Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн суудлын төлөө хэн нэр дэвших вэ?

2019 онд спортын салбарт болох томоохон үйл явдлын нэг нь яах аргагүй МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль юм. Учир нь МҮОХ-ны одоогийн Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ оны өмнө гаргасан билээ.  Тодруулбал, 2018 оны 12 дугаар сарын 12-нд болсон МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хуралд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь 2018 оны 11 дүгээр сард Монгол улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн тул  МҮОХ-ны дүрмийн 16.6, 14.2-р заалтыг үндэслэн МҮОХ-ны Ээлжит бус Олимпийн чуулганыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан билээ. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл Д.Загдсүрэнгийн хүсэлтийг хүлээн авч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдах Гишүүдийн хуралд оруулахаар тогтсон гэдгийг тухайн үед нь хэвлэлүүд мэдээлж байсан. Д.Загдсүрэн Ерөнхийлөгч тэтгэвэртээ гарах болсноор 2019 онд спортын салбарынхны анхаарлыг татсан нэгэн сонгууль-үйл явдал болох нь тодорхой болсон. Д.Загдсүрэнгийн оронд Олимпийн хорооны Ерөнхийлөгчийн суудалд суух хүсэлтэй хүмүүс ил далд сэмхэн бэлтгэлээ базаацгааж эхэлсэн нь оны өмнөөс тодорхой болж, салбарынхаа хүрээнд өөрсдийгөө сайн муу аргаар “ажиллаад” эхэлцгээсэн сурагтай байна.

Спортын салбарын хүн бүхний анхаарлыг ихээхэн татаж буй энэхүү албан тушаалд очихоор нэрээ дэвшүүлэх магадлалтай, яригдаж байгаа хүмүүсийг  танилцуулж байна. /Цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаав/

  1. Батболдын БАТТҮШИГ

МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монголын Бадминтоны холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг саяхан Олон улсын олимпийн хорооны Маркетингийн комиссын гишүүнээр сонгогдсон мэдээг салбарынхандаа дуулгасан нэгэн. Залуу үеийн төлөөлөл, АНУ-ын Харвардын сургуулийг төгссөн тэрээр өөрийн эзэмшсэн мэргэжил, хэлний мэдлэг, олон улсын нэр хүндээ ашиглан спортын салбарыг орчин үетэйгээ хөл нийлүүлсэн, шинэ түвшинд хөгжүүлэх  нь дамжиггүй болов уу.

  1. Цэвэгмидийн БАТ-ЭНХ

Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тэрбээр спортын салбарынхандаа зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэрбээр өмнө нь МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан нэгэн.

  1. Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ

Хэнтий аймгийн уугуул Монгол улсын гавъяат тамирчин, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэ нь МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр олон жил ажиллаж буй спорт-олимпизмийн туршлагатай, нэр хүндтэй зүтгэлтнүүдийн нэг. Тэрээр тамирчин байх үедээ Монголын баг тамирчдын тугч хэмээх эрхэм хүндтэй албыг дөрвөн удаагийн олимпийн наадамд буухиалсан гавъяатай. УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа Биеийн тамир, спортын анхны хуулийг батлуулахад томоохон хувь нэмэр оруулсныг дурдах нь зүйтэй байж таарна.

  1. Чимэддоржийн БАТ- ЭРДЭНЭ

Монголын даамын холбооны хүндэт Ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ нь МҮОХ-ны одоогийн удирдлагын эсрэг “тэмцдэг” нэгэн. Тэрбээр бадминтон, олс таталт зэрэг спортыг хөгжүүлэхэд гар бие оролцож явжээ. Мөн өнгөрсөн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байжээ.

  1. Доржсүрэнгийн ЖАРГАЛСАЙХАН

“Оюутны” хэмээх тодотголтой Д.Жаргалсайхан нь Биеийн тамир, спортын газрын даргын албыг хашиж байсан бөгөөд Оюутны спорт холбооны зэрэгцээ модон бөмбөг, гандболын холбооны үйл ажиллагааг хариуцдаг гэнэ.

  1. Чойжгаваагийн ЗОРИГТБААТАР

Монголын хөнгөн атлетикийн хажиолбооны Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нь Биеийн тамир спортын төрөлжсөн сургалттай дунд сургуулийн захирлаар ажиллахаас гадна нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын сургалт сурталчилгааны  чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа нэгэн. Спортын салбарт эрдэм судлал, судалгаа гэдэг чиглэлээр ажилладаг.

  1. Энэбишийн МӨНХ-ОЧИР

УИХ-ын дарга агсан Л.Энэбишийн хүү. Монголын буудлагын холбооны Ерөнхийлөгч  Э.Мөнх-Очир нь Турк улсын Истанбул хотноо консулаар ажиллаж байгаад ирсэн байна. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь нэрээ дэвшүүлж байсан нэгэн.

  1. Жүгдэрийн ОТГОНЦАГААН

Спортын сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр спорт олимпизмын ахмад зүтгэлтнүүдийн нэг. Спортын салбарын шинэхэн мэдээлэл, түүхэн амжилтын содон бүхнийг өөрийн фэйсбүүк хуудсаар түмэн олондоо тараасаар буй. Тамирчид, дасгалжуулагчдаас  эхлээд спорт сонирхогчдын дунд Ото нэрээр хүндлэгдсэн энэ эрхэм МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

  1. Найдангийн ТҮВШИНБАЯР

Монгол түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн аваргуудын нэг жүдо бөхийн Гавъяат тамирчин, Чингисийн одонт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нь олимпийн наадмаас хос медаль хүртсэн түүхэн тамирчин билээ. Аварга биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн тэрбээр спортод хайртай ард түмнээ спортын бахдам амжилтаараа баярлуулсаар байна. Спорт олимпизмийн үйл хэрэгт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулах нь  дамжиггүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан