Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Азийн ардын урлагийн их наадам”-ын гранпри шагналтан 4000 eвро хүртэнэ


Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн ардын урлагийн их наадам” 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус наадамтай холбоотой олон нийтэд мэдээлэл хүргэх хэвлэлийн бага хурал өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д зохион байгуулагдлаа. Хэвлэлийн бага хуралд Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, БОАЖЯ-ны Бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Молор нар оролцож их наадамтай холбоотой мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Энэхүү наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Франц, Турк, Энэтхэг, ОХУ, Буриад, Тува, Узбесктан зэрэг 12 орны 200 гаруй оролцогч мөн нийслэл, 21-н аймгаас үндэсний 1500 гаруй ардын авьяастнууд оролцож ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөх юм. Их наадмыг ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн тунгаах бөгөөд гранпри шагналтан 4000 eвро, дэд байр 2000 eвро, гутгаар байр 1000 eврогийн шагнал хүртэнэ.

Их наадмын урьдчилсан шалгаруулалт 06 дугаар сарын 12-14-ний хооронд Ардын дуу, Ардын бүжиг, Ардын хөгжим, Язгуур урлагийн чуулга, Зан үйлийн чуулга гэсэн таван төрлөөр Нийслэлийн соёлын төв өргөө, Улсын Филармони, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон, Улаанбаатар чуулгад явагдана. Харин гадаад оролцогчдын шалгаруулалт 06 дугаар сарын 13-нд Нийслэлийн Соёлын төв өргөөнд болох юм. Тус уралдаануудаас шалгарсан үндэсний болон гадаадын оролцогчдын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн нэгдсэн тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 06-р сарын 15,16-нд Д.Сүхбаатарын талбайд болно.

Их наадмын нэгдсэн хөтөлбөрт:
06-р сарын 13-нд 16.00 цагт 
“ИХ НААДМЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА”
06-р сарын 14-нд 19.00 цагт
“СОЁЛ УРЛАГ-ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
06-р сарын 15,16-нд 11.00-19.00 цагт 
“АРДЫН УРЛАГИЙН ФЕСТИВАЛЬ”
“ЗАН ҮЙЛ, ӨВ СОЁЛЫН ХОТХОН”
06-р сарын 15-нд 19.00 цагт
“ШИЛДЭГ ОРОЛЦОГЧДЫН НЭГДСЭН ТОГЛОЛТ”
06-р сарын 15-нд 19.00 цагт
“ИХ НААДМЫН ХААЛТ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ” тус тус Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан