1929-1937 онд ЗХУ ба БНМАУ-д болсон их хэлмэгдүүлэлтийн үеэр ямар ч гэмгүй олон сая хүн амиа алдсан. Үүнд зөвхөн нөхөр Сталин буруутай гэх хүн маш олон. Октябрийн хувьсгалыг хийсэн Ленин “багш” амьд байсан бол хэлмэгдүүлэлт, террор болохгүй байсан гэх яриа өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршсоор. Үгүй байсан бол Лениний бунхан өнөөдрийг хүртэл улаан талбай дээр байхгүй биз гэнэ. Ийм хүмүүсийн яриагаар бол Ленин “багш” суут хүн, бараг л амилсан бурхан. Тиймдээ ч 95 жилийн өмнө Октябрийн хувьсгал хийсэн аж.
Гэтэл үнэн хэрэгтээ бүх ард түмний удирдагч нөхөр Сталин нь пролетарын агуу удирдагч нөхөр Лениний хийж эхэлсэн зүйлийг илүү далайцтайгаар өрнүүлсэн төдий гэдгийг түүхийн баримтууд гэрчилж байна. Ленин тэргүүтэй большевикууд 1917 оны яг энэ өдөр төрийн эргэлт хийж, Засгийн эрхийг гартаа авмагцаа өөр үзэл бодолтой бүгдийг хомроглон устгах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Учир нь, тэдэнд улс орноо, ард түмнээ гэхээс илүүтэйгээр ямар ч үнээр хамаагүй засгийн эрхэнд үлдэх гэсэн ганц л зорилготой. Ингэж үлдэхэд нь хамгийн их тус хүргэх зүйл бол нийгмийн ямар давхаргад хамаарч байгаагаас үл хамаараад бүгд Зөвлөлт засгаас айдаг болгох. Эсэргүүцсэн үг хэлэх нь бүү хэл дуугарахаас ч айдаг. Энэ үр дүнд хамгийн богино хугацаанд, бага зардалтайгаар хүргэх зүйл бол террор, алан хядлага. Үүнийг нөхөр Ленин ойлгохын сайнаар ойлгож байлаа.
Хувьсгал ялахаас өмнө, есдүгээр сард бичсэн бүтээлдээ Ленин “Мөлжигч анги буюу хөрөнгөтөн, газрын эздийн эсрэг цаазаар авах ялыг гүйцэтгэлгүйгээр хувьсгалт Засгийн газар орших нь юу л бол” гэж бичиж байжээ. Ялахын өмнө ингэж байсан хүн ялсны дараа үүнийгээ бодитоор хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарч байсан нь ойлгомжтой. Арваннэгдүгээр сард ялсан хувьсгал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байв. Лениний баруун гар гэгдэж байсан Троцкий нь 1917 оны арванхоёрдугаар сард “Сараас ихгүй хугацааны дараа хядлага Францын агуу хувьсгалчдын жишээний дагуу маш хүчтэй хэлбэрт шилжинэ. Бидний дайснуудыг шорон төдийгүй гилиотин хүлээж байгаа шүү” гэж байв. Ингэсээр большевикууд 1918 онтой золгов. Эндээс л Октябрийн хувьсгал юугаараа агуу гэдгээ харуулах цусан мөртэй замаа эхлүүлсэн юм. Юуны өмнө алан хядлагыг зөвтгөх хувьсгалын эсэргүү гэсэн нэр бодож олов. Улмаар хувьсгалын эсэргүү нарын эсрэг ямар ч арга хэрэглэсэн зөвдөнө гэсэн онол, үзэл суртлын үндэслэлийг гаргаж ирлээ. Тэгээд...
Засгийн эрхийг гартаа авсан Ленин өөрийн хүмүүстээ ямар цахилгаан явуулж, юу хэлж, юу тушааж, юу тунхаглаж байсныг уншаад үз. Ленин: “... Питерийн ажилчид олныг хамарсан алан хядлага явуулах гэтэл та зогсоосон гэдгийг бид Төв хорооны хуралдаан дээр сонслоо. Үүнийг эрс эсэргүүцэж байна. Бид олон тогтоолоороо олныг хамарсан террор явуулна гэж сүрдүүлж байгаа атлаа хэрэгжүүлэх дээрээ тулахаар массаас гарч байгаа хувьсгалт санаачлагыг хориглож байна.
Энэ бол байж болшгүй зүйл. ... “Хувьсгалын эсэргүү нарын эсрэг хэрэглэх бүх төрлийн террорт олныг хамруулах ба түүний эрч хүчийг урамшуулан дэмжиж байх ёстой”. “Энд ямар ч сулбагар байдал харуулах, эргэлзэх, нялагнах нь социализмын өмнө хийсэн хамгийн агуу гэмт хэрэг болно”. “Доод Новогородод цагаантнууд бослого гаргах гэж байна. Бүх хүчээ дайчлан захирагчдын гурвалыг бүрдүүлээд олныг хамарсан хядлагыг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй. Биеэ үнэлэгчид, согтуу цэргүүд, хуучин офицерууд мэтийн хүмүүсийг буудан алж гарган хая..”.
“Нударган, лам нар, цагаантнуудын эсрэг ямар ч өршөөлгүй олныг хамарсан хядлага хийх хэрэгтэй. Сэжигтэй хүмүүсийг хотын гаднах бөөнөөр хорих төвд хорь”. “Өөрийн хүмүүсийг даргаар томилж хуйвалдагчид ба эргэлзэж байгаа хүмүүсийг хэнээс ч асуулгүй, бичиг цаасны элдэв ядаргаагүйгээр шууд буудахыг зөвлөж байна”. “Гэгээн Николагийн өдрөөр ажил хийхгүй амрана гэдэг тэнэг хэрэг. Онцгой хэлтсийнхнийг дайчлаад ажилдаа ирээгүй болгоныг бууд”. “Гайхалтай төлөвлөгөө байна. Зержинскийтай хамт гүйцэтгэ. Бид ногоонтнуудын дүрээр 10-20 бээр яваад бүх нударган, лам, газрын эздийг дүүжлэн бүгдийг ногоонтнууд руу бухна. Дүүжилсэн хүн болгоны төлөө 100 мянган рублийн шагнал олго”. “Маш нууц. ...улс төрийн тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд олон тооны хэрцгий арга хэмжээ авах шаардлагатай байгаа бол тэдгээрийг маш эрчимтэйгээр, асар богино хугацаанд хийнэ. Учир нь хэрцгий аргыг удаан хугацаагаар хэрэглэвэл ардууд тэсэхгүй. ...Хэдий чинээ олон эсэргүү лам нар, эсэргүү хөрөнгөтнийг энэ шалтгаар буудаж хорооно төдий чинээ сайн”.
“Шүүх хядлагыг арилгах ёсгүй. Арилгахыг амлана гэдэг төөрөгдөл, эсвэл өөрсдийгөө хуурч байгаа хэрэг болохоор хядлагын үндэслэлийг гаргаад, ямар нэг хоёрдмол утгагүйгээр хуульчлах ёстой юм”.
Хамгийн том удирдагч нь ийм зүйл тушаагаад байхад орон нутагт байсан “хурган дарга” нар яаж авирлаж байсныг үгээр хэлэхэд бэрх. Зарим мужид мал нядалгааны газартай адилаар хувьсгалын эсэргүү гэгдсэн хүмүүсийг устгадаг тусгай газар хүртэл гаргасан байв. Сумны хүрэлцээ муу байсантай холбоотойгоор зарим хотод буудуулах ял авсан хүмүүсийг шүдний эмчийн сандал дээр хүлж байгаад царилаар тархийг нь бяцлан хөнөөх хүртэл аймшигтай хэрцгийлэл хэрэглэдэг байжээ. Энэ мэтээр аймшигтай хэрцгийлэл үйлдэж байсан большевикууд эгэл орос цэрэг, орос хүнд нэг их итгэхгүй байлаа. Тиймдээ ч тэд хувьсгалт латви цэрэг, хувьсгалт хятад цэргүүдээр өөрсдийгөө хамгаалдаг иргэдийн бослогыг дарахад тусгайлан тэднийг явуулдаг байв. Нөгөөдүүл нь ч хэрцгийгээрээ алдартай. Киев хотод байсан “хятад” гэсэн хочтой Онцгой хэлтсийнхэн маш хэрцгий тамлалт явуулдаг байж. Тэд баригдсан хүний гэдсэнд нь харх хийн ялтан хүний хэвлийн хөндийг цөм идүүлдэг байв. Дэлхийн хувьсгалын удирдагч Ленин “багш” гуай ийм үг хэлж, ийм бодлого явуулж байсан байхад хайрт шавь нөхөр Сталин их хэлмэгдүүлэлт явуулсанд гайхах зүйл огт үгүй.
Үүнтэйгээ зэрэгцээд большевикууд нь эсэргүү биш хүмүүсийг яах ч үгүй гэдгээ ихээр сурталчлан олноо хүргэж байсан юм. Үр дүнд нь хувьсгалын эсэргүү гэсэн нэрэнд хууртаж, айдаст автсан ард олон дарангуйлагчдыг хүлцэнгүй тэвчсээр 70 жил болсон түүхтэй. Уран үг, айдас хоёр хоршихоороо тун ч таагүй үр дагаварт хүргэх юм.