Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын дөрвөн шилдэг кино өнөөдөр үнэ төлбөргүйгээр үзэгчдэд хүрнэ

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээг энэ сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй. Энэхүү арга хэмжээний хүрээнд Хятадын шилдэг 10 уран сайхны кино болох "Нүүдэлчин дэлхий", "Дүүлэн ниссэн он жилүүд", "Сүүдэр", Ѳмнѳд туйлын хайр", "Салхи хагалагч", "Том загасны домог", "Чонон сүлд", "Баруунш зорчсон тэмдэглэл", "Томоожоогүй 28 нас", "Баяжихын замнал" Тэнгис, Өргөө 1, Гэгээнтэн, iCinema кино театрт монгол хэлээр гарч байгаа билээ. Тэгвэл өнөөдөр кино өдрүүдийн сүүлийн өдөр бөгөөд дөрвөн кино нь кино театруудын дэлгэцнээ гарах нь.

Дээрх арван киноны "Нүүдэлчин дэлхий", "Дүүлэн ниссэн он жилүүд", "Сүүдэр", Ѳмнѳд туйлын хайр", "Салхи хагалагч" зэрэг таван киног нь монгол дуу оруулгатайгаар хүргэж байгаа билээ. Тухайлбал, дуу оруулалтын найруулагч, орчуулгын киноны нэрт жүжигчин Н.Нэргүйбаатар, орчуулгын кино жүжигчин Ш.Батболд, О.Бэлгүтэй, Т.Тѳрболд, Э.Мѳнхболд, П.Отгонтуул,Б.Баянмѳнхөөс авахуулаад манай чадварлаг дуу оруулагчид дээрх кинонуудад ажилласан байна. Харин бусад кино нь Өвөрмонголын Үндэсний Орчуулан Үйлдэх Төвийн уран бүтээлчид дуу оруулснаар үзэгчдэд хүрч байгаа аж.

Тэгвэл Хятадын кино өдрүүдийн сүүлийн өдөр буюу өнөөдөр манай кино театруудын дэлгэцээ ямар кинонууд гарах талаар товчхон мэдээлэл хүргэе.

НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙ / THE WANDERING EARTH


Ерөнхий найруулагч Гуо Фанийн зөгнөлт, адал явдалт энэхүү кино нь энэ жил бүтээгджээ. Өнөөдөр Тэнгис кино театрт 20:50 цагаас, iCinema кино театрт 19:00 цагаас тус тус гарах юм байна.

Киноны товч агуулга: Эрдэмтэд нар асар хурдтай тэлэн томорч байгааг олж мэдэх бөгөөд дэлхий тун удалгүй нарны аймгийн бусад гараг эрхсийн хамт наранд залгиулан сөнөх нь тодорхой болов. Хүн төрөлхтөн мөхлийн ирмэгт очоод нэгдэн нийлж “Нүүдэлчин дэлхий” хэмээх төлөвлөгөө хамтран боловсруулах ба үүний дүнд манай дэлхий гадаргуу дээрээ 10000 хүчит хөдөлгүүртэй, бүх хүмүүс нь газар доороо амьдардаг, нэгэн том нүүн шилжих байгууламж болж хувирна. Хүн төрөлхтний энэ төлөвлөгөө амжилттай эхэлж, дэлхий байрлалаа сэлгэн өөр нарны аймаг руу шилжих их нүүдлээ эхлүүллээ. Гэтэл нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадийн таталцлын хүчинд автаж мөргөлдөн сүйрэх аюул нүүрлэх ба энэ үе гадаах ертөнцийг үзэхийг хүссэн ах дүү хоёр газар доорх хотоосоо оргон зугатааж гарч ирсэн үетэй давхцсанаар амь өрссөн адал явдал өрнөж эхэлнэ.

ДҮҮЛЭН НИССЭН ОН ЖИЛҮҮД / PEGASUS


Мөн энэ жил бүтээгдсэн инээдмийн жанрын энэхүү киноны Ерөнхий найруулагчаар Хань Хань ажиллажээ. Өнөөдөр Тэнгис кино театрт 16:00 цагаас гарах нь.

Киноны товч агуулга: Алдар хүндийн оргилд гаран мандаж явсан авторалигийн уралдааны тамирчин Жанчы, дүрэм зөрчин нийтийн гараашид уралдсанаар тэмцээнд орох эрхээ 5 жил хасуулан, нэр хүнд нь шалдаа бууж, гудамжинд хоол зарж амьдардаг нэгэн болов. Нэг л өдөр хэн ч юм машинд нь үлдээгээд явсан байсан жаахан хүүхдийг асрах газар өгч чадалгүй авч үлдсэнээр эцгийн үүргийг биелүүлэх ажил давхар нэмэгдэв. Арайхийн тэмцээнд орох эрхээ сэргээлгэн, нэр төрөө сэргээхийг завдтал авторалийн тэмцээн хуучныхаас хамаагүй өндөр шалгууртай, асар их хөрөнгө мөнгө шаардсан бэрх спорт болсон байлаа. Хамтдаа алдаж онож явсан хуучин багийнхныгаа олж, эргэн нэгдэж, тэд одоо цагт ид алдаршин, тэргүүлж буй залуу тамирчин Линь Жэн Дунтай уралдахаар тохиров. Олон жил жолоо бариагүй, цуглуулсан мөнгөгүй, ивээн тэтгэгчгүй Жанчы, алдарт тэрбумтан тамирчныг ялах болов уу?

СҮҮДЭР / SHADOW

Өнгөрсөн жил бүтээгдсэн тулаант, түүхэн, адал явдалт сэдэвтэй тус киноны ерөнхий найруулагч нь Жан И Мо, Ли Вэй юм байна. Өнөөдөр зөвхөн 18:30 цагаас Тэнгис кино театр гарах аж.
Киноны товч агуулга: Дайн байлдаан эзлэн түрэмгийлэл тасардаггүй эртний самуун үеийн Пэй улс. Хаад ноёдын амь нас хэзээ л бол хэзээ үрэгдэж болох дээсэн дөрөөн дээр дэнжигнэдэг тул тэр үеийн хэргэм зэрэгтнүүд дунд өөртэйгөө царай зүс нуруу туруу ойролцоо хүнээр өөрийгөө орлуулан хүмүүсийн дунд байлгаж, өөрөө ард нь нууц байдлаар заавар чиглэл өгөн амьдрах арга ихэд дэлгэрээд байв. Энэ орлон тоглогчдыг Сүүдэр хэмээн нэрийддэг байжээ. Пэй улсын захирагч Зы Үй уг нь цэргийн их жанжин, эр зоригт нэгэн боловч урьд Пэй улсын харьяанд байсан Жэнжөү хотыг эргүүлэн авах тулаанд дайсны талын их жанжин Янцангийн алдарт илдэнд хүнд шархдан бие ихэд доройтсоноор жаахан байхаас нь тусгайлан бэлдсэн өөрийн Сүүдрийг гаргаж ирэн өөрөө нуугдахаас аргагүйд хүрнэ. Гэтэл үзэсгэлэнт авааль эхнэр Шяо-Ай болон эрүүл чийрэг, залуу эр Сүүдэр хоёрых нь дунд хайрын оч цахилах нь бие дорой жанжны уурыг ихэд барах ажээ. Жэнжөү хотоо дайснаас эргүүлэн авч чадаагүй Пэй улсын Пэйлян ван Зы Үй захирагчийн хатан Шяо-Айгаар төлөг буулгуултал үргэлжилсэн их бороо татрах тэр өдөр Жэнжөү хотыг эргүүлэн авна хэмээн төлөгт буув. Үүнийг сонссон Пэйлян вангийн дүү гүнж Чин Пин ихэд баярлан Захирагчийн байгуулсан Жэнжөү хотыг эргүүлэн авах босогчдын бүлэгтэй ван ахаасаа далдуур нэгдэн орно. Бороо зогсч, хотыг эргүүлэн авах тулааны өдөр ирлээ. Эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэл хэрхэн төгсөх бол?

ӨМНӨД ТУЙЛЫН ХАЙР / TILL THE END OF THE WORLD


Уянгын драм, адал явдалт тус кино өнгөрсөн жил бүтээгдсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь Ву Еөү Ень ажилласан байна. Энэ сарын 4-нөөс эхэлж үзэгчдэд хүрсэн тус кино өнөөдөр Өргөө кино театрт 20:00 цагаас гарна.
Киноны товч агуулга: Өмнөд туйл. Унасан онгоц. Хуримын компанийн эзэн У Фүчунь, Огторгуйн физикч Жинь Ру-Итэй учирна. Үг хэл үйлдэл байдал нь огт таардаггүй хоёр залуу Өмнөд туйлын эзгүй мөсөн газар 75 өдөр амьдралын төлөө тэмцэнэ. Чөмөг ташим хүйтэн, хоол хүнс хязгаартай, нүд алдам эзгүй зэлүүд газар амьд үлдэх хүсэл тэдний цорын ганц зорилго болно. Судалгааны станц олж амь аврагдахын төлөөх эрэл хайгуулын явцад зан ааш тэнгэр газар шиг өөр, гэвч заяа тавилангийн эрхээр холбогдсон хоёр байгаль дэлхийг сүрдэн биширч, хайр дурлалыг ойлгон ухаарах ажээ.

Дээрх кинонууд үнэ төлбөргүйгээр үзэгчдэд хүрч буйгаараа онцлог юм.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан