Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Давхар бүртгэлтэй компани Монголд хувьцаагаа арилжих боломж бүрдэв


Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, хувьцаагаа арилжаалах үйл ажиллагаагаа өнөөдөр цан цохин албан ёсоор эхлүүллээ. Анхны гадаад улсын арилжаа эрхлэгч байгууллагад бүртгэлтэй компанийг Монгол Улсад давхар бүртгэсэн энэхүү үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,  “Эрдэнэ ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Петер С.Акарли, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарын төлөөлөл оролцов.
           УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар цан цохих арга хэмжээний үеэр “Төр, хувийн хэвшилийн хамтын ажиллагаа сайжирснаар эдийн засаг сайжирна. Манай яам цаашдаа дотоодын компаниудаа хувьцаагаа дотоод зах зээлдээ нийцсэн системийн дагуу арилжаалахыг дэмжинэ. Уул уурхайн салбар манай эдийн засгийн суурь салбар учраас уг салбарын төлөөлөл болсон компаниуд ил тод, засаглал сайтай байх ёстой.
Ингэснээр иргэдийн итгэл нэмэгдэнэ. Түүнчлэн “Эрдэнэ Ресурс Девелопмент” иргэдийн дэмжлэгийг авч буй нь сайшаалтай байна. Ар араасаа олон компани давхар бүртгэлийн системийг хэрэгжүүлээсэй. Уул уурхайн салбар хөрөнгийн зах зээлтэй гар нийлэн ажиллах нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ” гэв.
 “Эрдэнэ ресурс”-ийн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 640 төгрөг бөгөөд дөрвөн сая ширхэг хувьцаа борлуулан, 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ.Үүнээсээ Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Алтан нар, Баянхөндий хайгуулын төсөлд 2.5 тэрбум төгрөгийг зарцуулах аж.
Хувьцааны захиалга 5 дугаар сарын 29-өөс 6 дугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ.
Давхар бүртгэлтэй болсноор нэгдүгээрт, Монголын хөрөнгийн биржийн зах зээлд цоо шинэ зүйлийг нэвтрүүлээд зогсохгүй төгрөгөөр арилжаа хийх нь Монгол улсын иргэд, уул уурхай, байгалийн баялгаасаа ашиг шим хүртэх боломж олгож буй аж.
           “Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн ерөнхийлөгч Петер С.Анкерли “Хувьцаагаа Монголын хөрөнгийн биржид арилжаалах явц амаргүй байлаа. Бидний давхар бүртгэл хийх системийг үйл хэрэг болгоход хамтран ажилласан Монголын хөрөнгийн бирж, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Санхүүгийн зохицуулах хороонд талархал илэрхийлье. Зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш Монгол улс анх удаа ийн гадаадад бүртгэлтэй компанийн хувьцааг арилжихаар боллоо. Манай компани 14 жилийн өмнөөс Баянхонгор аймагт алтны хайгуул хийж, 50 сая ам долларын санхүүжилт хийсэн. Одоо  өгөөжийг нь хүртэхэд бэлэн болсон. Баянхонгор аймгийн иргэдтэй бид 14 жилийн турш нягт хамтран ажилласаар ирсэн. Өнгөрсөн долоо хоногт бид нутгийн иргэдэд танилцуулга, мэдээлэл хүргэхэд иргэд тааламжтай хүлээн авсан”гэлээ. Мөн тэрбээр “Эрдэнэ Ресурс Девелопмент” Монголд үйл ажиллагаа явуулж буй, гадны хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг 30 орчим компаниас анх удаа Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасныг дурдав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан