Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь дэлхийн ихэнх оронд зам тээврийн аймшигт осол гаргахад хүргэдэг гол хүчин зүйл. Иймд улс болгон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой тэмцсээр. Зарим оронд өндөр торгуулиар согтуу жолооч нартай тэмцэх гэдэг бол заримд нь хорих арга хэмжээ авах гэдэг. Иргэд нь хэр ухамсартай, хуулиа хэр дээдэлж байдгаас шалтгаалаад эдгээр арга хэмжээний үзүүлэх үр нөлөө янз бүр. Мөн замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг мөрдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ авдаг.
Япон
Нэг сая 193 мянган км урт авто замтай, 1000 хүн тутамд 543 машин ногддог Япон орон замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд ногдуулдаг хатуу шийтгэлтэйгээрээ алдартай. Жишээлэхэд, нэгэнт л замын хөдөлгөөнд оролцож байгаа болохоор насанд хүрсэн зорчигч хүртэл өөрийн аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээнэ гэж үздэг. Тиймээс согтуу жолоочийн тээврийн хэрэгсэлд сууж замын хөдөлгөөнд оролцсон насанд хүрсэн зорчигчийг монгол мөнгөөр бол дөрвөн сая орчим төгрөгөөр торгодог. Харин согтуугаар машин барьсан жолооч 12 сая орчим төгрөгөөр торгуулиад таван жил хүртэлх хугацаагаар шоронд хоригдоно. Дахин согтуугаар жолоо барьж байгаад саатуулагдвал жолоо барих эрхээ бүх насаараа хасуулна. Улаан гэрлээр хөдөлгөөнд оролцсон жолоочийг 400 ам.доллараар торгоод зогсохгүй шоронд хорьж, хагас жил хүртэл хугацаагаар олон нийтийн ажил хийлгэнэ.
Хурдны хязгаарыг хэтрүүлсэн бол хэр хэтэрснээс нь шалтгаалаад хамгийн хөнгөндөө 800 ам.доллараар торгоно. Зогсоол дээр тээврийн хэрэгсэл байрлуулах дүрмийг зөрчвөл, өөрөөр хэлбэл зориулалтын бус газарт машинаа тавьсан бол 835 ам.доллараар торгоод, жолоо барих эрхийг хагас жил хүртэл хугацаагаар хасна.
Аюулгүйн бүс зүүлгүй замын хөдөлгөөнд оролцвол 450 ам.доллараар торгоно.
ХятадДөрвөн сая гаруй км урт авто замтай, 1000 хүн тутамд 10 машин ногддог манай урд хөрш замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд торгуулийн оноо өгдөг системтэй. Торгуулийн оноо 12 хүрвэл эрхийг нь хурааж авна. Зөвшөөрөгдсөн согтолтын зэрэгтэй гэдгээрээ манайхаас онцлог. Зөвшөөрөгдсөн дээд хэмжээ нь 0,8 промилле. Өөрөөр хэлбэл, жолоочийн нэг литр цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 0,8 граммаас ихгүй байх ёстой. Үүнээс хэтрүүлсэн байвал 450 ам.доллар торгон 15 хоног хорьж саатуулаад, зургаан сар хүртэл хорьдог. Харин согтуугаар машин барьж байгаад хүний аминд хүрсэн осол гаргавал шууд цаазаар авах ялтай. Аюулгүйн бүсээ зүүгээгүй бол 50 юаниар, зөвшөөрөлгүй газар машинаа тавьсан бол 220 ам.доллараар торгуулна. Хурдны зөвшөөрөгдсөн хязгаарыг хэтрүүлээд камерт бичигдсэн бол 2000 юанийн торгуультай.
Орос
1,2 сая гаруй км урт авто замтай, 1000 хүн тутамд 156 машин ногддог манай хойд хөрш саяхан замын хөдөлгөөний дүрэм зөрчих, тухайлбал согтуугаар машин барих зэрэгт ноогдуулдаг торгууль, шийтгэлээ огцом нэмсэн. Согтуугаар машин барьж замын хөдөлгөөнд оролцсон бол 120 мянга хүртэл рублиэр торгоно, жолооны эрхийг нь 1,5-3 жил хүртэл хасна. Мансууруулах бодис хэрэглэн мансуурсан үедээ жолоо баривал 50 мянган рублиэр торгож, эрхийг нь таван жилээр хасна. Жолооны эрхгүйгээр машин барьсан бол 15 хоног хүртэл хорино. Согтуугаар давтан тээврийн хэрэгсэл жолоодсон бол 9 жил хүртэл хорих шийтгэлтэй. Хүний амь эрсэдсэн зам тээврийн осол гаргасан хүний жолооны эрхийг бүх насаар нь хасна. Аюулгүйн бүсээ зүүгээгүй бол 1000 рублиэр торгоно. Хурдны дээд хязгаарыг 40-60 км/ц-аар хэтрүүлбэл зургаан мянган рубль, 60 км/ц-аас илүүгээр хэтрүүлбэл 10 мянган рублиэр торгон жолооны эрхийг жилийн хугацаатай хасна.
Франц
1 сая гаруй км урт замтай, 36 сая тээврийн хэрэгсэлтэй Франц улсын замын хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү согтолттой оролцвол тун ч таагүй юм болно. Зөвшөөрөгдсөн дээд хязгаар нь 0,5 промилле. Энэ хэмжээг нь хэтрээд 0,8 промилле хүртэл болсон байвал 4500 еврогоор торгоно. Харин 0,8 промиллегээс хэтэрсэн согтолттой ба зам тээврийн осол гаргасан бол 30 мянга хүртэл еврогоор торгоно. Хүний амь эрсэдсэн зам тээврийн осол согтуугаар гаргасан бол 150 мянган еврогийн торгуультай, 10 жил хүртэл хорино. Жолооч болгон биедээ алкотестер буюу согтолтын зэрэг хэмжигч багаж заавал биедээ авч явах ёстой. Машиндаа алкотестергүй жолоочийг торгодог. Аюулгүйн бүс хийгээгүй бол 150 евро.
Бусад улсДани улсад 0,5 промиллегээс илүү согтолттой бол тээврийн хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Баригдвал тухайн хүний орлогын хэмжээ, санхүүгийн төвшнийг харгалзан торгууль ногдуулдаг. Согтуугаар давтан машин барьсан тохиолдолд тээврийн хэрэгслийг нь шууд хураан авдаг. Финляндад зөвшөөрөгдсөн дээд хэмжээ нь мөн л 0,5 промилле бөгөөд зөрчвөл дээрхитэй адил хүний орлого, санхүүгийн боломжийг харгалзан торгоно. Согтуугаар осол гаргасан бол шууд буруутан болж, согтуу жолооч дараа нь даатгал авах эрхгүй болно. АНУ-д согтолтын зөвшөөрөгдсөн дээд хэмжээ 0,8 промилле. Зөрчвөл дунджаар 230 ам.доллараар торгон, хагас жил хүртэл хорьж, эсвэл олон нийтийн ажил хийлгэнэ. Давтан баригдвал 3800-7800 ам.доллараар торгоод 10 хүртэл жилээр олон нийтийн ажил хийлгэнэ. Жолооны эрхийг хагас жил хүртэл хугацаагаар хасна. Согтуугаар хүний аминд хүрсэн зам тээврийн осол гаргавал 10 жил хүртэл хугацаагаар хорино. Харин Германд зөвшөөрөгдсөн согтолтын хэмжээ 0,5 промилле, хэтрүүлбэл 500 еврогоор торгоод давтан зөрчил гаргах эсвэл согтолтын хэмжээ 1,6 промилле байвал 1000-3000 еврогоор торгон дээр нь шинжилгээний хөлс гэж 500 евро нэмж авна. Давтан зөрчил гаргавал жолооны эрхийг нь хураадаг. Их Британийн зөвшөөрөгдсөн дээд хэмжээ 0,8 промилле бөгөөд хэтрүүлбэл 7200 фунт төлнө. Дөрвөн сар хүртэл хугацаагаар хорино. Аюулгүйн бүс зүүгээгүй бол 1,5 мянган фунтээр торгодог.
Дашрамд сонирхуулахад, 0,5 промилле гэдэг нь ойролцоогоор 100 грамм архи уусны дараа цусанд илэрдэг согтолт. Өөрөөр хэлбэл, 100 грамм архи уусны дараахь нэг литр цусанд агуулагддаг алкоголийн хэмжээ 0,5 грамм байдаг. 2-3 промилле согтолтыг дунд зэргийнх, 3-4 промиллег хүнд согтолт, 4 ба түүнээс дээш промиллег алкоголийн ком, үхэлд хүргэх аюултай согтолт гэж үздэг. Архи уугаагүй ч хүнд согтолтын маргааш цуснаас илрэх алкоголийн хэмжээ 0,008-0,4 промилле байдаг.