Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үйлдвэрлэл, технологийн паркын удирдлагууд тайлангаа тавив



УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  үйлдвэрлэл, технологийн паркуудын удирдлагатай уулзжээ. Уулзалтад яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх, сайдын орон тооны бус зөвлөх Р.Батгэрэл нар оролцсон юм.
Сайд Д.Сумъяабазар “Паркуудын үйл ажиллагаа эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байгаа нь манай улсын эдийн засгийн хүндрэл болон гадна, дотны хөрөнгө оруулагчдын идэвхи буурсантай холбоотой. Мөн үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаанд мөрдөж буй хууль, эрх зүйн баримт бичгүүдийг эргэн харах, паркийг хөгжүүлэх бүс нутгуудын нөхцөлд дүн шинжилгээ хийх, гадны туршлага, технологийг судлах шаардлагатайг харуулж байна” гэв.
Түүнчлэн уул уурхайн салбараас орж ирэх хөрөнгийн эх үүсвэрийг бусад салбаруудыг жигд хөгжүүлэхэд үр ашигтай зарцуулах, ялангуяа боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх зарчмыг баримталж буйгаа хэллээ.
Паркуудын үйл ажиллагааг зөвхөн үйлдвэрлэл технологи гэсэн өнцөгөөс бус нийгмийн ач холбогдлын талаас нь харвал энэхүү бодлогыг хэрэгжүүлсэнээр 10 мянга гаруй ажлын байрыг шинээр бий болгох тооцоо гарсан тухай дуулгав.
Үйлдврэлэл, технологийн паркийн удирдлагууд үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.


Ч.Цэндсүрэн “Дархан үйлдвэрлэл технологийн парк” ОНӨХХК-ийн гүйцэтгэх захирал:
-Сайдыг салбарынхаа хүмүүстэй уулзаж, ярилцаж байгаад талархаж байна. Паркууд үйл ажиллагаа явуулахад төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах асуудал маш чухал байна. Түүнчлэн хуулиар паркийн үйл ажиллагааг идэвхижүүлэхэд тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлүүлж өгөх хэрэгтэй байна. Мөн паркийн дэргэд сан байгуулаад тэндээсээ зээл олгодог байх нь зүйтэй.
 
Б.Баатарчулуун “Эрдэнэт технопарк” ХХК-ийн захирал:
-Манай парк цаашид үйл ажиллагаагаа идэвхижүүлэхэд 27 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Мөн манайх хуучин үйлдвэрийн бүсэд байрлаж байгаа. Гэтэл орон нутгаас уг газраас хэсэгчлэн авч бусдад өмчлүүлж байна. Тиймээс паркт газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг тодорхой болгох хэрэгтэй байна.
 
Ч.Элбэгсайхан “Багануур үйлдвэрлэл технологийн парк”ОНӨТҮГ-ын дарга:
-Манайхыг Багануур дүүргийнх гэдэг утгаар нь Нийслэлд харъяалуулсан. Тиймээс цаашид НЗДТГ болон яамдуудын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байна. Тодруулбал, паркийн асуудлыг хариуцан, зангидсан нэгдсэн нэг удирдлагатай байвал зүгээр гэж бодож байна. Мөн “Багануур үйлдвэрлэл технологийн парк”-ийн ТЭЗҮ-ийг шинэчлэн, Багануур дүүргийн дэд бүтцийн хүчин чадалд тулгуурлавал дэд бүтцэд 100 тэрбум төгрөг бус таван тэрбумыг зарцуулаад хүнд болон хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх боломж бүрдэнэ.
О.Хүрэлбаатар “Баянговь үйлдвэрлэл, технологийн парк”ХХК-ийн төслийн удирдагч:
-Яамдуудын харилцан уялдааг сайжруулах хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. Мөн хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх тогтвортой орчинг бүрдүүлэх хэрэгтэй.
 
С.Батжаргал “Налайх үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын дарга:
-Бодлогын баримт бичгүүд дээр гацаад ажил явахгүй байна. Зураг төсөл нь бэлэн болсон төслийг концессоор ч болов хийж хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу. 2018 онд ядаж цахилгаан станц, дулааны станц гэсэн хоёр ажлыг эхлүүлмээр байна.
 
Р.Дүүрэнбаяр “Эмээлт үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын Тамгын газрын дарга:
-Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй арьс, ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаж, үйл ажиллагааг нь нэг дор болгох хэрэгтэй. Үүний тулд дэд бүтцийн асуудлыг шийдээд өгөх хэрэгтэй байна. ТЭЗҮ үндсэндээ гарчихсан байгаа. Эхний ээлжинд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

Уулзалтын үеэр Засгийн газрын 2017.08.23-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Дархан үйлдвэрлэл технологийн парк” ХХК-д олгосон паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сайд Д.Сумъяабазар гардуулан өгсөн юм.


Паркуудын удирдлагатай хийсэн уулзалтын төгсгөлд УУХҮ-ийн сайд “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. Хүнд үйлдвэр нь хөнгөн үйлдвэртэйгээ, хөнгөн үйлдвэр нь жижиг дунд үйлдвэрүүдтэйгээ уялдаж, нэг малгай дор зангидагдаж явах учиртай. Энэ асуудлыг цэгцлэх болно. Нэг системтэй явж байж бид хөрөнгө оруулагчдын итгэлийг олно.
Мөн төслүүдээ эрэмблээд, эхний ээлжинд нэн шаардлагатайг хэрэгжүүлж эхлэх ёстой” гэв. Түүнчлэн сайд усны асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэж байж дараа нь аж үйлдвэрийн төслүүдийг явуулах нь зүйтэйг онцоллоо.
   Өнөөгийн мөрдөгдөж буй үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гэдэг дээр уулзалтад оролцогчид санал нэгтэй байсан юм. Учир нь тус хуулиар паркийн асуудал нь Хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамаарч байгаа ч 2016 оны долдугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Аж үйлдвэрийн паркийн асуудал УУХҮ-ийн сайдын эрхлэх асуудалд хамаарч, уг асуудлыг Хүнд үйлдвэрийн бодлогын газар хариуцан ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан