцтой гэмт хэрэгт холбон гүтгэж, доромжилж байна. Ингэж болдог юм уу?
Ерөнхийлөгч хүн бүх асуудалд оролцож, тухай бүрд нь хариу өгөөд байх боломжгүй. Монгол Улсад хүн биш, хууль засагладаг. Өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаа өгч, үнэн мөнийг тогтоолгох хэрэгтэй гэсэн байна. Би үүнтэй санал нэг байна.
Төрийн тэргүүний үүрэгт ажлаа өгч, үнэн худлыг тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Би нэр төрөө сэргээнэ.

























