Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Малчдын чуулган наран ургах зүг Дорнод аймагт боллоо

 -“Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн анхны салбар зөвлөл Дорнод аймагт байгуулагдлаа-

“Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалт”-ыг хэлэлцэх “ХЭЛ, ХИЛ, МАЛ ГУРАВТАЙГАА БАЙХАД ХЭН БАЯН МОНГОЛ БАЯН" малчдын чуулга уулзалт энэ сарын 1-нд Дорнод аймагт болов. Энэхүү чуулга уулзалтыг Дорнод аймгийн ЗДТГ, “Зундуйн Дорж сан”, “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” НҮТББ хамтран зохион байгуулсан юм.

Арга хэмжээнд Дорнод аймгийн 14 сумын 160 гаруй малчин оролцож малын хулгайн гэмт хэрэг ихэсч байгаагийн гол шалтгаан нь хууль эрх зүйн орчин сул байгаатай холбоотой хэмээн учирлан ярив. Тус арга хэмжээний хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ малчдад танилцуулсан бол аймгийн Мал эмнэлгийн газар үзэсгэлэн зохион байгуулж,худаг гаргадаг аж ахуй нэгж компаниуд захиалга хүлээн авч, малчдыг эрүүл мэндийг үзлэгт хамруулах зэрэг үйлчилгээ үзүүлэв.

“Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” нь өнгөрсөн долоо хоногт 21 аймаг 327 сумын төлөөллийг оролцуулан 1000 малчны анхдугаар их чуулганаа Төрийн ордонд зохион байгуулсан. Энэ үеэр тус нийгэмлэгийн үүсгэн байгуулагчид орон даяар малын хулгайтай тэмцэж, шаардагдах унаа тэрэг, бусад техник хэрэгслийн зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж батлуулахын төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн малыг цахим бүртгэлтэй болгож, малын гарал үүслийг зөв тодорхойлж, малчдад зориулсан вэб сайт ажиллуулж Монголын малчдын нэгдсэн сүлжээг бий болгохоор зорьж буйгаа илэрхийлж байсан юм. Ийнхүү зохион байгуулалттайгаар малын хулгайтай тэмцэж, нэгдсэн шийдэлд хүрч Монгол орныг малын хулгайгаас цэвэрлэх их ажлаа Дорнод аймгаас эхлүүлж анхны салбар зөвлөлөө байгуулсан нь энэ.

Арга хэмжээний үеэр холбогдох хүмүүс юу гэж ярьсныг уншигч танд хүргэе.

Ц.Анандбазар: Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрхзүйн орчныг сайжруулахаас ажлаа эхэлнэ

/МСХГХ Хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн/

-Малын хулгайд өртөөгүй малчин өрх гэж бараг үгүй. Гэлээ ч малчин ард УИХ-аас, Засгийн газраас мөнгө хүсээгүй. Тэд Монгол орны дэлгэр сайхан нутагт аж амьдралаа аваад явчихаж байна. Түүгээр ч зогсохгүй Монголын эдийн засаг, уул уурхай унах үед нь босгож, хэцүү үед нь дэмжээд явдаг сайхан хүмүүс. Харин малчдын ганц хүсч байгаа зүйл нь малын хулгайг таслан зогсоох. Ингэхийн тулд эрүүгийн хуулийг зөв болгож амьдралд нийцүүлж гаргаачээ гэсэн мянга мянган санал ирүүлсэн. Малчин түмний энэхүү хүсэлтийг биелүүлэхийн тулд “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” салбар зөвлөлийг орон даяар байгуулах хэрэгтэй байна. Ингэж байж малын хулгайчдыг гишгэх газаргүй болгож, малчин түмний хөлс хөдөлмөрийг мөлжиж амьдардаг хүмүүсийг үгүй хийнэ. Ийм болгохын төлөө ажиллана. Энэ ажлынхаа эхлэл болгож бид Дорнод аймагт салбар зөвлөлөө байгуулж байна. Малчин түмэн маань сайхан дэмжиж байна. Салбар зөвлөлийн дарга, тэргүүлэгчид, сумдын тэргүүлэгчдийг өнөөдөр томиллоо. Дорнод аймаг өөрийн гэсэн онцлогтой. Яагаад гэвэл Монгол орны хамгийн үүлдэр угсаа сайтай адуу мал цугласан тал нутагтай. Энэ тал нутгийн малчид малын хулгайгүй болох юм. Малын хулгай дотроо адууны хулгай маш их байдаг гэж малчид ярьдаг. Тиймээс Дорнод аймгаас эхэлж малын хулгайтай тэмцээд явбал малын хулгайн зах зээл нь хумигдаж Монгол орон малын хулгайгүй болж, дэлгэр сайхан амьдрал эхэлнэ гэж бодож байгаа. Иймээс МСХГХ Хамгаалах Монголын нийгэмлэгээс малын хулгайг тэглэх зорилтыг дэвшүүлсэн.

М.Бадамсүрэн: Малын хулгайг тэглэх зорилт тавилаа

/Дорнод аймгийн Засаг дарга/

Төр, ТББ, хувийн хэвшил гэсэн энэ гурван субъектийн хамтын ажиллагааг эрчимжүүлснээр малын хулгайг цаашдаа бүр байхгүй болно гэсэн зорилтыг л бид дэвшүүлж ажиллах ёстой. Ер нь, дэлхийд малын хулгай гэдэг асуудал  байдаггүй юм билээ. Монголчуудын хувьд нүүдэллэдэг учраас бэрхшээл их гардаг. Үүнийг шийдэх боломжууд байна гэж үзээд Дорнод аймгийнхан МСХГХ Хамгаалах Монголын нийгэмлэгийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байгаа юм.

Малын хулгайтай тэмцэхэд малчдын нөхөрлөл, бүлгүүдийг сургах, тэдэнд мэдээлэл өгөх, мөн хамгийн гол асуудал нь мөрдөн мөшгих тогтолцоо чухал. Мал эмнэлгийн байгууллагатайгаа хамтраад малаа эрүүл байлгахаас гадна гарал үүсэл нь хэн гэдэг иргэнийх вэ гэдгийг зөв тодорхойлж өгөх олон улсын жишгийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн ирэх онд орон нутгийн төсвөөс тодорхой хөрөнгө тусгаж аппликейшин нэвтрүүлэх хэрэгтэй байна. Ингэснээр ямар малчны хотноос, ямар сум, багаас гарсан мал хаана хүрээд, ямар зах дээр ирж байна вэ гэдэг нь тодорхой болох учиртай. Мал худалдан авдаг төвлөрсөн бүх махны захуудыг цагдаагийн газраас юм уу, төрийн байгууллагаас хянадаг нэгдсэн камерын сүлжээг нэвтрүүлэх, эргүүлийн ажлыг үр дүнтэйгээр, зардал багатайгаар аль болох оновчтойгоор зохион байгуулах гэх мэтээр техник технологийн дэвшил шаардсан ийм ажлуудыг хийж хэрэгжүүлбэл үр дүнгээ өгнө гэж бодож байна.

Т.Ганзориг: Малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой гомдол, мэдээлэл өссөн

/Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа/

Улсын хэмжээнд сүүлийн 3 жилд малын тоо толгой өссөн байхад малтай өрх, малчдын тоо буурсан байна. 2019 оны эхний 10 сарын байдлаар мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 1637 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 649 нэгж буюу 65.7 хувиар өсчээ. Гомдол, мэдээллийн 1487 буюу 90.8 хувь нь хөдөө орон нутагт, 150 буюу 9.2 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна. 

Нийт гэмт хэргийн 216 буюу 14.6 хувь нь Хэнтий, 179 буюу 12.1 хувь нь Төв, 141 буюу 9.5 хувь нь Архангай, 132 буюу 8.9 хувь нь Дорнод, 113 буюу 7.6 хувь нь Сүхбаатар аймагт тус тус бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм. Дорнод аймагт учирсан хохирлыг урьд оны үетэй харьцуулахад 375.9 сая төгрөгөөр буюу 3 дахин өссөн бөгөөд Мал хулгайлах гэмт хэргийн  илрүүлэлт 30.3  хувь буюу урьд оноос 6.5 хувь буурсан.

Мал хулгайлах гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан, хүчин зүйлс нь мал, махны үнийн өсөлт, мал мах, түүхий эд худалдан авдаг газруудад тавих хяналт суларсантай холбоотой. Мөн хүн амын амьжиргааны түвшин, ажилгүйдэл, ядуурал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэлгээ бий болсонтой холбон тайлбарлаж болно. Хууль эрх зүйн орчин, ялын бодлого сул /бүлэглэн, галт зэвсэг, тээврийн хэрэгсэл ашигласан гэх хүндрүүлэх нөхцөл байхгүй болсон / гэх зэрэг зүйлс нөлөөлж байна. 

Манай цагдаагийн байгууллага нууц далд аргаар үйлдэгдсэн болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, гэмт бүлэг, сэжигтэй этгээдүүдэд хяналт тавих зорилгоор төрөл албадын алба хаагчдыг оролцуулсан “Хамтарсан баг”-ийг ажиллуулснаар бүлэг зохион байгуулалттайгаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан 13 бүлгийг илрүүлсэн. Тиймээс хамтарсан багийн гишүүд хэргийг илрүүлэх, сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах ажиллагаанд ахиц гарч байна.

“Аймгийн хэмжээнд мал, мах худалдан борлуулах үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэрэгжүүлж, мал, мах худалдан борлуулах үйл ажиллагааг зөвхөн төвлөрсөн цэг дээр явуулж, хаанаас, хэнээс, ямар мал, мах худалдан авсан талаар ченж нарыг хөтөлдөг дэвтэртэй болгосон нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж болзошгүй ченж нарт хяналт тавих бүрэн боломжтой болсон. Олон нийтийн цагдаагийн 2 ажилтан Чойбалсан хотын хэмжээнд төвлөрсөн бөөний 9 цэг, хиамны 6 цех, бусад гуанз, цайны газар, ресторан, дэлгүүр, сургууль, цэцэрлэг зэрэг газруудад борлогдож буй, нийлүүлэгдэж байгаа мал, маханд хяналт тавьж, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мал хулгайлах болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, бусад эрхзүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Таван эрдэнэ” нэгдсэн арга хэмжээг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 60 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд зохион байгуулахаар удирдамж, төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулан хэрэгжүүлж ажиллаж байгаа.

Ер нь бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн идэвх оролцоо сул, иргэд цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоо бүрэн гаргадаггүй, түргэн шуурхай мэдээлдэггүйгээс хэргийг илрүүлэхэд цаг хугацаа алдагдах, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлага, ялын бодлого сул, тэмцэж буй хүн хүч дутмаг, бүтэц зохион байгуулалт оновчтой бус, дан ганц хууль хяналтын байгууллагын ажил мэт үздэг, гарал үүслийн гэрчилгээгүйн улмаас хаана, ямар газар, хэнд мал мах, түүхий эд худалдан борлуулагдаж байгаа нь тодорхойгүй, хяналт тавих эрх зүйн орчин бүрдээгүйн гэмт хэрэг гарахад нөлөөлж байна.

Ц.Батболд: Нийгэмлэг үүсгэн байгуулж байгаад баяртай байна

/Баяндун сумын аварга малчин/

-Хулгайд малаа алдаад хохирлоо барагдуулсан удаа бий юу ?

Манай сум олон сумтай хил залгаа. Ах нь Цагаан-Овоо, Сэргэлэн,Баяндун сумын залгаа Их-уул гэдэг газар амьдардаг. Малчдын хувьд хулгайд малаа алдсан л бол  буцааж олно, нөхөн төлбөр авна гэсэн ойлголт үндсэндээ байдаггүй ээ. Нөгөө талдаа малын хулгай үйлдсэн гэмт этгээдэд  оногдуулах ял шийтгэл сул байгаа нь малын хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаагийн гол шалтгаан гэж боддог. Энэ жил манайх гүү, морь хоёроо алдсан. Ямартай ч малын хулгайтай тэмцэх нийгэмлэг үүсгэн байгуулагдаж, манай аймагт салбараа нээсэнд баяртай байна.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан