Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Саранцэцэг:Загварын ертөнцөд 30 жил хүчин зүтгэсэн ч одоо л цаг минь ирж

30 гаруй жил хувцас загварын салбарт тууштай хөдөлмөрлөж, загварынхан дундаа “Гоёлын даашинзны” гэх тодотголыг олж авсан дизайнер Б.Саранцэцэгтэй ярилцлаа. Түүний урласан даашинзнууд олон улсын нэр хүндтэй томоохон тэмцээнүүдэд эх орныхоо нэрийн хуудас болсоор ирснийг уншигчид маань санаж буй биз ээ. Үйл мэтгэн бүтээл амилуулж, ур шингээн учиг шаглах эрдмийг эзэмшин, хээнцэр торгыг нэрийн тань хуудас адил эрхэмлэн урладаг түүний дотоод ертөнцөөр уншигч таныг аялуулъя. Угаас даруухан, эгэлхэн зантай тэрээр олны өмнө гарч, бусдын хараанд өртөх тун чиг дургүй ч энэ удаад бидэнтэй элэн далангүй ярилцав.

Гоёл 2007 наадмын оёмол эдлэлийн төрөлд шилдэг дизайнер, Гоёл 2008, Гоёл 2014 наадмын тусгай байрын шагналт, Хөдөлмөрийн хүндэт медальт, дизайнер тэрээр өнгөрсөн жилүүдийн уртад урласан бүтээлийнхээ тайлан болгож,  ирэх жилүүдэд бүтээхээр зорьж буй их үйл хэргийнхээ угтлага болгон энэ сарын 16-ны өдөр анхны бие даасан шоу тоглолтоо хийхээр тун чиг завгүйхэн, бэлтгэл ажлуудаа зэхэж сууна лээ.

-Загварын ертөнцөд хөл тавиад багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч хувь хүний талаарх мэдээлэл тань тун хомс юм. Тиймээс таны туулж өнгөрүүлсэн амьдрал, сурсан сургуулиас ярилцлагаа эхэлбэл ямар вэ?

-Бололгүй яахав. 1987 онд наймдугаар ангиа төгсөнгүүтээ Киргиз улсын Бишкек хотыг зорьж, эрэгтэй гадуур хувцасны оёдолчин мэргэжил эзэмшихээр явж байлаа.  Ээж, аав маань намайг дэвшүүлэн суралцуулна гэдэг байсан ч өөрийнхөө хүсэл зоригоор сонголтоо хийсэн. Тухайн үед Орос руу л явж байвал их гоё санагддаг байсан үе шүү дээ. Яг энэ үед манай сургууль дээр Фрунзийн оёдлын ТЭМС-ийн хоёр урилга ирсэн. Нэг нь эрэгтэй гадуур хувцасны мэргэжлийн оёдолчин. Нөгөө нь эмэгтэй гадуур хувцасны оёдол байлаа. Хар багаасаа үерхсэн найз маань түрүүлж ороод эмэгтэй оёдлыг нь сонгочихсон. Жаахан хүүхэд ч байж. Түрүүлж ороод эмэгтэй оёдлыг нь сонгох байсан юм гэж ирээд бухимдаж байсан санагдана. Ямар ч байсан араас нь ороод эрэгтэй гадуур хувцасны мэргэжлийн оёдолчныг нь авсан. Сургуулиа төгсч ирэнгүүтээ “Ямар азаар эрэгтэй оёдлыг нь авсан юм бол гээд өөртөө их баярлаж билээ. Эрэгтэй оёдол хийж л байх юм бол төгс болно гэдгээ ойлгосон хэрэг. Сайн багш ч таарсан.

Гэхдээ би тухайн үедээ оёдолдоо төгс байгаагүй. Сагс тоглодог, үшүгийн секцэнд явдаг эршүүд хүүхэд байлаа. Багш нар маань “Хулиганка, бандитка” гэж дуудна. Төгсөхдөө дипломоо сайн хамгаалж чадаагүй ээ. Хамгийн муу зэрэгтэй нь байсан байх шүү. Хааяа ангийнхантайгаа уулзахаар “Хичээл хийдэггүй байсан нөхөр ийм мундаг болчих гэж” гээд ярьдаг л юм.

-Ирэнгүүтээ мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн үү?

-Хамгийн анх Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажилд орсон. Гэвч нэг их удаагүй ээ. Хувиараа эрхлэх аж ахуй болчихсон болохоор ажлаасаа гарчихсан. Дараагаар нь цэцэрлэгийн туслах багш, тогооч гээд янз бүрийн л ажил хийж явлаа.

Харин 1995, 1996 оноос хойш Дарханд хувиараа бие дааж нэг жижиг өрөөнд хувцас захиалга ажиллуулж эхэлсэн дээ. 1999 онд Улаанбаатарт орж ирсэн. 2001 оноос хорооллын дэлгэмэл 33 гэдэг байрандаа ажлын гараагаа эхлүүлсэн. Тэр цагаас хойш тасралтгүй арван найман жил энэ байрандаа үйл урлаж иржээ.

Тухайн үед “Яагаад гоёл наадамд оролцож болохгүй гэж гэх бодол миний толгойд эргэлддэг байлаа. Энэ тухайгаа одоо NTV телевизийн нэвтрүүлэгчээр ажиллаж байгаа найз Оюунцэцэгтээ хэлсэн. Тэгээд л 2007 онд Сити дээд сургуулийн хувцас дизайны ангид суралцан даа. Гэхдээ багш нартайгаа зөвлөлдөж, зөвшөөрөл авсны эцэст нэг, хоёрдугаар курст нь суулгүйгээр гурав, дөрөвдүгээр курст нь суралцаж төгссөн.

ОНГИРЧ БАЙГАА ЮМ БИШ. НЭГ Ч УДАА ШАНТАРЧ БАЙГААГҮЙ

-Сити дээд сургуульд орсон жилээ Гоёл наадамд орсон байх аа?

-Тийм шүү. Гэхдээ шагнал авна гэж ерөөсөө төсөөлөөгүй, бодоо ч үгүй. Наадмын эхний өдөр миний коллекцын ард Мөнхшүр дуулсан юм. Гэтэл захирал “Энэ юу болж байгаа юм бэ. Манайхаас ганц найдлага нь энэ байна гээд хоёр дахь өдөр дууны нотыг солиулж байв. Наадмын гурав дахь буюу финалын өдөр эхэлж тусгай шагналуудын эздийг шалгаруулсан юм. Тэгсэн Оёмол эдлэлийн шилдэг дизайнер гээд миний нэрийг зарладаг байгаа. Нэг найзтайгаа хана налчихсан, бохь зажилчихсан зогсч байсан би гэдэг хүн бохио завжиндаа хавчуулаад тайзан дээр гарч байлаа. Анхны минь шагнал байсан болоод ч тэр үү надад их урмыг авчирсан даа.

-Нэр хүндтэй том наадамд анх удаа оролцоод шагнал авна гэдэг зүгээр ч нэг аз биш байх шүү. Тэр үеийн Гоёл наадмын шалгуур ч их өндөр байсан?

-Анхнаасаа шагнал авна гэж бодоогүй гэдгээ түрүүн хэлсэн. Энэ салбарт зүтгэж байгаагийнх дизайнер болоод өөрийгөө сорьж үзье л гэж бодсон хэрэг. Дараахан нь дизайнер Соёлмаа эгчтэй тааралдсан чинь “Чиний материалын сонголт их зөв байсан. Тансаг харагдсан” гэж билээ. Үнэхээр материалын сонголтоо хийх гэж, материал дээрээ яаж ажиллах вэ гээд  их ч хичээсэн. 2008 оны Гоёл наадамд мөн адил их сайн оролцсон гэж боддог. Харин 2014 онд материал олдохгүй их хэцүү байсан. Материал дээрээ материал үүсгэх гэж их хичээсэн. Үр дүнг нь үзэж тусгай байрын шагнал авч байлаа. 

-Дизайнер бол зураач, оёдолчин, сэтгэл судлаач гээд олон мэргэжлийн ур чадварыг шаардсан ажил юм шиг санагддаг. Өрсөлдөөн ихтэй энэ талбарыг олон ч хүн шантарч орхисон болов уу. Харин танд энэ замаасаа ухрах, шантрах үе хэр олон гарч байв?

-Энэ хугацаанд ихийг үзлээ. Олон ч оёдолчинтой хамтарч ажиллаж, зааж сургасан байна. Хамгийн их эмзэглэдэг зүйл маань ажилчид орж, гарах. Гэсэн хэдий ч цаг нь ирэх болно гэж өөрийгөө зоригжуулж, хөгжүүлж ирсэн. Гэхдээ би онгирч байгаа юм биш. Нэг ч удаа шантарч байгаагүй юм шүү. Ажилдаа дур сонирхолтой учир тэр байх л даа. Миний хувьд нэг их зураад байдаггүй. Тухайн хүнтэйгээ харилцаад л ойлголцчихдог. Үйлчлүүлэгчид маань ч үүнийг мэднэ. Хүмүүс надаас хувцсаа аваад гарахдаа ямар сэтгэгдэлтэй гарч байна гэдгийг нь их ажигладаг. Өөрийнхөө урласан хувцсаар гоёсон үйлчлүүлэгчийнхээ сэтгэл дүүрэн инээмсэглэлийг харахсан гэж тэмүүлдэгтэй минь холбоотой байх. Энэ хугацаанд надад олон ч ажлын санал тавьж, өндөр цалин амлаж байсан. Гэхдээ би зорилгоосоо ухралгүй өдийг хүрлээ. Өмнөө тавьсан олон зорилго байна. Эхнээсээ биеллээ олоод л явж байна. Хамгийн гол зорилгуудын маань нэг нь томоохон салонтой, гарын шавьтай болох.

ӨӨРИЙНХӨӨ УРЛАСАН ХУВЦСАА ӨМСӨӨД ГАРАХАД ХҮМҮҮС НАМАЙГ ТАНЬДАГГҮЙ

-Та Монголын шилдэг дизайнеруудын нэгд зүй ёсоор тооцогддог хэрнээ бусдаас тэс өөр хүн юм. Ямар нэгэн бардам ихэмсэг зан, амбийцыг танаас олж харсангүй. Угаасаа ийм даруухан хүн үү?

-Би угийн л даруу хүн. Гэхдээ найз нөхөдтэйгээ уулзахдаа, загварын охидтойгоо чөлөөт цагаа өнгөрөөхөөр гарах үедээ амбийцтай хувцаслаж чаддаг шүү. Тэдэнтэйгээ үеийн юм шиг л харагдаж чадна. Харин ажил дээрээ бол арай өөр. Үйлчлүүлэгчдэдээ анхаарах ёстой. Заавал төгс, алдаа мадаггүй загвар гаргана гэдэг зарчим баримталдагтай минь холбоотой. Ер нь бол миний зорилго бол энэ. Яахав, амбийц хөөх цаг нь ирээгүй юм болов уу даа гэж бодож байна.

Гэхдээ би оюутан байхдаа их дэггүй, охидуудаа хөөрхөн шоглочихно, эршүүд байрын хүүхэд байсан. Сургууль төгсч ирээд охиноо гаргасны дараа огцом өөрчлөгдсөн. Юбка өмсдөггүй хүн чинь өмсдөг болох жишээний. Эмэгтэй оёдлыг авсан найз маань эмэгтэйлэг байснаа эршүүд болчихсон. Их сонин шүү.

-Ингэхэд өөрийнхөө хувцаслалтад хэр анхаардаг вэ. Өөртөө зориулж дахин давтагдашгүй цор ганц бүтээл урлаж өмсдөг үү?

- Мэдээж өөртөө зориулж загвар гаргаж хувцас урлалгүй яахав. Ажил дээрээ энгийн харагддаг ч, өөрийн урласан хувцсаа өмсөөд гарахад хүмүүс намайг таньдаггүй. Нэлээд этгээд хувцасладаг гэх үү дээ. Этгээд загварт илүү дуртай. Тиймээс шоунд маань ч гэсэн энэ талын хувцас түлхүү орсон. Хүмүүс намайг гоёлын даашинзны Сараа гэж их тодотгож ярьдаг. Уг нь гоёлын даашинз гэхээсээ илүүтэй миний үндсэн мэргэжил бол эрэгтэй гадуур хувцасны мэргэжлийн оёдолчин шүү дээ. Үүнийгээ ч гэсэн шоундаа тусгаж харуулахыг зорьсон байгаа. Мөн дээлнүүд, эрэгтэй, эмэгтэй гоёлын хослол байна. Тиймээс ямар чиглэлийг илүү түлхүү барьдаг гэдгээ шоугаараа харуулах болно.

-Та “Дэлхийн оюутан мисс” А.Сарнай, “Монголын сайхан бүсгүй 2018” уралдааны алтан эрдэнийн өргөмжлөлт “Miss World 2018” тэмцээний үндэсний ялагч Э.Энхриймаа, “Miss Universe Mongolia” тэмцээний үндэсний ялагч Д.Долгион гээд олон гоо бүсгүйчүүдийн гоёлын даашинзыг урласан. Даашинзаа тэдэнд санал болгож өмсгөдөг үү эсвэл тэд танд санал тавьдаг уу?

-Өөрсдөө саналаараа ирээд захиалгаа өгдөг. Мөн зохиолын дуучдын ихэнх нь дээл, даашинзаа надаар хийлгэдэг. Дэлгэрмөрөнгийн хослол, пиджакуудыг гэхэд олон жилийн өмнө хийж байлаа. Одоо хүртэл өмсч байгаа. “Таргалсан ч гэлээ энэ хувцаснаасаа салах дургүй” гэж ирээд ярьдаг юм. Миний бүтээлүүд загвараасаа гадна тухайн хүний биед сууж өгдөг, хэлбэр сайтай байдлаараа давуу талтай. Ирсэн үйлчлүүлэгчдэдээ ч гэсэн материал нь чухал, энгийн хэрнээ биед сууж өгсөн байх хэрэгтэй гэж зөвлөдөг. Манайхан заримдаа хэт хэтрүүлэх гээд байдаг гэмтэй. Миний хувьд загвараа гаргахын тулд гадны загваруудыг нэлээд судалдаг. Гадны дизайнерууд юу хийж байна, яаж хийгээд байна гэдэг дээр нэлээд түлхүү ажилладаг гэсэн үг.

БИЕ ДААСАН ШОУ ХИЙХ НЬ ДҮҮГИЙН МИНЬ МӨРӨӨДӨЛ БАЙСАН

-Удахгүй таны анхны бие даасан шоу болно. Загварынхан болоод үйлчүүлэгчид тань танаас илүүтэй энэ шоуг тэсэн ядан хүлээж байх шиг байна. Арай л хожуу хийж байна даа гэж бодогдох юм уу?

-Өмнө нь Гоёл наадмаас эхлээд хувцас, загварын шоунд орж л байсан. Мөн загвар өмсөгч охинтой хамтарч шоу хийж байсан удаатай. Түүний загвар дээр нь ажилласан хэрэг. Хүмүүс ч маш их сэтгэл өндөр хүлээж авсан. Харин энэ удаагийн бие даасан шоугаа дүүгийнхээ өөд болсон дурсгалд зориулан хийх гэж байна. Дүү маань өөд болоод гурван жил өнгөрчээ. Дүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж хийж буй болохоор гоёлын даашинз хийе, түүнийхээ өмсч амжаагүй хувцсыг нь урлая гэж бодсон. Шоу хийх гэж байгаа гол зорилго нь ердөө л энэ. Дүүдээ зориулж хувцас эсгэж байхдаа олон ч удаа нулимс дуслуулсан. Одоо ч гэсэн бүтээлээ хараад уйлж л сууна. /нулимсаа барьж дийлэхгүй байлаа/ Шоунд танилцуулагдах бүтээлүүдийн ихэнх нь Жулиана загвар.

-Таны дүүг дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий байсан гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг?

-Тийм ээ. Том эгчийн маань охин л доо. Эгч охиноо төрүүлээд удаагүй байхдаа хичээлдээ явах шаардлагатай болсон юм. 14 сартай жаахан охин ээж, аав дээр минь үлдэж байлаа. Тэгэхэд би 10 настай байв. Дүү маань 8 нас хүртлээ манайд байсан. Их авьяастай хүүхэд байж билээ. Миссийн, урлагийн тэмцээнд их орно. Тэр үед нь хувцсыг нь урлаж өгнө. Дүүгээ гоёхон минь, ганганхан минь гэж дууддаг байсан юм шүү дээ. Санах бүртээ л дүүдээ зориулж цахим хуудсандаа зурвас бичдэг.

Дүү маань намайг их дэмждэг, загварын шоуг тань хийнэ гэж их ярьдаг байж билээ. Бүх хувцсаа надаар хийлгэдэг, их ганган ч байсан. Их гоё гоё санаа өгнө. Оёдлын машин хүртэл авч өгч байлаа. Тиймээс дүүгийнхээ хүслийг биелүүлье, бүх зүйлийг төгс хийе гэж шийдээд шоугаа хойшлуулсаар өдийг хүрчээ. Энэ шоу миний ч хүсэл мөрөөдөл. Тиймээс хамтдаа хүсч мөрөөдөж ирсэн мөрөөдлөө биелүүлэхээр хичээж яваа минь энэ. Дүүгээ бодох, ярих бүрийд л нулимсаа залгиж сууна. Өөд болоод гурван жил болсон байхад ер мартагдахгүй юм.

Энэ дашрамд дүүдээ зориулж Жулиана брэнд бий болгож байгаагаа хэлмээр байна. Гэхдээ Жулиана гэдэг нэрийг сенсаац болгохыг хичээгээгүй юм шүү. Үүнийг шоунд ирэхдээ хүмүүс мэдрэх байх. Энэ загвар маань их этгээд гэдгээрээ онцлогтой. Мөн цорын ганц загваруудыг урласан байгаа. Ямар загвар урласныг шоунд маань ирээд харах байх.

-Шоу болоход хоёр хоног л үлдсэн байна. Загварынхан танд их урам өгч байгаа болов уу. Ингэхэд шоу тань хэдэн хэсгээс бүрдэж байгаа билээ?

-Урам өгөхөөсөө гадна эд нар маань намайг хурцалж өгдөг юм. Цаг нь ирэхээр болох л байх гэдэг даруухан хариулт өгдөг байлаа. Одоо бол цаг нь ирсэн байна. Өнгөрсөн цаг хугацаанд өөрийгөө хөгжүүлж, их ч бэлдсэн. Материалаа ч базаасан. Одоо бол ямар ч хувцсыг инээж байгаад л хийнэ. Энэ хугацаанд Шарав гуайн хэлсэнчлэн чимээгүй хөдөлмөрлөж иржээ. Шаргуу хөдөлмөрлөхийнхөө зэрэгцээ олон хүнийг хоолонд нь хүргэсэн, сургасан байна.

Шоуны маань хувьд дөрвөн коллекцоос бүрдэж байгаа. Эхний хэсэг нь миний хойно сурсан, гартаа оруулсан эрэгтэй, эмэгтэй коллекц байх болно. Мэдээж Жулиана брэндээ танилцуулна. Гоёлын даашинзнууд байна. Сүүлийн коллекц нь торгон зүүмэл байх болно. Өнгөний хоршлыг харуулахыг зорьсон байгаа.

ШОУНЫХАА ҮЕЭР ЖУЛИАНА БРЭНДЭЭ ТАНИЛЦУУЛНА

-Шоунд танилцуулагдах загваруудаа худалдаалах уу?

-Худалдаална. Мэдээж цор ганц загвар гэдэг утгаараа үнийн хувьд арай өөр түвшинд байх болно. Ер нь би нэг их онгироод байдаггүй л дээ. Гэхдээ нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд би ямар ч пермеркгүйгээр бүх загвараа урласан. Нэг ч моделийг пермерк өмс гэж дуудаагүй. Үүнийгээ би бахархалтайгаар яримаар байна. Эргээд харахаар энэ олон хувцас яаж гараас гарсан юм бэ гэж бодогдож байна. Одоо бол өмдний, ханцуйны урт, бүсэлхийний тойргоос өөр засвар байхгүй ээ. Бүтээлүүд эхнээсээ гараад ирсний дараа жаахан голонгуу санагдсан. Яах ёстойгоо ч ойлгохгүй байсан. Харин Жулиана загвар гараад ирсэн чинь тайвширч эхэлсэн. Одоо бол шоу маань гоё болно гэдэгт итгэлтэй байна.

-Ингэхэд хэчнээн загварын ард гарсан байх юм?

-87 загварын ард гарчээ. Наймдугаар сарын сүүлээр эхэлсэн ч дундуур нь захиалгын ажлуудаа ч амжуулсан. Багийнхан маань ч сайн ажилласан болохоор урам зоригтой байна.

-Хоёр хоногийн дараа таны болон дүүгийн тань мөрөөдөл биелнэ. Догдлол дүүрэн өдөр хоногийг тоолж байна уу?

-Ажил маань урагштай сайхан бүтэж байгаа болохоор дүү минь тэнгэрээс хараад баярлаж байгаа даа гэж бодож сууна. Дүүгийн маань жинхэнэ нэр нь Энхбадам юм шүү дээ. Италид сурч байхад нь Жулиана гэдэг байсан юм. Дүүгийнхээ нэрээр брэнд үүсгэж байгаадаа баяртай байна. Шоуны гол зорилго маань л Жулиана юм шүү дээ. Ямар ч гэсэн шоуг маань үзсэн хүмүүс сайхан таашаал аваад гараасай л гэж хүсч байна. Нэвтрүүлэгч Оюунцэцэг найзын маань хэлдгээр хувцас амилахыг хараасай гэж л бодож сууна даа.

-Ингэхэд дизайнер хүний хувьд анхны шоугаа хийх гэж байгаа хүн ямар хувцас өмсөх гэж байгаа нь сонин байна?

-Өмсөх хувцасныхаа загварыг бодчихсон байгаа. Өөрийн дуртай этгээд хувцсаа өмсөнө. Гэхдээ яг ямар хувцас өмсөхийг минь шоунд ирээд хараарай.

-Манай дизайнерууд цор ганц гээд загвар гаргадаг. Гэвч хэсэг хугацааны дараа дуурайгаад хийчихсэн байдаг. Таны бүтээлүүдийг ч гэсэн дуурайсан байхыг үгүйсгэхгүй?

-Ийм зүйл гардаг нь үнэн. Торгон зүймлийг маань хийчихсэн л байсан. Гэхдээ өнгөний хоршил гэж нэг юм бий. Тэрийг хийж чаддаг, чаддаггүй хүн гэж байна. Болхи хийчихсэн байгаа харагддаг л юм. Яахав зэрэгцээд хийгээд сураад байвал буруу нь ч юу байхав дээ.

ГОЁЛЫН ДААШИНЗ УРЛАДАГ Ч ӨӨРТ МААНЬ НЭГ Ч ДААШИНЗ БАЙДАГГҮЙ

-Шинэ жил хаяанд иржээ. Танаас асуулгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Энэ оны шинэ жилийн даашинзны чиг хандлагын талаар мэдээлэл өгөөч?

-Хэт ганган гэхээсээ илүүтэй энгийн байх нь зүгээр юм болов уу. Бас этгээд гэмээр Жулиана загварыг маань нэг сонирхоод үзээрэй. Юбка өмсөөд дээр нь пиджак өмсвөл цоглог харагддаг юм. Эмэгтэйчүүд шинэ жилээр заавал гоёлын даашинз өмсөх алба байхгүй шүү дээ. Яагаад өмднийхөө дээр гоё ганган пиджак өмсч болохгүй гэж. Нэг сонин юм ярихад гоёлын даашинз урладаг хэрнээ надад өөрт маань нэг ч гоёлын даашинз байдаггүй. Дээл ч байхгүй гээд бод доо. Өмсөх дургүй болохоор тэр л дээ. Этгээд хувцас бол олон бий шүү. Загасчны морь усгүй гээд л хүмүүс ярьдаг. Үнэндээ тийм биш шүү. Дургүй болохоор л даашинзгүй байгаа хэрэг. Цагаан сар болохоор монгол төрхтэй этгээд жакет хийгээд өмсчихдөг юм.

-Шинэ жилийн даашинзны захиалгаа авч эхэлсэн үү?

-Авч эхлээгүй л байна. Шоуныхаа дараанаас л авч эхэлнэ. Олон зүйлд толгойгоо өвтгөмөөргүй байна. Тайван байх дуртай хүн л дээ. 

-Сүүлийн үед хүмүүс ч гэсэн чамин ганган гэхээсээ илүүтэй энгийн зүйлсийг хүсэмжлэх болж. Танд ч гэсэн анзаарагдаж байгаа байх?

-Тэр тийм шүү. Би өөрөө ч үйлчлүүлэгчдэдээ тийм шаардлага тавьдаг. Хүмүүс ч их олон юм шаардахаа больсон байна.

-Ингэхэд материалаа хэрхэн сонгодог вэ. Олдоц нь хэр байдаг юм бол?

-Голдуу эндээсээ л авдаг. Таалагдсан материал харах юм бол өөртөө гоёл авахаасаа илүү мөнгө хайрлахгүй авдаг. Чанар, эдэлгээтэй материал хамгийн чухал. Чимэглэл бас чухал нөлөөтэй. Өөрөө аягүй том урлаг. Анх нэг гоёлын даашинзаа чимэглэж, чимэглэж байгаад эргээд харсан чинь аалз шиг л харагдаж билээ. Одоо бол төгс, брэндлэг харагдах байдалд илүүтэй анхаардаг. Аливаа зүйл ихдэхээрээ муухай болдог шүү дээ. Тэгэхээр донжийг нь олох хамгийн чухал. Тиймээс чимэглэлийг урлаг гэж боддог.

ЭЭЖ МИНЬ МИНИЙ НАЙДВАРТАЙ АР ТАЛ

-Та дизайнераас гадна эх хүн. Энэ их ажлынхаа хажуугаар ар гэрийн ажлаа, эзэгтэй хүний үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?

-Ар гэрийн ажил ээжийн минь нуруун дээр л явдаг. Ээж минь Ахуй үйлчилгээнд товч, резин хариуцаж ажиллахаас гадна нягтлан хийдэг байлаа. Ажил дээр нь очих их дуртай байж билээ. Товчнуудыг нь хэлхээд л сууж байдаг байсансан. Гэхдээ хэзээ ч өөрийгөө оёдлын хүн болно гэж төсөөлж байсангүй. Гэсэн хэдий ч дур хүсэлдээ хөтлөгдөөд явсан. Би чинь хоёр эгч, таван ах, гурван эмэгтэй дүүтэй. Айлын эрх хүүхэд нь байсан. Ээж маань эрээн даавуугаар гоё даашинз хийж өгнө. Их уран хүн. Одоо энд тэндээс товч олж ирээд энэ хэрэг болох уу гээд л асуудаг. Хүүг маань ээж минь өсгөсөн. Ээж минь миний найдвартай ар тал болдог юм. Дүү нар маань ч гэсэн их тус болно. Хүүг маань ээжтэй хамт цуг өсгөлцсөн. 11 хүүхэд өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ охин, хүүг минь, талийгч дүүг минь өсгөсөн агуу хүн бий.

-Урласан загвар бүр төрсөн хүүхдээс тань ялгаагүй байх нь дамжиггүй. Гэхдээ хамгийн хайртай бүтээл гэвэл та алийг нь нэрлэх вэ?

-Бүгд л гоё. Гэхдээ хойно байхдаа аавдаа зориулж өмд хийж байлаа. Анхны бүтээлээ аавдаа зориулж хийсэн болохоор сэтгэлд дотно байдаг юм. Миний дипломоо хамгаалсан бүтээл л дээ.

-Хэдийгээр өөрөө биечилж яваагүй ч гэсэн миссүүдийг томоохон тэмцээнд явахад нь сэтгэл догдлоно биз?

-Ард нь захыг нь мушгиад л үлддэг. Арц уугиулаад л сууна шүү дээ.

-Миссүүдээрээ дамжуулаад таны загвар олон улсын тавцанд танигдсан. Олон улсын зах зээлд загвараа гаръя гэсэн бодол байна уу?

-Байлгүй яахав. Эзэмшсэн мэргэжлээрээ бахархал дүүрэн ажилласан олон жилийн туршлага, гар сэтгэл нийлсэн хайртай хамт олныхоо хүчийг нэгтгэн, цаашлаад олон улсын зах зээлд гарах зорилгодоо хүрэхийн төлөө ажиллах болно. Энэ мэтээр бодсон, санасан зүйл олон бий. Яригдсан асуудлууд ч байгаа.

Миний хувьд бас ховор материал цуглуулмаар санагддаг. Тиймээс судалгааны ажлаар гадагшаа явна гэсэн бодолтой байгаа. Болж өгвөл Үндэсний их баяр наадмаас өмнө жижигхэн загварын шоу хийнэ гэсэн бодол бий. Ажилтай холбоотой зарим асуудлыг нууц хэвээр нь үлдээе.

-Цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Удахгүй болох шоунд тань амжилт хүсье.

-Баярлалаа.

22 Сэтгэгдэл
Онгон Сараа гэдэг мөн үү
Нутгийн охин мундаг аав ээж нь их хөдөлмөр ч ээж ахуй үйчилгээд ажиллаж бсан зөв үйлдэлтэй манай нутаг орны бахархал болсон охин шүү ажлын амжилт хүсье
Хөдөлмөрч ,уран дүү чи загварын ертөнцөд нэрээ цуурайтуулах цаг чинь ойрхон иржээ амжилт хүсье ээ
mundag umaa...amjilt husyee
Bayarlalaa.
Nutgiin duud ulam ih amjilt husie
http://StartWeeklyJob.com/?userid=138871
Duudee amjilt
Багийн найз даа амжилт хүсээд баяр хүргэе. Мундаг цоглог бүсгүй шүү.
Нутгийн дүүдээ амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Мундаг шүү
Saraa maani torgon medremjtei chadvarlag bysgyi shyy amjilt
amjilt xvse bvsgvi
Mundag duudee amjilt husie.Sharin golchuudin baharhal bolson busgui shuu.
Сараа маань хөдөлмөрч, ,мунадаг зохион бүтээгч, төдийгүй юманд сэтгэлээсээ ханадаг . Торгон мэдрэмжтэй тийм л гайхалтай эмэгтэй.
Uneheer gaihamshugtai uran medremjtei busgui shuu
Мундаг бүсүйд амжилт хүсье
Үнэхээр зүтгэлтэй мэдрэмжтэй бүсгүйд амжилт хүсье
Saraa maani torgon medremjtei chadvarlag bysgyi shyy amjilt
Миний найз үнэхээр гайхамшигтай уралдаг шүү амжилт хүсье
Уран бүтээлийн гайхалтай Амжилт Сара....
Nutgiin duud ulam ih amjilt husie
Ёстой мундагаа..Уран Торгон мэдрэмж..тансаг бүтээлээ амилуулсан шоу нь гайхамшигаар дүүрэн их сайхан болох байхаа...Сара Амжилт...
Uneheer mundag egch shuu ajliin Undur amjilt husie
Миний багын найз эршүүд зантай сайхан бүсгүй минь улам их амжилтийн төлөө урагшаа
Хамгийн их уншсан