Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Раш:Улсын нүнжиг архивт хадгалаастай байдаг юм байна

-Төмөр замын 70 жилийн түүхээр аялуулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ-

1949 онд байгуулагдаж байсан “Улаанбаатар төмөр зам” ХНН маргааш 70 жилийн ойтойгоо золгох гэж байна. Ойн босгон дээрээ буюу өнөөдөр түүхэн замналаа харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгээ Шангрилла зочид буудлын их танхимын үүдэнд нээлээ. Үзэсгэлэнг Улаанбаатар төмөр замын удирдлага, Архивын ерөнхий газар, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Төмөр замчдын уран бүтээлийн төв товчоо гээд олон байгууллага хамтран зохион байгуулжээ. 70 жилийн түүхээр аялуулсан, төмөр замын өнөөгийн байдлыг тусгасан үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа,  Улаанбаатар төмөр замын даргын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш гуай оролцсон юм.

Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш гуайн баярын сэтгэгдлээс хуваалцсанаа уншигч танд хүргэе.

Тэрбээр, “Архивын үзэсгэлэн гэдгийг манайхан саяхныг хүртэл агуулах маягаар ойлгоод явж байх шиг байсан. Гэтэл улсын нүнжиг архивт хадгалаастай байдаг юм байна гэдгийг мунхаг би өнгөрсөн хэд хоногт хагас дутуу ойлгож авлаа. Үзэсгэлэн гаргахын тулд бидэнд яваагүй газар гэж үгүй. Улсын төв архив, Гадаад харилцааны яамны архив, Цэргийн архив гээд бүх архивын газраар орж төмөр замын талаар юу байна гэдгийг нь судалсан. Бидэнд харамгүй сэтгэлээр бүхий л зүйлээ үзүүлсэн. Үзэсгэлэн гаргахад манай байгууллагууд ч их идэвхтэй оролцлоо. Олон хүний хүч дэмээр өнөөдөр ийм сайхан үзэсгэлэн гарч байна. Сэтгэл, зүтгэл байвал бүтэхгүй зүйл гэж алга.   

Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр манай Төмөр замын  төв музейд шүүгээд байх юм бол их зүйл байна. Бүрэн гүйцэд ухаж үзвэл олон шинжлэх ухааны доктор гарах байх гэж бодсон шүү. “Ган зам” дуугаа өчигдөр сонслоо. Гэтэл социализм гэдэг үг төгсгөлд нь цохиж явна. Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн гуайн үгэнд Бээжин-Улаанбаатар-Москва гэдэг үг байдаг. Бээжинтэй харилцаа муудсанаас үүдээд энэ үгийг хассан байсан юм. Харин энэ удаад анхны хувилбараар нь болгож хүмүүсийн сонорыг мялаалаа. Үзэсгэлэн маань хэр зэрэг болсныг үзэгч олон түмэн, төмөр замчид үнэлнэ биз. Би бол дүн тавихгүй” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан