Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барималч А.Очирболд “НордАрт 2019”-ийн дээд шагналын эзнээр тодорчээ


ХБНГУ-ын Бюделсдорф хотноо жил бүр уламжлал болон зохиогддог “НордАрт” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.  Энэ удаагийн “Гэрлийн урт шөнө” арга хэмжээний хүрээнд зохиогдсон “НордАрт 2019” шагнал болон Үзэгчдийн нэрэмжит шагналын  эздийг тодруулах ёслолын арга хэмжээ энэ сарын 21-нд болж, нийт 4.000 зочид, урлаг сонирхогчид оролцжээ. Дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчдээс шалгарсан 371 уран бүтээлчид энэ жилийн “НордАрт”-д оролцсон бөгөөд манай уран бүтээлч, барималч Аюурзанын Очирболд “Дэгрээ” нэртэй 21x17x3,2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээлээрээ “НордАрт 2019”-ийн эзнээр тодорчээ.

Энэхүү дээд шагналыг “НордАрт 2020” үзэсгэлэнд урилгаар оролцох эрх, 10,000 еврогийн мөнгөн шагнал дагалдах бөгөөд албан ёсны гэрчилгээ гардуулах ёслол “НордАрт 2020”-ийн нээлтийн ажиллагааны үеэр буюу 2020 оны 06 сарын 5,6-нд болох аж.

Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй таван жил уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцож байгаа бөгөөд 2015 онд НордАрт симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээлээрээ үзэгчдийн таашаалд ихэд хүрч “НордАрт 2015 үзэгчдийн шагнал”-ыг хүртэж Европ дахь уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн түүхтэй юм байна.

Дашрамд сонирхуулахад, Европтоо хамгийн далайцтай энэхүү томоохон үзэсгэлэнд Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд Монгол Улсын 3 дахь удаагийн бие даасан павильон “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ сэдвээр НордАрт 2019-т тусгай төслийн хүрээнд зохион байгуулагдаж, манай 23 уран бүтээлчид 53 бүтээлээрээ Монгол Улсаа төлөөлөн 10 сарын 13-ны өдрийг хүртэл оролцож буй билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан