Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр орны найрамдалт найрсаг харилцааг түүхэн шинэ хуудсаар баяжууллаа

Монгол, Хятад хоёр улсын ард түмэн олон мянганыг элээсэн эртний хөршүүд. Уул ус, хангай, говиор хиллэсэн хоёр орны маань найрсаг харилцаа, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, ард иргэдийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах “Хятад орныг танин мэдэх”-Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд манай улсад зохион байгуулагдаж байна. Өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн соёл аялал жуулчлалын өдрүүд нь өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотод зохиогдож байсан соёлын арга хэмжээнүүдээс цар хүрээгээрээ хамгийн том, хамгийн олон төрөл зүйлтэй, агуулгаараа хамгийн баян нь болж буйгаараа онцлогтой. Энэ сарын 8-ны өдөр хүртэл зохиогдох соёл аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Гадаад хэргийн алба манай БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвтэй хамтран зохион байгуулж байна. 

Уран сайхны тоглолт, үзэсгэлэн худалдаа, Хятадад орлогоороо тэргүүлсэн шилдэг арван киног үзүүлэх, монгол эмч нарын үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, сургуулиуд хоорондын солилцоо, спортын тэмцээн, хэвлэл мэдээллийн солилцоо гээд олон сайхан арга хэмжээг багтаасан соёлын өдрүүдийн нээлтийн арга хэмжээ Монголын Уран зургийн галерейд болсон юм.

Нээлтэд Хятадын Коммунист намын ӨМӨЗО-ы хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга ноён Бай Юйган, Хятадын тарийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд газрын дарга ноён Лин Ли, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Шин Хаймин, БСШУС-ын сайд Цогзолмаа, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Улаанбаатар хотын дэд дарга Энхтөр нарын албаны хүмүүс оролцов.

    

ӨМӨЗО-ы Соёлын танхимын намын хэсгийн нарийн бичгийн дарга нээлтийг ажиллагааг эхлүүлж хэлсэн үгэндээ “Хятад, Монгол хоёр улсын хамтын хүчин чармайлт, зүтгэлийн ачаар Хятад орныг таних мэдэх, соёл, аялал жуулчлалын өдрүүдээ нээж байна. Энэ удаагийн арга хэмжээ маань хоёр улсын удирдлага нарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэгдмэл ойлголтыг тодорхой хэрэгжүүлэхэд чиглэж байна. Мөн Хятад, Монгол орны соёлын солилцооны шинэ хуудас нээснийг илтгэж буй” гэсэн юм.

Харин Хятадын Коммунист намын ӨМӨЗО-ы хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга ноён Бай Юйган “БСШУСЯ, ГХЯ энэ удаагийн соёлын өдрүүдийг зохион байгуулахад маш их дэмжлэг үзүүлсэн байна. Тиймээс талархсан сэтгэлээ илэрхийлье. Манай хоёр улс уул усаараа залгагдсан мөнхийн хөрш, сайн найз, сайн түншүүд юм. Хятад, Монгол хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө манай дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай олон удаа уулзаж ярилцсан байдаг. Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар ч гэсэн олон удаа санал солилцсон билээ. Саяхан ӨМӨЗО-ы намын хорооны нарийн бичгийн дарга ноён Ли Жихэн Монгол Улсад айлчилж, хоёр улсын удирдлага нарын нэгдмэл ойлголтод хүрсэн зүйлсийг идэвхтэй ахиулахаар маш олон гэрээнд гарын үсэг зурсан. Миний Монгол Улсад энэ удаад хүрэлцэн ирсэн бас нэг зорилго нь Өвөрмонгол, Монгол Улсын аймгуудын хооронд бий болсон хамтын ойлголцлыг хэрэгжүүлэхийн төлөө юм. Ирэх жил Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа байгуулагдсаны 70 жилийн ой тохионо. Тиймээс энэ удаагийн арга хэмжээ маань 70 жилийн түүхт ойг тэмдэглэх нэг бэлтгэл нь болж өгч байна” гэлээ.

Энэ удаагийн соёлын өдрүүдийн арга хэмжээг манай улсын БСШУСЯ хамтран зохион байгуулж байгаа талаар дээр дурдсан. Тиймээс нээлтийн хүндтэй зочдын нэг нь яах аргагүй Ц.Цогзолмаа сайд байв. Тэрээр ирсэн зочид, төлөөлөгчдөд хандаж  хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа энэ өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Монгол, Хятад хоёр улс маань хөрш орон. Олон жилийн харилцааны түүхтэй. Мөн сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн арвин баялаг түүхтэй. Энэхүү уламжлалт харилцаа нь шинэ зуунд агуулга, хэлбэрээр баяжигдаж, нийгмийн амьдралын олон салбарыг хамарч хөгжиж байна. Үүний хамгийн тод илрэл нь хоёр орны улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологи, спорт, аялал жуулчлалын соёлын харилцаа. Улам бүр өргөжиж байгааг талархалтайгаар хэлэхэд таатай байна. Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 70 жилийн түүхт ой болно. Энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх соёл, аялал жуулчлалын өдрүүдийн үйл ажиллагаа нь энэхүү томоохон үйл явдлын угтал болж байна. Энэхүү үйл ажиллагаанд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувиар талархал илэрхийлье. Энэхүү үйл ажиллагаа манай хоёр орны найрамдалт харилцааг нэгэн түүхэн шинэ хуудсаар баяжуулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан