Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” үзэсгэлэн гарна

Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэнг дэглэн толилуулж байна. Уг үзэсгэлэн 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй ажиллана.  “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай”  үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй тоглоомын олон төрөл зүйл дэлгэгдэж байна. Хамгийн эртний тоглоом нь Сяньби, Уйгарын хаант улсын үед холбогдох тоглоомууд шавар, шаазан хасаа, богийн шагай, тоосгоор хийсэн хонин жиргээ зэрэг археологийн олдворуудыг анх удаа нийтэд толилуулна. Ард түмний дунд өнөө хүртэл уламжилсан хорол, үйчүүр, бажий, буган жиргээ зэрэг 100 гаруй тоглоомыг дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэнгийн үеэр хүүхэд багачууд уламжлалт тоглоомоор тоглож музейн боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой. Уламжлалт тоглоом нь хүүхдийн сэтгэхүйг тэлэх, гарын жижиг булчинг хөгжүүлэх, хамтач эвсэг болгох хүмүүжил, танин мэдэхүйн ач холбогдолтой байдаг.

Та бүхэн “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” үзэсгэлэнгээс монгол тоглоом наадгайн гарал үүсэл, түүх, тоглоомын төрөл зүйл, тоглох арга, хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын сацуу түүхэн хүмүүсийн хэрэглэж байсан зарим тоглоом наадгайтай танилцана. Монгол ардын тоглоом наадгай нь нүүдэлчдийн амьдралд зохицсон тухайн ард түмний байгаль дэлхийтэй харилцах шүтэлцээ, зан үйл, аж ахуйн онцлог, ёс суртахуун, оюуны сэтгэлгээний тод томруун тусгал болсоор иржээ. Монголчууд эртнээс балчир наснаасаа эхлэн шилбүүр унах, чулуугаар гэр барин тоглох, хонины бэлчээрт чулуу таалцах, цагаан мод хаях, шагай няслах, шүүрэх, таалцах, дөрвөн бэрх хаях, шагайн харваа, шагайгаар морь, тэмээ уралдуулах, алаг мэлхий өрөх, бөх барилдах, нум сум харвах, мөс мөргөлдүүлэх болон мөс уралдуулах, дэмбээдэх, хуруудах, хуруу таалцах, олох, оньсон түлхүүрээр тоглох зэрэг хүний ур ухаан, авхаалж самбаа, мэдлэг чадварыг сорьсон олон төрлийн тоглоом тоглосоор байна.

Шинийн нэгэнд золголтоор ирсэн зочин гийчид “Дөрвөн бэрх” орхиж, жилийн нуруу, аз хийморио шинжихээс гадна үйчүүр, алаг мэлхий, дөрвөн бэрх, хорол зэрэг тоглоомуудаар тоглон тухайн жилийн өнгийг тодорхойлдог. Битүүний орой шагайгаар “Алаг мэлхий” өрдөг бол шинийн нэгний өдөр “Дөрвөн бэрх”, “Үйчүүр”, “Хорол”зэрэг тоглоомуудыг тоглодог заншилтай. Шинийн нэгний өдөр өлзий дэмбэрэл бүрдсэн тоглоом тогловол гэрийн жавар үргэдэг төдийгүй тоглоомд хожсон хүн тэр жилийг эрүүл саруул, аз хиймортой сайн давах, онд мэнд орох юм байна хэмээн бэлгэшээх, тоглоомд тэнцэх буюу “хайнцвал”, “хавантай” буюу барцад саадтай байна гэж үзэж, улмаар “хавангаа хагалах”, буюу барцад саадыг арилгах дом засал болгож заавал дахин тоглох зэрэг өвөрмөц зан заншил буй. “Хорол” тоглоом нь ирэх жилийн нуруу үзсэн мэргэ төлөг, заслын шинжтэй байдгаараа онцлогтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан