Доллар (USD)

Улаанбаатар

Шуурхай мэдээ:
Ж.Цэгмид: Олимпын медальтан болох хүсэл зорилготой байгаа


Өнгөрсөн дөрөвдүгээр сард Абу Даби хотноо Жюү жицүгийн ДАШТ болсон юм. Энэхүү тэмцээнд 1000 гаруй хүүхдүүд оролцсоноос “MONDE BJJ” клубийн тамирчин Ж.Цэгмид хүрэл медаль хүртсэн билээ.
 

Ж.Цэгмид нь Булган аймгийн Дашинчилэн сумын, Төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын нэрэмжит бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч юм байна. Түүний хувьд хичээллийнхээ хажуугаар бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцон нэлээд амжилт гаргаад байгаа юм. Ингээд залуу тамирчинтай  хийсэн ярилцлагаа  уншигч та бүхэнд хүргэж байна.
-Абу Даби хотноо болсон жюү жицүгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Хэзээнээс энэ спортоор хичээллэсэн бэ. Энэ талаар яриагаа эхэлье?
– Би 2013 оноос эхлэн чөлөөт болон үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Хичээллэж эхлээд аймгийнхаа чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон, тэмцээнийхээ гарааг эхэлж байлаа. Би ер нь спортоор хичээллэх сонирхолтой. Тэр дундаа үндэсний бөхөөр хичээллэх маш их дуртай. Мөн сүүлийн үед жюү жицүд их сонирхолтой болж байгаа. Жюү жицүгээр энэ оны нэгдүгээр сараас эхэлж хичээллэсэн.
-Богино хугацаанд хичээллэж байгаа гэхэд их мундаг амжилт гаргасан байна шүү. Хэр удаан бэлтгэл хийж байж тэмцээн уралдаанд оролцдог вэ?
-Ер нь бол Улсын аваргад түрүүлж байж гадаад дотоодын тэмцээнд оролцох эрхийг авдаг. Жюү жицүгээр улсынхаа аваргад оролцож байсан. Жюү жицү бүснийхээ ангиллаар явдаг. Тухайлбал, цагаан, шар, улбар шар, ногоон хөх бүс гэж явдаг. Өсвөр үеийн залуучууд хөх бүсийн ангилалд орж явдаг. Би хөх бүсэд барилдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон ДАШТ дээр Араб, Бразилын хүүхдүүд олон жил хичээллэсэн байсан. Харин миний хувьд гуравхан сар хичээллэсэн байсан болохоор туршлага бага зэрэг дутсан. Зоны барилдаан дээр Бразилийн хүүхдийг хожиж байгаад хожигдсон. Гэхдээ анхны дэлхийн аваргаас хүрэл медаль авсан болохоор сэтгэл их хангалуун байгаа. Жюү жицүгээр дэлхийн аваргаас медаль авсан анхны залуу тамирчин. Манай Булган аймаг бол аливаа зүйлийн анхдагч байдаг. Би хувьдаа анхдагч болсондоо бас их баяртай байгаа. /Инээв/
Багш дасгалжуулагчийн чиглэлээр сурах хүсэлтэй байгаа

-Үндэсний бөхөд нэлээд сонирхолтой гэсэн. Үндэсний бөхөөр барилддаг уу. Ер нь Жюү жицүгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээс өөр ямар ямар амжилт гаргаж байв?
-Үндэсний бөхөөр барилддаг. Аймаг сумынхаа наадамд барилдаг. Өнгөрсөн зун Булган аймгийнхаа наадамд түрүүлсэн. Мөн сумын наадамд үзүүрлэж сумын начин болсон байгаа. Бас Жүдо, Самбо хоёроор барилдаад аймгийн аварга болсон.
Мөн 2013 онд Жүдо бөхөөр Булган аймгийн аварга болж байсан, 2014 онд Самбо, чөлөөт бөхөөр аймгийн аварга, 2015 онд Самба бөхөөр аймгийнхаа аварга болж байсан байна. 2016 онд Самбо бөхөөр хүрэл медаль Үндэсний бөхөөр аймгийн аварга болж байлаа. Мөн 2017 онд Булган аймгийнхаа наадамд түрүүлж, Дашинчилин сумын наадамд үзүүрлэж, сумын начин цол хүртэж байсан байна. Харин энэ онд Абу Даби хотноо болсон жюү жицүгийн хүүхдийн их наадамд мөнгөн медаль, жюү жицүгийн ДАШТ-ээс хүрэл медаль авсан.
– Энэ жил 12 дугаар ангиа төгсч байгаа. Энэ их бэлтгэл сургалтын хажуугаар хичээлээ яаж амжуулж байна. Мэргэжлээ сонгосон уу?
-Энэ жил арванхоёрдугаар ангиа төгсөнө. Бэлтгэлийн хажуугаар ЭЕШ бэлдэж байгаа. Ерөнхийдөө багш дасгалжуулагчийн чиглэлээр сурах хүсэлтэй байгаа. Байнга тэмцээн уралдаан гээд яваад байхаар бусад хичээлээсээ хоцрох асуудал гарч байна. Гэвч ЭЕШ сайн бэлдэж байгаад орно доо.
-Бөхийг хоёр гурван төлөөр хичээллэдэг юм байна. Гэр бүлийнхэн хэр их дэмждэг вэ?
-Гэрийнхэн маш их дэмждэг. Би хоёр багштай. Суманд нэг багш байгаа. Улаанбаатар хотод нэг багш байгаа. Энэ хоёр багш дээр бэлтгэл сургуулилтаа хийж байна даа. Үндэсний бөх болон Самбо бөхийн бэлтгэлээ сумандаа Цогтбаатар багшийнхаа удирдлага доор хийдэг. Харин жюү жицүгийн бэлтгэлээ Улаанбаатар хот Ариунцог багшийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг.
Би үндэсний бөхөө хаяхгүй, үндэсний бөхөд их дуртай

-Гэрийн бүлийн их дэмждэг гэж байна. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Уг нь айлын том хүүхэд. Багаасаа өвөө эмээ дээр өссөн болохоор одоо өвөө эмээтэйгээ хамт амьдардаг. Ерөнхийдөө өвөө эмээгийн хүүхэд гэж ойлгож болно.
-Спортоор хичээллэдэг хүний хувьд хэнийг хүндэлж, үлгэр дуурайлал авдаг вэ?
-Нутгийнхаа бөх Н.Түвшинбаяр аваргыг хүндэлж явдаг. Энэ хүн шиг болохыг хүсч бэлтгэл сургуулилтаа хийдэг. Манай Түвшөө аварга чинь бол үнэхээр мундаг бөх шүү.
-Ирээдүйн зорилго?
-Спортоор хичээллэж, илүү их амжилт гаргах. Мөн жюу жүчигээр олимпын медальтан болох хүсэл зорилготой байгаа. Одоо жюу жүчи олимпд ордог болно. Иймээс бэлтгэл сургалтаа хийж байгаад олимпод орж, медаль авахын төлөө зүтгэнэ дээ. Мөн бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ.
-Хэдэн оноос орох бол?
-2024 онд үзүүлэн тоглолтод оролцох юм гэсэн. Тэгээд 2028 оноос оролцдог болчих байх. Одоо энэ чиглэлээр голлож хичээллэнэ. Гэхдээ үндэсний бөхөө хаяхгүй. Би үндэсний бөхөд их дуртай.
Медалийн маань ихэнх нь үндэсний бөхөөр барилдаж авсан

-Аймаг сумынхаа наадамд барилддаг гэсэн. Наадмын бэлтгэл гэж хийдэг үү?
Хийдэг. Өнгөрсөн жил Түвшөө аваргатай хамт хэд хоног наадмын бэлтгэлд гарсан.
-Наадмын бэлтгэлд гарах хэр вэ. Энэ жил наадмын бэлтгэлд гарах уу?
-Гоё байдаг. Өөрийнхөө үеийн хүүхэд болон ах нартай хамт гардаг болохоор их сонирхолтой. Энэ жил аймаг сумынхаа наадамд барилдах учраас н.Ариунцог багш дээр наадмын бэлтгэлдээ гарна.
-Нэлээд олон спортоор хичээллэдэг хүний хувьд олон медальтай байх. Хэчнээн медальтай вэ. Тоолж үзсэн үү?
-Саяхан хонхны баяраар тоолж үзсэн 50 гарсан байгаа. Миний медалийн ихэнх нь үндэсний бөхөөр барилдаж авсан байгаа.
Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
Сурлага, спортын өндөр амжилтийг хүсэхийн хамт, зорилгодоо хүрч “Олимпийн аварга” болоорой хэмээн ерөөе. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2018.09.24