Шатахууны шуурхай штабаас өнөөдөр /2026.11.09/ ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудад 1,200 тонн, орон нутгийн ШТС-уудад 1,300 орчим тонн АИ-92 автобензин түгээжээ. Арваннэгдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө АИ-92 автобензин ачсан 104 вагон Монгол Улсад орж ирсэн байна. Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдээс нийлүүлэх шатахууны тээвэрлэлт төмөр замын засварын улмаас саатсан ч одоо нийлүүлэлт эрчимжиж байгааг шуурхай штабын төлөөлөл мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд АИ-92 автобензин ачсан 153 вагон буюу 9,108 тонн бүтээгдэхүүн буулгахаар байгаагаас 126 вагон буюу 7,500 тонн шатахууныг буулгах, түгээх ажил үргэлжилж байна.
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 24 мянган тонн буюу 11 хоногийн, дизель түлшний 120 мянган тонн буюу 30 хоногийн, онгоцны түлшний 7,700 тонн буюу 37 хоногийн нөөцтэй байгааг танилцууллаа.
Мөн штахууны хангамжтай холбоотойгоор холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг аравдугаар сарын 28-наас эхлэн шатахуун түгээх станцуудад хоёр үе шаттай хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын талаар мэдээлэл өгсөн өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгч Б.Амарсанаагийн хэлснээр, нийт 482 ШТС-д давхардсан тоогоор хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнд ШТС-уудын 75 хувь нь хэвийн ажиллаж байгаа бол үлдсэн 25 хувь нь шатахууны нөөцгүй болсон болон техникийн шалтгаанаар үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Мөн хоёр болон түүнээс дээш түгээгүүрээр үйлчилж буй ШТС-ын тоо өмнөх шалгалтын үеийнхээс 60 хувиар өссөн байна. ШТС-уудын 75 хувьд 30 хүртэлх автомашины дараалал үүсэж байгаа бол үлдсэн 25 хувьд 30-аас дээш автомашин дараалалд зогсож байжээ.
Түүнчлэн ШТС-уудын 96 хувь нь шатахууны нөөц, борлуулалтын мэдээллээ benzin.mn системд бүрэн оруулсан байна.























