Доллар (USD)

Улаанбаатар

"Монголын хаан ширхэгт" брэндийг хөгжүүлж, дэлхийн зах зээлд таниулна

эрчлэх тэмдгийг Монголын шилдгийн шилдэг ноос ноолууран бүтээгдэхүүнд олгох нь-

"Монголын хаан ширхэгт" гэрчлэх тэмдэгтийг баталгаажуулах хөтөлбөрийн бүтэц, зохион байгуулалт" сэдэвт семинар болж өнгөрөв. Семинарт ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, тус яамны мэргэжилтэн В.Болормаа, Азийн хөгжлийн банкны "TA-8960 MON: Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих" төслийн хамт олон, Монголын ноос ноолуурын холбооныхон болон бусад албаны хүн, үйлдвэрлэгчийн төлөөлөл оролцлоо.

Оролцогчид "Монголын Хаан Ширхэгт" гэрчлэх тэмдэгтийг баталгаажуулах хөтөлбөрийн бүтэц зохион байгуулалт, талуудын оролцоо, уг тэмдэгтийг олгох зарим эрх үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, "Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих" төслийн явц, бүтээгдэхүүний баталгаажуулалт, чанарын тохирлын үнэлгээ хийх, сорил болон итгэмлэгдсэн лабораторийн оролцоо зэрэг асуудалд төвлөрч ярилцсан.

Уг семинарыг "Ноолуур" хөтөлбөрт тусгасан "Монгол ноолуурын өнгө, давуу шинж чанарт тулгуурлан "Монголын Хаан Ширхэгт" брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлах" гэсэн ажлын хүрээнд зохион байгуулсан юм.

"Монголын хаан ширхэгт" гэрчлэх тэмдэг бол зөвхөн нэг брэндийг хөгжүүлэх тухай асуудал биш. Тус тэмдгийг эзэмшигч ХХААХҮЯ, гүйцэтгэх байгууллага Монголын ноос ноолуурын холбоо, дэмжигчид болох олон улсын төсөл, хөтөлбөрүүд, баталгаажуулалтын байгууллага, итгэмжлэгдсэн лаборатори, тэмдгийг ашиглагч аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, хамтын хяналт дээр үндэслэгдсэн, чанарын тогтолцоогоор баталгаажсан бөгөөд Монголын ноос ноолуурыг дэлхийн зах зээлд гаргах маркетингийн томоохон хэрэгсэл.

Энэ ч утгаараа дээд болон нэгдүгээр зэргийн чанартай түүхий эдээр хийсэн, сүлжмэлийн болон нэхмэлийн бүтээгдэхүүний хэрэглээний стандартыг хангасан бүтээгдэхүүнд "Монголын хаан ширхэгт" гэрчлэх тэмдгийг олгох ба энэ тэмдгийг авахын тулд тухайн аж ахуйн нэгж нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанарын тогтолцоог нэвтрүүлсэн, нийгмийн хариуцлагатай байхыг давхар шаардана гэдгийг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү оролцогчдод хандан хэлэв. 

"Монголын хаан ширхэгт" гэрчлэх тэмдгийг Монголын шилдгийн шилдэг ноос ноолууран бүтээгдэхүүнд олгох нь зүйтэй. Ингэхийн тулд түүхий эд бэлтгэн нийлүүлэлтээс нь авахуулаад мөшгих тогтолцоог баримтлах нь зөв. Түүхий эд нь чанартай, түүнийгээ зөв бэлтгэж, шударгаар ажиллах юм бол дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд асуудалгүй. Гагцхүү харилцан хариуцлагатай байхыг анхааруулмаар байгаа юм. Монголын ноос ноолуурын холбоо бол уг гэрчлэх тэмдгийг олгох ажлыг сайн гүйцэтгэж чадна. Харин нэг зүйлийг энэ дашрамд хэлэхэд сарлагийн хөөвөр, тэмээний ноосыг урамшуулалд хамруулмаар байна. Ингэж чадвал зөвхөн ямааны ноолуур гэлтгүй олон төрлийн түүхий эдээр хийсэн чанартай бүтээгдэхүүнээр дотоодын болон гадаадын зах зээлийг хангах нэг нөхцөл хангагдана гэж үзэж байгаагаа Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу илэрхийллээ. 

"Монголын хаан ширхэгт" гэрчлэх тэмдгийг баталгаажуулахад түүнд оролцогч талуудад хэд хэдэн анхаарах асуудал байна. Тухайлбал, ХХААХҮЯ-ны зүгээс "Монголын хаан ширхэгт" брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлахад бодлогоор дэмжих, энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулан, гэрчлэх тэмдгийг олгох шийдвэрийг гаргахдаа асуудалд шуурхай, зарчимч хандах, хяналт тавих нь зүйтэй. Монголын ноос ноолуурын холбооны хувьд гэрчлэх тэмдгийг олгох журмыг яаралтай боловсруулах, шошго, дардасын нууцлалыг сайтар хангах, уг тэмдгийг хэрэглэх эрх авахтай холбоотой хураамжийг ХХААХҮЯ-аар батлуулах, тус яамыг үнэн зөв мэдээллээр хангах зэрэг ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Лаборатори, баталгаажуулалтын байгууллага нь бүтээгдэхүүний чанарын шинжилгээ хийхдээ аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай үйлчилж, уг гэрчлэх тэмдэгийг дэлхий нийтэд танигдах хүртэл үйлчилгээний тарифтаа хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй болов уу. Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн зүгээс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийг чадавхжуулах шаардлагатай байгаа бол малчид түүхий эдээ бэлтгэн нийлүүлэх дээр анхаарч, үйлдвэрлэгчид түүхий эдийн үндсэн шинж чанарыг алдагдуулалгүйгээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, "Монголын хаан ширхэгт" гэрчлэх тэмдгийг авсан бол уг брэндийн нэр хүндийг хадгалах хэрэгтэй гэдгийг ХХААХҮЯ-ны мэргэжилтэн В.Болормаа мэдээллээ. 

Төсөл нь гэрчлэх тэмдгийг баталгаажуулах, олгох болон хянах тогтолцоог бий болгоход мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Монголын хаан ширхэгт бүтээгдэхүүний стандартыг боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө өгч, шаардлагатай сургалт зохион байгуулна. ISO-17065 стандартын норматив бичгийн тогтоосон шаардлагыг хангах мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулахад анхаарна. Олон улсын гэрчлэх тэмдэг шошго, дардасын нууцлалын шаардлагын мэдээллээр хангаж ажиллах болно гэдгээ Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй "Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны төсөл"-ийн зохицуулагч Т.Энхжаргал хэлсэн юм. 

Манай компани "Хөх сарлаг", "Бага насны ямааны ноолуур" гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүнийг бий болгож, үйлдвэрлэх чиглэлээр Хөвсгөл аймгийн Арбулаг, Улаан-Уул, Алаг-Эрдэнэ сумын малчдын хоршоодтой хамтран тэдгээрийн түүхий эдийг ангилан ялгаж бэлтгэх, тус түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр "TA-8960 MON: Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр ажиллаж байна гэж "Жинст Мөрөн" ХХК-ийн захирал Г.Амарболд ярилаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан