Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүнсний улаанбуудай, бүх төрлийн будааг  татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталвал татварыг 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө. Өнгөрсөн жил хавартаа хүйтэн сэрүүн, хүчтэй салхитай, зундаа хэт халсан зэргээс болж улсын хэмжээнд 30 орчим мянган га талбайн ургацыг хураан авч чадаагүй юм. 2020 оны хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд 60 мянган тонн, хаврын тариалалтад 15 мянган тонн буудай дутагдаж байна. Мөн COVID-19 халдвараас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор иргэд тодорхой хэмжээгээр хүнсний бараа, бүтээгдэхүүн нөөцлөх болсон нь хомсдол үүсгэж болзошгүй гэж үзжээ.

“Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийг баталлаа

Асрамжийн газруудад хөрөнгө оруулалт тааруу, санхүүжилтийн механизм зохистой биш, барилга, тоног төхөөрөмж муудсан зэрэг нь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, тав тухтай орчин бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Асруулж байгаа ахмадуудын хоол, хувцас, ариун цэвэр, зөөлөн эдлэлийн зардлыг нормативын дагуу олгодоггүй, инфляцийн түвшинтэй уялдуулж индексжүүлдэггүй бөгөөд 2014 оноос хойш шинэчлэлгүй өнөөг хүрчээ. Асруулагчдын хувцас, ариун цэврийн хэрэгсэл, бусад зүйлийг худалдан авах, хувийн хэвшлийн асрамжийн газарт санхүүжилт олгохдоо сонгон шалгаруулалт явуулдагаас хугацаа алдаж, энэ хэрээр асрамжийн газруудын үйлчилгээ доголдоход хүрдэг.  Мөн асруулагчид, ялангуяа алслагдсан газарт байх хүмүүс II, III шатны эмнэлгээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ач тусыг бараг хүртдэггүй байна. Асрамжийн газруудын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин бага, нийгмийн баталгаагүй зэргээс болж тогтвортой ажиллах хүнгүй болжээ. Иймээс хууль, эрх зүйн орчин, санхүүжилт, үйлчилгээний хүртээмж, чанар зэргийг цогцоор нь сайжруулахын тулд дээрх хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг 2020-2023 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

Товч мэдээ

-  Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй болон нэг сая төгрөгөөс доош дүнтэй зээлийн үлдэгдэлтэй иргэнд үнэт цаас эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нар болон  “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагад үүрэг болгов. Арилжааны банкны худалдаж авсан үнэт цаасны хүүгийн орлого, “Эрдэнэс силвер ресурс” компанийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах тухай хуулийн төсөл, танилцуулга, үзэл баримтлалыг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.

-  Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын төслийг дэмжив. Хэлэлцээрт ойрын өдрүүдэд гарын үсэг зурах бөгөөд дээрх төрлийн паспорт эзэмшигч монгол иргэд Европын 25 улсад визгүй зорчих боломжтой болно.

-  “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв” УТҮГ-ыг Биеийн тамир, спортын газрын харьяанд байгуулав. Төв нь биеийн тамир, спортоор хичээллэгч иргэн, тамирчдад лавлагаа тусламж, үйлчилгээг амбулаториор үзүүлэх, спортын шинжилгээ судалгаа, туршилт, сургалт эрхлэх үүрэгтэй юм. 

2 Сэтгэгдэл
Шодорго л байх хэрэгтэй шүү. Чоно борооноор дох үгүй шүү.
Улааны аль нэг хүргэн дүү нь гадны улстай Улаанбуудай оруулах гэрээ хийж дээ.
Хамгийн их уншсан