Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЕРӨНХИЙ САЙД САЙХАН БИЧИГТНҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2018“ улсын 22 дахь уралдааны шилдгүүд өнөөдөр шагналаа гардлаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав.

Уралдааны шилдэг зургаан оролцогчийг гадаадад аялуулдаг, 12 дугаар ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрх олгодгоороо энэхүү уралдаан хамгийн өндөр шагналын сантайд тооцогддог юм. 

Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд болсон шагнал гардуулах ёслолыг МОНЦАМЭ агентлагийн дарга, МУСГЗ Б.Ганчимэг нээж, шилдэг оролцогч нарт баяр хүргэж амжилт хүссэн юм.

    Үүний дараа, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүн байрын эздэд шагнал гардуулж хэлэхдээ, “Төв Азийн цээжинд оршдог Монгол Улс зуу зуун жил өөрийн тусгаар тогтнолыг хадгалж ирсэн түүхтэй. Бидний тусгаар тогтнолыг өвөг дээдэс маань алтан амь, бүлээн цусаа урсган байж бидэнд өвлүүлсэн. Улс орны маань тусгаар тогтнолын үндэс нь хүн ард, бичиг соёл, хил хязгаар юм. Үндэсний соёлоо өвлөн авч, улс орныхоо түүх соёлыг уншин судалж, бахархах нь монголчууд бидний эрхэм үүрэг билээ. Энэхүү уралдааныг зохион байгуулж буй МОНЦАМЭ агентлаг, уралдааныг ерөнхийлөн ивээн тэтгэсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт талархал илэрхийлье. Монгол сайхан бичиг үсгээ олон түмний хүртээл болгоход Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын  Ерөнхий сайд бүх талаар тусалж дэмжин, хамтран ажиллах болно” хэмээн онцлов.

Энэ удаагийн улсын уралдааны 7 ангилалд нийт 3000 орчим оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ. Говь-Алтай, Баян-Өлгий, Завханаас бусад бүх аймаг, нийслэлийн дүүргүүдээс оролцсон бөгөөд Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Төв аймгаас хамгийн олон бичвэр, бүтээл “уралдуулсан” байна.

    Шагнал гардуулах ёслолын дараа уралдааны шилдэг оролцогчидтой уулзсан юм. "Мэргэжлийн багш нар"-ын ангилалд тэргүүн байр эзэлсэн Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш Б.Анхбаяр ярихдаа, “Миний бие энэ уралдаанд тав дахь жилдээ оролцож байна. Оролцох бүртээ тусгай байраас эхлэн шат дараатай ахисаар, уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд, мэргэжлийн багш нараа магнайлсандаа баяртай байна. Энэ удаагийн уралдаанд “Монгол бичгийн сургалт энэ хичээлийн жилд” гэсэн эссэ бичиж, түүнийгээ хичээнгүй бичгээр урласан. Энэхүү бүтээлдээ, үндэсний бичиг соёл бол улс орны тусгаар тогтнолын баталгаа юм. Үүнийг хойч үедээ өвлүүлж байгаа мэргэжлийн багш нар азтай хүмүүс. Тэд сурагчид, шавь нар, эцэг эхчүүд, ард түмний сэтгэлийн хандлагыг өөрчилж чадвал амжилтад хүрдэг гэдэг санааг гаргасан. Энэ удаагийн уралдаанд манай аймгаас 83 багш, 2285 сурагч оролцлоо. Энэ бол нэг аймаг давамгайлсан гэхээсээ үндэсний бичиг соёлын төлөө зүтгэж хөдөлмөрлөж чадсан хүмүүс энэхүү шагналыг аймгаараа хүртэж болдог гэдгийг харуулсан сайхан үйл явдал хэмээн хоймор нутгийнхнаараа бахархаж байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Уран бичлэгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Бямбажаргал, “Миний хувьд энэ уралдаанд тэргүүлж МУИС-д урилгаар суралцах болсондоо баяртай байна. Бийр болон хичээнгүй бичлэг хослуулсан бүтээлээ хоёр сар гаруй хугацаанд урласан. Миний бодлоор, монгол хүн монгол бичгээ дээдэлж, төгс эзэмших ёстойг багш нар шавь нартаа сайтар ойлгуулах нь зүйтэй юм.  Монгол бичиг нь кирилл бичгээс өөр, галиглаж бичдэг тул өөрийнхөө сурах аргазүйд тааруулан, ургуулан бодож тогтоовол илүү хурдан  сурдаг. Үндэсний маань нэгэн гайхамшигт соёл болсон монгол бичгээ дээдэлж яваарай гэж үе тэнгийн найзууддаа хэлье” гэв.

Оролцогчдын хамгийн ахмад нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн, 90 нас давсан С.Жигмэдсүрэн, Төв аймгийн Батсүмбэр сумын өндөр настан Т.Батбаяр, нийслэлийн Хан-Уул дүүргийн өндөр настан С.Цэнд-Аюуш нар байсан бол хамгийн бяцхан оролцогчид нь Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 2"б" ангийн сурагч н.Гийгүүлэн, нийслэлийн 67 дугаар сургуулийн 2"а" ангийн сурагч З.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн 24 дүгээр сургуулийн 3"д" ангийн сурагч Г.Аялгуу нар байжээ.

Мөн уралдаанд ӨМӨЗО-оос таван уран бүтээлч оролцсоноос С.Анис уран бичлэгийн ангилалд тусгай байр эзэлсэн байна. Тэрбээр “Улаанбаатар” Их сургуулийн магистрын нэгдүгээр ангийн оюутан аж.

“Монголын сайхан бичигтэн-2018” уралдааны дүнг танилцуулж байна.

“Мэргэжлийн багш нар”-ын ангилал:

Нэгдүгээр байр: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш Б.Анхбаяр

Хоёрдугаар байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” цогцолбор сургуулийн багш Б.Отгонтуяа

Гуравдугаар байр: Орхон аймгийн Баян-Өндөр сумын багш Л.Сэмжидмаа

Тусгай байр: -Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Монгол билиг оюун” цогцолбор сургуулийн багш Б.Пүрэвсүрэн

-Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн багш М.Эрдэнэцэцэг

“Насанд хүрэгчид”-ийн ангилал:

Нэгдүгээр байр: АШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн 4-р дамжааны оюутан Б.Мандахзаяа

Хоёрдугаар байр: МУИС-ийн монгол хэл шинжлэлийн 3-р курсийн оюутан Н.Баасанхүү

Гуравдугаар байр: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15-р хорооны Иргэдийн Хурлын төлөөлөгч Б.Алтангэрэл

Тусгай байр:

-Сүхбаатар аймгийн “Сүхбаатар” телевизийн найруулагч Ц.Энхбаатар

-Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЕБС-ийн англи хэлний багш Л.Ууганжаргал

“Сайхан бичигтэн анги” ангилал:

Нэгдүгээр байр: Нийслэлийн 1-р сургуулийн 8”а” анги. Удирдсан багш:Ц.Норпил

Хоёрдугаар байр: Хөвсгөл аймгийн СГЗ Ж.Бадараагийн нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай улсын тэргүүний “Дэлгэрмөрөн” сургуулийн 10”в” анги. Бэлтгэсэн багш: О.Нямгэрэл

Гуравдугаар байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8”а” анги. Удирдсан багш: Н.Батцэцэг

“Бүтээл”-ийн ангилал:

Нэгдүгээр байр: Дундговь аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Баттогтох

Хоёрдугаар байр: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 8”г” ангийн сурагч Н.Нямчимэг

Гуравдугаар байр: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн иргэн Ч.Өнөрдэлгэр

Тусгай байр: -Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЕБС-ийн 11”б” ангийн сурагч Э.Гончигсүрэн, 9”б” ангийн сурагч Д.Арвижихсүрэн, Б.Мөнхбат нар хамтарсан бүтээлээрээ

-Хөвсгөл аймгийн ахмад багш Д.Сайнтогтох

Уран бичлэг:

Нэгдүгээр байр : М.Буянхишиг /МУИС-ийн оюутан/

Хоёрдугаар байр: Ч.Бямбадолгор /Архивын Ерөнхий газрын ажилтан/

Гуравдугаар байр: О.Ням-Очир /Чөлөөт уран бүтээлч, уран бичээч/

Тусгай байр: Ц.Бямбажав /УЭ-ийн гишүүн, уран бичээч/

-С.Аньс /”Улаанбаатар” их сургуулийн магистр/

“Сурагчид”-ын ангилал:

Нэгдүгээр байр: -Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 5-р сургуулийн сурагч 11 “в” М.Цэнгүүн

-Нийслэлийн Баянгол дүүрэг “Хүрээ тулга” сургуулийн 11”а” ангийн сурагч Г.Пүрэвсүрэн

Хоёрдугаар байр: -Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 5-р сургуулийн 11 “в” ангийн сурагч Б.Зэсмаа

-Сэлэнгэ аймгийн, Хөтөлийн ЕБС-ийн 11”а” ангийн сурагч С.Мөнхзул

Гуравдугаар байр: -Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 “б” ангийн сурагч Ү.Энхжин

-Сүхбаатар аймгийн лаборатори 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Э.Сайнцэцэг

Тусгай байр: -Нийслэлийн ЕБ-ын 24-р сургуулийн 3”д” ангийн сурагч Г.Аялгуу

-Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийн 9 “г” ангийн сурагч Ч.Дуулим

-Дархан-Уул аймгийн 19-р сургуулийн 7”а” ангийн сурагч Б.Нандинлхам

-Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 8”в” ангийн сурагч Б.Амарзаяа

12-р сурагчдын ангилал:

Нэгдүгээр байр: -Увс аймгийн Улаангом сумын зургадугаар сургуулийн 12 “в” ангийн сурагч Б.Одонтунгалаг

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 12”б” ангийн сурагч Д.Бямбажаргал

Хоёрдугаар байр:

-Сүхбаатар аймгийн лаборатори нэгдүгээр сургуулийн 12”б” ангийн сурагч А.Мөнхтөр

-Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 12 жилийн сургуулийн 12”в” ангийн сурагч С.Энхнасан

Гуравдугаар байр:

-Сүхбаатар аймгийн ЕБС-ийн 12”а” ангийн сурагч Х.Урантуяа

-Нийслэлийн 53-р сургуулийн 12”б” ангийн сурагч С.Энхмаа

Харин “Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналыг Хөвсгөл аймгийн БСГ, Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналыг Хан-Уул дүүргийн 15-р хорооны иргэн Ж.Чанцалдулам, Төв аймгийн Зуунмод хотын дөрөвдүгээр сургуулийн багш Б.Батцэцэг, Ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналыг Ховд аймгийн “Ховд” их сургуулийн монгол хэл, уран зохиолын 2-р ангийн оюутан Н.Золзаяа, Нийслэлийн 11-р сургуулийн багш Б.Должинсүрэн, МУСТА Р.Анхнямын нэрэмжит шагналыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 8”д” анги тус тус  хүртлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан