Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.ГЭРЭЛТ-ОД:ЭХНИЙ ЗОРИЛГО ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛЬ АВАХ

Есдүгээр ангиа төгсөөд хэдийгээр аравдугаар ангидаа орж болох байсан ч ирээдүйгээ арай өөрөөр төсөөлж мэргэжлийн боловсролын сургуульд сурахаар шийдсэн Нарссайханы Гэрэлт-Од 14 настайдаа Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн үсчний 2,5 жилийн ангид оржээ. Төгсөөд үсчний технологичийн ангид дэвшин суралцаад өнгөрсөн нэгдүгээр сард төгссөн гэнэ. 
Тэрбээр үсчний мэргэжлийг өөрийнхөө сонирхлоор сонгосон, дунд сургуульд найзуудынхаа, дүүгийнхээ үсийг засч өгдөг минь нөлөөлсөн байх гэж байв. Түүнээс эрэгтэй үсний хувьд ямар загвар моод болж байгааг лавлахад “Үсний загварын хувьд яг тийм гэхээсээ илүү тухайн хүнийхээ царай төрх, сонирхол, стиль имиж тэр ч бүү хэл хийдэг ажилтай нь зохицуулж засах ёстой юм. Түүнээс ийм загвар моодонд орсон гээд зохих, зохихгүй хамаагүй засч болохгүй л дээ” гэсэн. 
Энэ удаагийн тэмцээнд үсчид долоон модуль бүхий даалгавар гүйцэтгэх ёстой аж. Эрэгтэй, эмэгтэй загварын тайралт, эмэгтэй тайзны загвар, эмэгтэй дээшээ шуулттай upstyle, эрэгтэй хими, эрэгтэй уусгалттай засалт бас нэмэлт үс залгах гэсэн даалгавар орсныг хамгийн богино хугацаанд технологийн өндөр түвшинд ур чадвараа үзүүлж 700-гаас дээш оноо авахад л зорилгодоо хүрч буй нь тэр гэсэн. 
“Монгол ур чадвар” тэмцээний эхний шатанд хоёрдугаар байх эзэлж сүүлийнхэд нь түрүүлж дэлхийн тэмцээнд оролцох эрхээ авсан Н.Гэрэлт-Одын хувьд хими, будгийн хичээл заадаг Л.Одгэрэл багш нь хамт явахаар болсонд өөрийгөө азтайд тооцож буй. Багш нь англи, солонгос хэлтэй, өмнө нь Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож байсан туршлагатай гээд зөндөө олон давуу талтай гэсэн. 
Тэрбээр ойрын болон ирээдүйн зорилгынхоо талаар “Эхний ээлжинд тэмцээнээс медаль авах. Цаашдаа сурсан зүйлээ бусдад зааж өгнө. Үүний тулд өөрийн гэсэн салоноо нээнэ. Гэхдээ ердийн салон биш дэлхийн хэмжээнийх байх ёстой гэж боддог” хэмээн хуваалцсан юм. Салоныхоо нэрийг ч бодоод олчихсон. “Different” буюу “Бусдаас өөр” гэж байх юм гэсэн шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан