Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дондог: Морин хуур миний амьдралыг өөрчилсөн

Т.ЦЭЛМЭГ

Дондог гэх энэ франц залуугийн нэрийг Стийв И Морел гэдэг. Тэрээр Монголд аж төрж, монгол соёл, ёс заншил судалдаг нэгэн. Саяхан гэхэд Монгол бахархлын өдрөөр зохион байгуулсан 30 морин хуурчийн тоглолтод оролцсон юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.   

-Анх Монголын тухай хаанаас, хэнээс мэдээлэл авч байв. Монголд ирэхэд сонссон мэдээлэл, бодит байдалтай хэр зөрүүтэй санагдаж байсан бэ?
-Монголын тухай анх 2012 онд сонссон. Найз маань надад “Туван” /Тува хамтлаг/ хамтлагийн “Хуун хуур” гэдэг цомог бэлэглэсэн юм. Түүнийг сонсоод миний сэтгэл маш их хөдөлсөн. Тэгээд тэр аялгуу, хөгжим, “Туван” хамтлаг Монгол угсаатан болохыг олж мэдсэн. Тийм болохоор Монголын тухай илүү их зүйл мэдэхийг хүссэн. Монголд ирэхээсээ өмнө эсгий гэр байдаг л гэж төсөөлж байлаа. Гэхдээ миний бодсоноос тэс өөр орчин угтсан. Яагаад гэвэл би хүн бүр гэрт амьдарч, дээл өмсөөд морь унаж хөөмэйлдэг л гэсэн бодолтой байсан хэрэг. Гэтэл Улаанбаатарт хөл тавиад огт өөр төсөөлөлтэй байснаа ойлгосон гэж болно. Одоо бол Монголд улам л дурлаж, хайртай болсон. Монголын соёл, урлагийг судалж дуус­гаад Улаанбаатараас хөдөөд очиж байгальд илүү ойр амьдрах юмсан гэж боддог. 

-Монголд ирээд таны амьд­ралын хэв маяг хэрхэн өөрч­лөгдсөн бэ. Монголын ор­­­чинд дасч амьдрахад хэр зэрэг бэрхшээлтэй тул­гарав?
-Монголд ирэхийн өмнө би цагаан хоолтон байлаа. Амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байсан гэсэн үг. Сүү, зөгийн бал, өндөг, мах, загас зэргийг огт иддэггүй. Бас согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан. Монголд байх үедээ зайлшгүй шаардлагаар цагаан архи уух хэрэг гардаг. /Инээв.сурв/ Энэ нь заримдаа жаахан хэцүү санагддаг л юм. Гэхдээ өмнөх байдалдаа буцаж орохыг хичээж байгаа. Эндэхийн жимс, ногоо нь Францынх шиг сайн чанарынх биш. Тиймээс би зарим ногоог бага хэмжээгээр гэртээ тарьж үзэж байгаа. Саяхнаас органик хүнсний зүйлс тарьж эхэлсэн. Гэхдээ мэдээж энэ нь хэцүү л дээ. Хэцүү зүйлсийн нэг байх гэж бодож байна.

-Ер нь та судлаач хүн үү, ямар мэргэжилтэй вэ. Монголын талаар судалгаа хий­хэд хэр нээлттэй, боломжтой байх юм?
-Үнэндээ би Соёл иргэнш­лийн дээд сургуулийн оюутан. Би монгол хэл, монгол бичиг, уран бичлэг сурч байгаа. Судлаач биш л дээ. Гэхдээ нэг талаар судлаач гэж хэлж болно. Монголын урлаг, соёл, уран бичлэгээс гадна морин хуурыг илүү их судалдаг. Монгол хэл үнэхээр сонирхолтой, миний мэдлэгийг маш их сорьж байгаа зүйлийн нэг нь. /Инээв. Сурв/ Энэ бүхэн надад таалагддаг ч гэсэн аль аль нь сурахад хэцүү. Ерөөсөө ч амархан биш.

-Морин хуур тоглож сурах таны хүсэл байв уу. Эс­­вэл хэн нэгэн хүн танд зөв­лөв үү. Яагаад заавал мо­рин хуур сонгох болсон тань сонирхол татаж байна. Үндэс­ний олон хөгжим, ур­лагийн төрөл бий шүү дээ?
-Би морин хуурт дуртай. Дуртай байхаас ч өөр аргагүй юм. Цаг мөч бүрт би шинэ зүйл сурахыг хүсч, тэмүүлдэг. Морин хуур миний амьдралыг өөрчилсөн. Юу хийхийг хүсч байсныг минь ойлгуулсан гэж хэлж болно. Морин хуурын аялгуу бүхэн ямар хүчтэй, увидастайг үгээр хэлж дүрсэлж чадахгүй байна.

-Та мэдээж найз нөхөд­дөө зориулж морин хуур тоглож байсан байх. Тэд төр­сөн сэтгэгдлээ танд хэр­хэн илэрхийлдэг нь сонин?
-Гэр бүлийнхэн, найзууд­даа олон удаа морин хуураа тоглож үзүүлж байлаа. Хачир­халтай нь, хүн бүрт адилхан сэтгэгдэл төрүүлсэн байдаг. Тэд эхлээд хэлбэр дүрсийг нь маш их сонирхоно. Яагаад гэвэл гайхамшигтай сайхан хөгжим шүү дээ. Морь янцгаах шиг сонсогдож, морь унаад давхиж байгаа юм шиг мэрдэмж төрүүлсэн гэж хэлдэг. Намайг тоглож дуусахад хүн бүр аз жаргалтайгаар инээмсэглэдэг юм.

-Хамгийн сайн тоглодог ая, аялгуу тань юу вэ. Мон­гол­­чууд бол морин хуурын аялгуу сонсоод тал нутаг, морь­доо төсөөлөн боддог. Харин танд ямар төсөөлөл буудаг вэ?
-Би олон энгийн ая тог­лож сурсан. Одоо бол хуучны ая, дуу тоглож сурч байгаа л даа. Тэгэхдээ хэцүү ая тоглож сурах илүү дуртай. Жишээ нь, “Булгиан шарын явдал”, “Жонон харын явдал” шиг аянууд тоглох дуртай. Бас “Гучин гурван говийн магтаал”-ын зарим хэсэг, “Аргамаг хүлэг” ч гэсэн миний тоглох дуртай ая.

-Таныг бас чулуун сийлбэр хийдэг гэж сонссон. Хэзээнээс чулуун сийлбэр, тамга хийж сурав. Хэчнээн цуглуулгатай болсон бэ?
-Хөөрөг хийдэг хүнтэй танилцаад чулуугаар тамга хийхээр шийдсэн хэрэг. Тэр хүн чулуугаар хэрхэн сийлбэр хийдгийг надад зааж өгсөн юм. Дараа нь би багаж хэрэгсэлтэй болоод өөрөө оролдож эхэлсэн. Харин хэрхэн тамга хийдэг болохыг зааж өгсөн багш байхгүй. Өөрөө л хийж сурсан. Одоо миний хийсэн таван тамга бий. Дөнгөж хийж эхэлж байгаа болохоор цуглуулга гээд байх юм байхгүй. /Инээв.сурв/

-Монгол бичиг сурч байгаа гэсэн байх аа. Мон­гол­­­­чууд өөрсдөө ч монгол бичиг сурахад хэцүү гэлцдэг юм. Ингэхэд уран бичлэг /ка­лиграф/ -ийг хэр удаан би­чиж, дасгал хийж байж сур­сан бэ?
-Би аль болох түүх, ёс заншил, морин хуур, хэрхэн хөгжмийн зэмсэг урладаг гээд олон зүйл сурахыг хичээдэг. Хөөмэй, уртын дууг сайн сурмаар байна. Монгол бичиг үнэхээр сайхан. Тийм болохоор уран бичлэгт маш их дуртай. Миний бодлоор крилл бичиг нь илүү хэцүү санагдсан. Монгол бичиг нь сурахад илүү хялбар юм шиг ээ. Уран бичлэгийн хувьд бас арай өөр. Бийр барьж бичиж сурах гэж олон удаа дадлага хийсэн. Миний багш үнэхээр гайхалтай хүн. Уран бичлэг хийхэд онгод хэрэгтэй гэж багш маань надад хэлдэг юм. Энэ нь ч үнэний ортой юм шиг санагддаг.

-Таны монгол нэр Дондог. Яагаад ийм нэр сонгох болов. Ихэнхдээ хөгш­­чүүл л  ийм нэртэй бай­даг юм. Хуучны нэр гэх үү дээ. “Морь­­­­­той ч болоосой” гэдэг Монголын уран сайхны ки­нонд моринд хайртай Дон­дог гэдэг залуугийн ту­хай гардаг. Үүнээс санаа авсан уу?
-Дондог гэж Түвд нэр юм билээ. Хүмүүс хэлэхэд амархан, энгийн, сайхан нэр шиг санагдсан. Тэгээд ч надад илүү зохьдог. Намайг морин хуур сурч байхад нэг залуу надад энэ нэрийг өгсөн юм. Тэр залуугийн хүмүүст морин хуур зааж өгч байгаа нь үнэхээр сайхан санагдсан болохоор өөрт таалагдаж байгаагаа хэлсэн. Тэгсэн надад “Чамайг Дондог гэвэл яг зохих юм байна” гэснээс хойш энэ нэрэнд дуртай болсон. Үнэндээ би таны хэлсэн монгол киног үзээгүй л дээ. Гэхдээ би ёс заншлын тухай кино үзэж, судалж байгаа. Монгол хэл сурахад маш их тус болдог юм.  

-Таны дараагийн удаа сура­­­­­­­­­хаар төлөвлөсөн Мон­го­­лын соёл, урлагийн төрөл юу вэ?
-Морин хуураар ардын болон уртын дуу, магтаал тоглож сурч байгаа. Тэгээд морин хуур хийдэг, урладаг багштай болох юмсан гэж бодох болсон. Монгол бичиг үнэхээр сонирхолтой болохоор эртний домог, түүхийг судалж, суралцах зүйл их байна. Сургуульд сурснаар олон зүйл сурч, мэдлэгтэй болж байгаа учраас би өөрийгөө их азтай гэж боддог шүү.

-Таны нүдээр харахад монголчууд ямар хүмүүс вэ. Эерэг, сөрөг талыг нь та мэдээж анзаарсан байлгүй?
-Илүү хувь хүн рүү хандсан асуулт байна. Миний бодлоор ямар ч хүн төрөлхтөнд сайн, муу хүмүүс байдаг. Монголд би тайван тухтай байдал мэ­дэр­дэг. Гайхалтай хүмүүстэй уул­заж байсан ч зарим үед гон­сойх зүйл гардаг. Хот, хөдөөгийн хүмүүсийн хооронд их ялгаа байдаг юм шиг санагддаг.

-Хөдөө явж үзсэн байх. Танд хамгийн сайхан нь ямар газар санагдав?
-Увс аймгийн Тэс голын дэргэд очиж үзээд үнэхээр бишир­сэн. Миний үзсэн хам­гийн сайхан газар тэр байсан. Бас үзэсгэлэнтэй байгальтай Ховд аймагт очиж үзсэн. Бай­га­­лийн сайханд очоод ямар мэдрэмж авснаа бусад хүнтэй хуваалцахгүй байхын аргагүй.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан