Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.ДАВАА: ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДҮРЭМТЭЙ БОЛНО

 

Б.БИЛГҮҮН

МоАХ-ны анхдагчдын нэг, Шууд Ардчилал хүрээлэнгийн ажилтан, Доктор Р.Даваатай ярилцлаа. 

-Та сайхан намаржиж байна уу?
-Сайхан намаржиж байна. “Ардчилал” сонины үйлс ямагт бүтэмжтэй байдагт баярлаж явдаг шүү, бид чинь 1990 оны хавраас л хамтдаа байгаа шүү дээ.

-Таны ажил үйлс бүтэмжтэй байгаад бас баяртай байна. Та нийгмийн олон асуудлаар нэвтрүүлэг хийж байсан... 
-Тийм, харин Шууд Ардчилал хүрээлэнд ажилласнаар энэ асуудлуудад биечлэн оролцох боломжтой болсон.

-Танай хүрээлэнгийн Хөтлөх урлагийн сургалтууд анхаарал татаж байна. Энэ талаар тодруулж асуумаар санагдлаа.
-Хөтлөх урлагийг манай нийгмийн амьдралын бүхий л хүрээнд хэрэглэж чадвал бид өнөөдрийн гацаанаас гарах боломжтой. Товчхон хэлэхэд, бүхий л асуудлыг хамтдаа шийдвэрлэнэ гэсэн үг. Гэр бүлийн хүрээнд ч хэрэглэж болно. Бидний гол алдаа юунд байгаа вэ гэхээр аливаа асуудлыг иргэдээсээ асуулгүй, эрх мэдэлтэй хүмүүс өөрсдийнхөөрөө шийдвэрлээд байдаг. Харамсалтай нь, тэр болгон зөв шийд гаргаж ирсэнгүй. Учир нь, тэд асуудлыг иргэдийн нүдээр харж шийдэх ёстойгоо мэддэггүй, өөрсдийгөө илүү сайн мэддэг гэж боддог, нэг талаас... нөгөө талаас улстөрчид асуудлыг  “өөрсдөдөө” ашигтай байдлаар шийддэг нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд тодорхой болоод байгаад эргэлзэх зүйлгүй. Иймд зөвхөн иргэдээ сонсож байж, тэдний оролцоотойгоор аливаа асуудлыг шийдэж байж л хөгжих боломжтой. Үүнийг маш хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл бид одоо үүсээд байгаа “гацаа”-наас ч гарна. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж үг байдаг даа. Өнөөдөр улиг болсон нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт хэн ч итгэхээ больсон шүү дээ. Мөрийн хөтөлбөрийг хүртэл нэр дэвшихээр сонгосон тойргийн иргэдтэйгээ сууж байгаад, санал авч хийх ёстой. Үүний оронд асар үнэтэй нугалбар зэргийг тарааж, амьдралаас тасархай хэрэгждэггүй санаа бодлоо тулгадаг. Хэдий чинээ олон иргэдийг хэлэлцүүлэгт оролцуулж чадна, төдий чинээ үр дүнтэй хөтөлбөр гарна. Иргэдийн саналыг авч байна гэж цуглуулчихаад эцэс төгсгөлгүй шүүмжлэл, гомдол сонсож суух цаг өнгөрсөн. Бодоод үз л дээ, 100 хүн авчраад бүгдийг нь гурван минут яриулъя. Таван цаг сонсох болно. Хэн нэг нь протокол юм хөтөлдөг, тэрийг нь уншсан, саналыг нь тусгасан түүх Монгол Улсад байдаггүй юм. Харин Хөтлөх урлагийн аргаар бол маш хурдан саналыг нь цуглуулж аваад, багцалж нэгтгэнэ. Швейцарьт анх бий болсон энэ аргыг том компаниуд хүртэл хэрэглэдэг. Тэд хөндлөнгийн хөтлөгчийг урьж авчраад асуудлаа шийдвэрлүүлдэг. Хөндлөнгийн хөтлөгч оролцогчдын санаа бодлыг өдөөж, гарсан саналуудыг компанийн удирдлагад нэгтгэж өгнө. Хөндлөнгийн хөтлөгч ямар ч лоббинд орохгүй. Хэлэлцүүлгийн үеэр удирдлага, ТУЗ-ийн гишүүд байхгүй бол бүр сайн. Хэн ч, хэний ч санаанд нөлөөлөх ёсгүй. Гэтэл манай компаниуд эхнэрээрээ захиралаар тавьчихсан, эрх охиноороо менежер хийлгэчихсэн байдаг. Манай компаниудыг олон улсын судлаачид гэр бүлийн компаниуд гээд аль хэдийнэ тодорхойлчихсон шүү дээ. Ийм компаниуд хол явдаггүй, тийм болохоор л тендер, авилга манайд хүчтэй цэцэглэж байна. Уг нь япон, сингапур, солонгосчууд шиг ухаанаа уралдуулаад ажиллавал манайханд чадахгүй зүйл байхгүй. Манайд швейцарь багшийн гараар бэлтгэгдсэн зургаан хөтлөгч бий. Мөн бид өөрсдөө Эрнст Боллигер багшийн шууд удирдлага дор 24 хөтлөгчийг бэлтгэсэн. Хөтлөгчид хэд хэдэн аймагт очиж, 2014 оны Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн хэлэлцүүлгийг амжилттай явуулсан. Манай хүрээлэн Ховд аймгийн Жаргалант сум, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, мөн багш нарын дунд сургалт явуулж, 60 шахам хөтлөгч бэлдсэн. 

-Үнэхээр ургац арвин байгаа юм байна. Хан-Уул дүүрэг дүрэмтэй болох талаар бас ярьсан Энэ нь танай хүрээлэнтэй холбоотой гэсэн үү? 
-Шууд Ардчилал Хүрээлэн өнгөрсөн хавар Хан-Уул дүүрэгтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байна. Үр дүнд нь дүүрэг дүрэмтэй болно. Нийслэлчүүд хотын эмх замбараагүй байдлаас үнэхээр залхсан учир янз бүрийн байдлаар гарц хайж байна. Хан-Уулчуудынхаа энэ л хүсэлд бид тусалж байгаа юм. Хаа сайгүй эмх замбараагүй байдлаас залхаагүй хүн Улаанбаатарт байхгүй. Гэтэл бухимдсан иргэд нийгмийн сүлжээнд “...голын усанд машинаа угааж байна, хотын төвд бие засч байна, өөрөө үзтэл нь шэйрлэ”... зэрэг пост тавихаас хэтрэхгүй байна. Иймд Хан-Уулынхан эмх журамтай байдлыг өөрсдөөсөө эхэлье гэж зориг шулуудан, дүрэмтэй болохоор шийдээд ажиллаж байна. Энэ зорилгодоо ч хүрнэ гэдэгт  бүрэн итгэлтэй байна. Тус дүүргийнхэн асар их зүйл хийж байгааг олон нийт сайн мэдэж байгаа. ИТХ-ын дарга Батбилэг манай МоАХ-ны анхдагч. Тэр ч утгаараа олон зүйл дээр түүчээлж ирсэн улстөрч. Энэ удаа ч гэсэн Хан-Уулаа дүрэмтэй анхны дүүрэг болгохоор хамт олноо нэгтгэн ажиллаж байна.      
                                                          
-Одоо ажил ямар шатанд явна?
-Өнгөрсөн хавар бид 20 гаруй хөтлөгчдийг бэлтгэсэн. Энэ хүмүүстэйгээ хамтран анхны хэлэлцүүлгээ Хан-Уул дүүргийн Соёлын ордонд хийлээ. Иргэд болон дүүргийн албаны хүмүүс идэвхтэй оролцож, цаг үеэ олсон чухал ажил болж гэж дүгнээд, хөтлөх урлагийн аргын дагуу өөрсдийн саналыг бидний төлөвлөсний дагуу хоёрхон цагт багтаан бичгээр гаргасан. Нөгөө улиг болсон хуучны хурал хийдэг аргаар бол мөн л улиг болсон шүүмжлэл, гомдол сонсоод л өнгөрөх байсан юм. Ажлын хэсгийнхэн нэг ч оролцогчийн саналыг гээгдүүлэхгүй, кластердаж багцлан, дүүргийн дүрмийн төсөлд тусгана. Хан-Уул бол онцгой дүүрэг. Дархан цаазат Богд уул, хатан Туул гол маань энэ дүүрэгт байдаг. Гэтэл Богд ууланд хүмүүс хаа дуртай газраа хог хаяж бохирдуулдаг. Туул гол руу нийслэлийнхний бүх бохир урсан ордог. Оролцогчдод гаргах санал маш олон байсан даа. Ямар ч байсан анхны хэлэлцүүлэг амжилттай боллоо. Бид энэ сарын 20-ноос ирэх сарын 20-н хүртэл тус дүүргийн 16 хороон дээр хэлэлцүүлэг явуулах төлөв­лөгөөтэй ажиллаж байна.

-Дүрэмтэй болж, түүнийг мөрдөх цаг хуга­цааны тухай юу хэлэх вэ? 
-Өнөөдөр л үүнийг хийхгүй бол бид алийн болгон ингэж байх вэ. Нэгэн цагт “Азийн цагаан дагина” нэртэй байсан нийслэлээ эргүүлээд сайхан болгох нь хүн бүрийн үүрэг. Хэн ч ирж, хийж өгөхгүй нь ойлгомжтой. Бид өөрсдөө л хийнэ шүү дээ. Зүгээр л хөтлөх урлаг гээд л заагаад явбал үр дүн гарахгүй. Бид юм хийх ёстой. Үүнд ардчиллын анхдагчид маань түүчээлж яваад баяртай байна. “Огцор” гээд МАХН-ын Улс Төрийн Товчоог нэгэнт буулгаж чадсан юм шүү дээ. Одоо яагаад нийслэлээ сайхан болгож чадахгүй гэж.

1 Сэтгэгдэл
Энэ чавганцаар дутаж гэнэдээ
Хамгийн их уншсан
ЭМГЭНЭЛ 2019.09.16