
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд талууд Чех улсаас манай улсын байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг дурдан хэлэлцэв.

Тухайлбал Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Толь булаг хэмээх газарт хавтгай үржүүлэх, хамгаалах төв байгуулах төсөл, Ой болон Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зэрэг ажлуудыг онцлов.
“Баавгай ба зэрлэг амьтны судалгаа, хамгаалал, менежментийн чиглэлээр тухайлбал зэрлэг амьтны тархац нутгийн судалгаа шинжилгээг нарийвчлах, хүний нөөцийг үе шаттай бэлтгэх, судалгаа шинжилгээний чиглэлээр, байгаль хамгаалагч болон мэргэжилтнүүдийг сургах хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа”-г Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир илэрхийллээ.
Мөн Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалсан, өвөрмөц экосистем бүхий, нэн ховор ургамал, амьтны өлгий нутаг болох Нөмрөгийн ДЦГ-т түймрийн дараах байгалийн сэргэн ургалтын дэмжих, нөхөн сэргээлтийн ажлыг ОУ-ын шинжлэх ухааны сайн туршлага, аргачлалд тулгуурлан хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа дурдав.
Нөмрөгийн ДЦГ-т тахь нутагшуулах ажлын анхан шатны суурь бэлтгэл, бааз нь байгаль хамгаалагчдын тусламжтайгаар тал хээрийн түймэрт өртөөгүй гэсэн мэдээлэлтэй байна. Түүнчлэн газар дээр нь ажилласан судлаачдын дүгнэлтээс Тахь нутагшуулах төслийг хэвийн үргэлжлэх боломжтой гэж үзсэнийг онцоллоо.
Талууд тахь нутагшуулах төслийг тогтсон цаг хугацаанд нь хэвийн үргэлжлүүлэх, дархан цаазат газарт онгоц буух зурвас байгуулах, тахь нутагшуулах газрын ойр орчимд түймрээс хамгаалах ажлыг яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдэв.
Түүнчлэн энэ бүс нутагт өргөн хүрээтэй гал түймэр гаргахаас сэргийлэх чиглэлээр урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагаа бүтцийг бэхжүүлэх, түймрийн дараах нөхөн сэргээлт, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоо, техник хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр анхааран ажиллахаар боллоо.























