Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сав баглаа боодлын брэнд үйлдвэрлэгчид “Мөнгөн богц”-оо гардлаа

Сав баглаа боодлын дэлхийн чиг хандлага нь тухайн бүтээгдэхүүнийг хадгалж хамгаалахаас илүүтэй борлуулалтад брэнд болгох гол нөлөө үзүүлдэг гэдэг. Тиймээс дэлхий нийтээр сав баглаа боодолд ихээхэн анхаарч буй. Анхны гарч байсан бүтээгдэхүүнүүдэд хямд төсөр аргаар хийсэн сав баглаа боодол хэрэглэж байсан бол өнөөдөр ач холбогдлыг илүүтэй ойлгодог болжээ. Тухайлбал, зарим бүтээгдэхүүний 50-иас илүү хувь нь сав баглаа боодол шингэсэн бүтээгдэхүүн байх жишээтэй.  Тэгэхээр сав баглаа боодлын хэрэгцээ дэлхий нийтэд өндөр түвшинд гарсан гэж ойлгож болно.

Манай улсад жилдээ 520 тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын хэрэгцээ шаардлагатай гэсэн судалгаа тооцоо байдаг. Одоогийн байдлаар сав, баглаа боодлын хэрэгцээний 75 хувийг импортоор, 25 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг байна. Эндээс харахад бид өөрийн орны сав, баглаа боодлын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, сав, баглаа боодлын салбарыг тогтвортой хөгжүүлэх шаардлагатай тулгарч буй юм.

Аливаа хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол гэдэг бол зөвхөн хадгалалт, тээвэрлэлтийн үед үүсэх эрсдэлийг бууруулах дайвар эд гэхээсээ илүү хэрэглэгчийн анхаарал, сонирхлыг татахуйц, худалдан авах сэдлийг төрүүлэхүйц өнгө, загварын өргөн сонголттой, чанартай байхыг зах зээл шаардаж байна. Энэ нь эргээд бүтээгдэхүүний өртөг, үнэ цэнийг нэмэгдүүлж, түүний амин чухал бөгөөд салшгүй нэгэн хэсэг болжээ.

60 жилийн түүхтэй, бие даасан салбар болтлоо хөгжсөн сав, баглаа боодлын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлж, хөгжүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын ажлын уялдаа, хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн санаачилга, бодитой оролцоо чухал. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн салбарт эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой ажил, арга хэмжээ авч чадлаа. Тодруулбал, дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэл, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг зузаатгах анхдугаар зөвлөлдөх уулзалт амжилттай болсон юм.

Энэ үеэр дотоодын сав, баглаа боодлын салбарын “Мөнгөн богц” шагнал гардуулах ажиллагаа болов. Шалгаруулалтад уул уурхай, хүнд үйлдвэр, хүнс, хөнгөн, худалдаа, нийтийн хоол гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс дотоодын сав, баглаа боодол үйлдэрлэгч, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж ирсэн хугацаа, худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүн, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажил зэрэг шалгуур үзүүлэлтийг удирдлага болгосон юм.

Хүнсний үйлдвэрийн салбарт “Талх чихэр” ХК, хөнгөн үйлдвэрийн салбарт “Lhamour” ХХК, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт “Оюу толгой” ХХК, худалдааны салбарт Скай хайпермаркет /И-март/ ХХК, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт Микс пицца ХХК тус тус “Мөнгөн богц” шагналаар шагнагдав.

Хөнгөн үйлдвэрийн салбарын “Мөнгөн богц” шагналтан: “Lhamour” ХХК нь сав баглаа боодолдоо хаяг, шошго, наалт, цаасан хайрцаг, уут зэрэг 10 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн ашигладаг бөгөөд Виндзор ХХК-тэй жилд дунджаар 100 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүний худалдан авалт хийдэг байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын “Мөнгөн богц” шагналтан: “Оюу толгой” ХХК нь жилдээ 450 мянга орчим баяжмалын хүнд даацын шуудайг гурван дотоодын хэрэглэгч компаниас худалдан авдаг. Үүнд: “Баян-Уул” ХХК-иас жилдээ 3 тэрбум, “Минерал байг” ХХК-иас жилдээ 5 тэрбум, “Цасодо Пластик” ХХК-иас 4 тэрбум төгрөг, нийтд 12 тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг байна.

Худалдааны салбарын “Мөнгөн богц” шагналтан: “Скай хайпермаркет/И-Март/” ХХК нь нийт 14 нэр төрлийн бүтээгдэхүүндээ сав баглаа боодол худалдан худалдан авдаг бөгөөд жилд 315 сая төгрөгийн худалдаа авалт хийжээ.

Мөн тус арга хэмжээний үеэр сав, баглаа боодлын салбарт үр бүтээлтэй ажилласан зарим хүнд ХХААХҮЯ-ны шагнал гардуулж, уриалга гаргав. Уриалгын нэг гол сэдэв нь Монгол Улсын сав, баглаа боодлын салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах, гадаад харилцааг хөгжүүлэх, экспортын баримжаатай сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд “ДЭЛХИЙН САВ, БАГЛАА БООДЛЫН ХОЛБОО”-нд гишүүнээр элсэх, тус холбооны үйл ажиллагаанд тууштай оролцох, санаачилгатай хамтран ажиллах байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
ЭМГЭНЭЛ 2019.09.16