Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МХБХ-НЫ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ 2019 ОНД ТОХИОЖ БАЙНА

Монголын хөлбөмбөгийн холбоо энэ онд түүхт 60 жилийн ойтойгоо золгож байна. Ойн хүрээнд зохион байгуулагдах ажлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч хэвлэлийн бага хурал хийв.

Тус хэвлэлийн бага хуралд 60 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, МХБХ-ны зөвлөлийн гишүүн Б.Батсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ч.Мөнхзул болон ахмад хөлбөмбөгчин, гавьяат дасгалжуулагч Л.Доржсүрэн нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Түүхт 60 жилийн ойг угтаж Монголын Хөлбөмбөгийн Холбоо 4 томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд үүний эхлэл болгож 02 сарын 19-ний өдөр “ Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тус хүндэтгэлийн арга хэмжээнд бүх цаг үед Монголын шигшээ багийн төлөө тоглож байсан 300 гаруй тоглогчид уригджээ.

60 жилийн ойн хүрээнд холбооны зүгээс олон улсын стандартад нийцсэн том болон жижиг талбайн хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн 79-р сургуульд энэ жилдээ багтаан Азийн Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэгтэйгээр шинэ хөлбөмбөгийн талбайг хүлээлгэн өгч ашиглалтад оруулах юм.

Энэ дундаас 2018 онд хүлээн авч цаашид хөгжүүлэлт хийгдэх МХБХ-ны томоохон төслүүдийн нэг нь Төв аймагт баригдсан Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн баазын барилгын ажил. Өнгөрсөн онд олон улсын стандартад нийцсэн талбайгаа хүлээн авсан бол ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс тохижилтын ажил, гэрэлтүүлэг, хоёр баг нэг дор байрлах боломжтой байр, зам зогсоол зэргийг байгуулах барилгын ажил эхлэх юм.

МХБХ-ны 60 жилийн ойд зориулсан арга хэмжээ цаашид энэ хүрээд дуусахгүй. “Цоо шинэ түүх” эмэгтэйчүүдийн шигшээ багт зориулсан арга хэмжээ, хөлбөмбөгийн спортын мастер цолтнуудаа алдаршуулах, Грассрүүтс болон MFF FAN DAY, Монголын Хөлбөмбөгийн спортын эрдэм шинжилгээний хурал, 60 жилийн түүхийг өгүүлсэн ном, баримтат кино бүтээх зэрэг олон үйл ажиллагаагаар үргэлжлэх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан