
Монголын Үндэсний Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, өв соёлын комиссын дарга, Гавьяат хуульч, Цагдаагийн хурандаа Д.Энхтөр, Тамирчдын комиссын дарга, Хөдөлмөрийн баатар, хурандаа О.Гүндэгмаа, Хянан шалгах зөвлөлийн дарга, Гавьяат тамирчин Д.Отгондалай тэргүүтэй ажлын хэсэг “Спортын алдартан-Бидний бахархал” уулзалт арга хэмжээг Завхан аймагт зохион байгуулж байна.
Уулзалтыг аймгийн Засаг дарга, МҮОХ-ны гишүүн, Завхан аймаг дахь Олимпын хорооны дарга Г.Өнөрбаяр нээлээ.
Тэрээр орон нутагт хэрэгжүүлж буй спортын салбарыг бодлого төлөвлөлтөө танилцуулж, амжилт гаргасан тамирчдын урамшуулах, тэмцээн уралдаанд оролцоход үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, сумдад спорт заал шинээр ашиглалтад оруулах, олимпын танхимууд байгуулахад анхаарч буйгаа ярилаа. Мөн сүүлийн жилүүдэд Завхан аймгийн хүүхдүүдийн спортоор хичээллэх сонирхол нэмэгдэж буйд олзуурхаж байгаагаа хэлэв.
Уг сургалтад сумдын биеийн тамирын багш нар, дасгалжуулагчид, спортын клубүүд, тамирчид оролцож байна.

Монголын Үндэсний Олимпын хорооны ажлын хэсэг сумдын ЕБС, цэцэрлэгүүдийн олимпын танхимтай танилцах, Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуульд “Бие бялдарын ерөнхий хөгжлийн 12 чанар” Олон Улсын биеийн тамирын сургалт, аймгийн ХЖТ-т “Спортын алдартан-Бидний бахархал” уулзалт, Цагдаагийн газарт МҮОХ-нд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр танилцуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.
Мөн аймгийн Музейн Олон Улсын Олимпын холбооны хүндэт гишүүн Ш.Магваны алдарын буланд үзмэр гардуулна.























