Монгол, Хятад гэлтгүй дэлхий нийтийн анхаарлыг өчигдөр зүй ёсоор татсан нэгэн мэдээлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилсан явдал байв. Тэр дундаа Монголын ард түмнээс 30000 хонь хандивласныг дуулгаж, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпинд хандивын бичиг гардуулсан үйл явдал хөрш орны хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж чадсан нь цахим орчинд хөвөрч буй тэдний сэтгэгдлээс илхэн. Түүгээр ч барахгүй энэ мэдээлэл хоёр цагийн дотор 70 шахам сая хүнд хүрсэн нь үүний нотолгоо биз ээ.
Тэгвэл анхаарлын төвд буй хандивын бичигт чухам юу гэж бичсэн байсан нь хүмүүсийн сонирхлыг илүүүтэй татаж байгаа нь гарцаагүй.
Энэхүү хандивын гэрчилгээг "Говь" компанийн ноолууран дээр бичиж өгчээ. Гэрчилгээнд,
Тэнхлүүн явахад тэмээгээр тусласанаас
Тэвдэж явахад тэвнээр тусла.
Коронавирусийн халдварыг таслан зогсоож, эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, мөнхийн хөрш Хятадын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг болгон Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
Монгол Улсын Их хурлын дарга Г. Занданшатар
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх гэж бичсэн байсан аж.