Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Арслан:Төмөр замын бүтээн байгуулалт биднийг ядуурлаас гаргаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр төмөр замын бүтээн байгуулалттай МоАХ-ны үе үеийн төлөөлөл танилцав. Энэ үеэр Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал, Монгол улсын зөвлөх инженер, МоАХ-ны гишүүн С.Арслантай уулзаж,  ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулсан нь зүйтэй болов уу?

-Ах нь Метал боловсруулах, машин үйлдвэрлэлийн салбарт 50 жил ажиллаж байна. “МАН гэдэг чинь би байгаа юм, модон тамгыг нь би сийлсэн” гэдэг шиг хүнд үйлдвэр, металын салбарыг бүгдийг мэднэ. Сургуулиа төгсч ирээд автозасварын заводод слесарь, дараагаар нь мастер, цехийн инженер, хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Тээврийн яамнаас намайг Үйлдвэр, техникийн хэлтэстээ татаж авахад хүнд үйлдвэр хариуцсан хэлтэст нь мэргэжилтнээс нь эхлээд хэлтсийн дарга болтлоо дэвшиж явсан хүн. Улсын захиалгаар Метал боловсруулах салбар, хүнд үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр суралцаж ирсэн учраас салбарын сайддаа “Энэ салбараа нэлээд гадарладаг боллоо. Мэргэжилтнүүдээ дотооддоо бэлтгэдэг болъё. Өөрийгөө хувилъя” гэдэг санаагаа хэлж байв.

Энэ санаа маань бодит ажил болж 1982 онд Метал боловсруулах салбарын мэргэжлээр анхны элсэлтээ авч байлаа. Ерөнхийдөө метал боловсруулах салбарын бүхий л удирдах ажилтнууд, инженер техникийн мэргэжилтнүүд миний шавь. 800-гаад шавьтай болсон байна. Мөн эзэмшсэн мэргэжлийнхээ талаар Орос-Англи-Монгол хэлний толь бичиг гаргасан. Нэг, хоёр, гурав гэсэн дэвтэртэй толь бий.

Төмөрлөгийн үйлдвэрт төрийн бодлого алдагдсан болохоор хэсэг оюутнууд, мэргэжилтнүүдтэйгээ хамтраад Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбоо байгуулсан. Уналтад орсон салбараа өөд татаж, улсын захиалга авч, гадаадаас авдаг сэлбэг  дотооддоо хийдэг болъё гэсэн санаагаар холбооныхоо үйл ажиллагааг эхлүүлсэн.

-МоАХ-той хэдийнээс холбогдсон хүн бэ?

-Манай их сургуулийн багш нар ерөнхийдөө МоАХ-ны анхдагчид. Анхны цуглаанд нь оролцож явлаа. Тэр цагаас хойш МоАХ-тойгоо холбогдсон. Ардчилсан намын гишүүн. Энэ хугацаанд олон ч хүн өөр намд эслүүлэх гэж оролдсон ч ардчиллаа, МоАХ-гоо орхиогүй. Өөрийн үзэл бодлоосоо урваж, шарвасангүй.

-МоАХ-ны үе үеийн төлөөлөл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

-Бүтээн байгуулалтыг үзээд гар бие оролцдоггүй юмаа гэхэд үгээрээ, сэтгэл санаагаараа дэмжье гэж бодож суулаа. Хараад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. 20 гаруй настай байсан бол бүх зүйлээ орхиод энэ сайхан бүтээн байгуулалтад оролцоод явах байлаа. Манай гэр бүлийн хүн ч МоАХ-ных. Бид энэ танилцах аялалд хамт явж байна. Энүүхэндээ гэж хэлэхэд ах нь энэ бүтээн байгуулалтыг хараад 50 жилээр залуужсан шүү.  

Зам дагаж хөгжил явагддаг. Ялангуяа төмөр зам дагаж явах юм бол хөгжил бүр ч хурдасна. Энэ ажлыг эхлүүлэх гэж Ерөнхийлөгч Х.Баттулга маань хэчнээн олон хүнд муугаар хэлүүлэв. Бүтээн байгуулалтын төлөө тууштай явж байгаад нь үнэхээр их баярлаж, бахархаж сууна. Амьд байгаа цагтаа энэ хүнийг тууштай дэмжинэ. Ах нь судалдаг, шүүмжилдэг. “Би эх орондоо хайртай учир шүүмжилдэг” гэж гадаадын нэг хүн хэлсэн байдаг. “Гай болж газар цөмөрчихгүй л бол би гашуун үнэнийг ярина” гэж ахынх нь хэлдэг үг бий. Ганцхан шүүмжлээд зогсохгүй, гарц гаргалгааг нь ч мөн ярьдаг.

-Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол улс хилээ хаагаад хэдэн сар болж байна. Гэсэн хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй урагшилж байгааг та бид нүдээрээ харлаа. Харамсалтай нь шүүмжилсээр л. Тэгэхээр нүдээр үзэж, гараар барьж үзсэн хүний хувьд тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Энэ бүтээн байгуулалтыг бид зүгээр нэг утасны цаанаас шүүмжилж суухын оронд бахархах ёстой юм байна шүү гэж хэлье. Төмөр замыг дагаад маш олон бүтээн байгуулалт хийгдэнэ. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын дагуу 30 гаруй том орд газар нээгдчихсэн, ашиглалтын зөвшөөрөл нь өгөгдчихсөн байна. Энэ болгон чинь биднийг зогсонги байдлаас гаргаж хөгжилд хөтөлнө.

Гагцхүү түүхийгээр нь зөөхгүй боловсруулах үйлдвэрээ барих ёстой. Үүнийгээ дагаад суурьшлын бүс үүсч, иргэд ажил, орлоготой болоод ирнэ. Бид 30 жил эрдэс баялгаа түүхийгээр нь зөөлөө шүү дээ.

-Төмөр зам ашиглалтад орохоор эдгээр орд эдийн засгийн эргэлтэд орж, үнэ цэнэ нь нэмэгдэн, цаашлаад боловсруулах үйлдвэр байгуулах боломж бүрдэнэ гэж байсан?

-Ах нь 2008-2019 он хүртэл эрдэс баялгийн борлуулалтын судалгаа хийж үзсэн. Ингэхэд төмрийн хүдрийн баяжмал, зэсийн баяжмал, цайр, молибден, гянтболд, алт, нүүрс, газрын тосыг дээр дурдсан хугацаанд нийтдээ 99 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байгаа юм.  Үүнээс улсын төсөвт орсон нь15 их наяд төгрөг. Цаана нь үлдсэн 84 их наяд төгрөг “хулгайч” нарын халаасанд орчихсон байна. Манайхан 30 гэр бүл гэж ярьдаг. Тэдний халаасанд орсон гэсэн үг. Гэтэл манай улсын гурван хүн тутмын нэг нь нэн ядуу байна. Энэ судалгаагаа Ерөнхийлөгчид танилцуулна гэж бодож байгаа. Манай ард түмэн ийм ядуу амьдрах ёсгүй. Эдийн засаг өсөөд байна л гэдэг. Үнэн хэрэгтээ тоогоор л өсгөөд, ард түмний амьдралд наалдаж байгаа зүйл алга.  Тэгвэл төмөр замын бүтээн байгуулалт биднийг энэ ядуурал, зогсолтын байдлаас гаргаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна

- Ер нь та энэ бүтээн байгуулалтын талаар өмнө нь ямар мэдээлэлтэй байв?

-Хүмүүс их ам муутай, овоолсон шороо л гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ овоолсон шороо биш байна шүү, ард түмэн минь. Жинхэнэ бүтээн байгуулалт байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга үнэхээр зориг, зүтгэл гаргаж, хардлага, сэрдлэгийн доор бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Хэрвээ Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй байсан бол энэ сайхан бүтээн байгуулалт эхлэхгүй байсан биз. Уг нь хөөрхий цаад санаа нь ард түмнээ ядуурлаас ангижруулж, гачигдлаас гаргах юм шүү дээ. Би ингэж зүрх, зориг гаргаж чадахгүй байсан болов уу. Харин манай Ерөнхийлөгч үнэхээр зоригтой, тууштай юм. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэдэг. Удахгүй түүнийг үнэлэх цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

-Судлаач хүнийхээ хувьд энэ бүтээн байгуулалтыг дагаад хийж хэрэгжүүлчих юмсан гэсэн бодол, санаа төрж байсан болов уу. Бодлоосоо манай уншигчидтай хуваалцаач?

-Одоо энэ төмөр замыг дагаад аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Жишээлбэл, Энергийн төвийг олон улсын аялал жуулчлалын төв болгох боломж бий. Яагаад монгол хүмүүс коронавирус тусахгүй байна вэ гэхээр шим тэжээлтэй малын мах хүнсэндээ хэрэглэж байна. Дээрээс нь энергитэй сайхан нутагтай гэдгээрээ гадаадын жуулчдыг хэдэн саяар нь дуудах боломжтой. Олон жуулчин хүлээж авахын тулд Энергийн төвийг маш сайн тохижуулах хэрэгтэй. Мөн элсээ ашиглаад аялал жуулчлалын газар байгуулж ч болно шүү дээ.

Түүнчлэн дээр дурдсан 30 гаруй том ордуудаа ашиглалтад оруулж, боловсруулах үйлдвэртэй болчихвол манай улс сэв хийгээд босоод ирнэ.

-Монголчуудын өөрсдийн хүчээр барьж байгуулж буй анхны томоохон бүтээн байгуулалт, дан дотоодын компаниудын оролцоотойгоор гэдгээрээ бас нэлээд онцлогтой?

-Монголчууд маань юм хийж сурч байна. Хэзээ бид бетонон гүүр хийж байлаа даа. Гүүрэн дээр очиход өөрийн эрхгүй нулимс цийлэгнэсэн. Монголчууд маань хүний гар харахгүйгээр өөрсдөө хийдэг болчихсон байна. Боломжийн цалин аваад улс эх орныхоо бүтээн байгуулалтад оролцоод явж байгаа залуусыг хараад үнэхээр их бахархлаа. Өнөөдөр манай хэчнээн мянган иргэн гадаадад ажиллаж, хөдөлмөрлөж байгаа билээ. Гэр бүлээ орхиод гадаадад ажиллаж байгаа залуусаа энэ мэт томоохон бүтээн байгуулалтад татан оролцуулаад хангалттай цалинг нь өгөөд яв л даа. Тэгэх юм бол гэр бүлээсээ холдож, хүний газар боолын хөдөлмөр эрхлэхгүй. Улс эх орныхоо хөгжилд гар бие оролцоод, хангалттай цалин хөлс аваад явахдаа тэд ч баяртай байх болно.

Манай иргэдийн гар дээрээ авч байгаа цалин Норвегиос 25, Өмнөд Солонгосоос 15, АНУ-аас 24, Японоос 15, ОХУ-аас 5, Хятадаас 4 дахин бага. Хуучин цалингаас цалингийн хооронд амьдардаг байсан бол одоо өрөөс өрийн хооронд амьдарч байна.

Тэгэхээр энэ төмөр зам цааш үргэлжлээд явах учир залуусаа татан оролцуулж, цалинг нь хангалттай өгөх хэрэгтэй. Хүний төлөө хөдөлмөрлөсний оронд Монголынхоо, үр хойч ирээдүйнхээ төлөө хөдөлмөрлөх бололцоогоор төр засаг хангаж өгөх ёстой.

Толгой, бие сайтай залуус маань гадагшаа яваад дууслаа. “Хаан хүн алдаж болохгүй, Хатан хүн урваж болохгүй, Харц хүн сөхөрч болохгүй” гэдэг. Харц ард маань сөхөрчихсөн учраас л гадаад руу явж ажиллаад байна. Бүтээн байгуулалтын талаар таницуулга хийхдээ төмөр замд ажиллаж байгаа цэргүүд 20-иод сая төгрөгтэй болоод явдаг гэж байна. Цэргийн албаа хаагаад халагдахдаа энэ хэмжээний мөнгөтэй болчихно гэдэг чинь их том дэмжлэг. Тэгээд ч нэг жилийн хугацаанд ийм нүсэр бүтээн байгуулалт хийгдэж байсан удаа манай улсад байхгүй.

-Бүтээн байгуулалтыг үр ашигтай, ашиггүй гэх зэргээр талцан ярих нь олонтаа. Харин та судлаачийнхаа хувьд энэ асуудалд ямар хариулт өгөх вэ?

-Гадаадын компаниар хийлгэсэн бол их өндөр зардал гарах байсан шүү дээ. Харин өөрсдөө зориг гаргаж хийснээр их хөрөнгө мөнгө хэмнэсэн. Замын цагдаагийн хажуугийн гүүр ямар өртгөөр боссоныг нь мэдэх үү. 1 км-ийг нь 42 сая доллараар хийлгэсэн. Үүний хажууд төмөр замын бүтээн байгуулалтын бетонон гүүр асар бага зардлаар босч байна.

Орд газруудаа ашиглаад эхлэхээр үр өгөөжөө харамгүй өгнө. Үр ашгийг нь ч тооцож гаргасан байна билээ. Ерөнхийдөө Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилд том нөлөө үзүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийг өсгөн, тээвэрлэлтийн зардлыг бууруулж, цаашлаад ОХУ, БНХАУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрэх эдийн засгийн болон стратегийн чухал ач холбогдолтой. Тэгэхээр энэ замыг дагаж хөгжил ирнэ. Ирэх ирэхдээ хэд дахин хурдасгасан хөгжил ирнэ. Эцэст нь Хөгжлийг товчилсон бүтээн байгуулалт эхлүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулгад талархая.

Мушгин гуйвуулаад байгаа нөхдөд хэлэхэд нүдээр үзэж гараар барьж үзсэнийхээ дараа шүүмжлээрэй гэж хэлье.

-Хамгийн сүүлд гэхэд төмөр замын суурь бүтэц үерийн усанд угаагдлаа, эвдэрсэн байна гэдэг ташаа мэдээлэл нэлээд газар авлаа?

-Түр зам, төмөр замын суурь бүтэц хоёрыг ялгаж салгаж ойлгоогүйгээс нийгэмд буруу ойлголт төрүүллээ. Гэхдээ байгаль хүртэл шалгаж үзээд зөв газраа далан, хоолой хийснийг нь нотлоод өглөө шүү дээ.

1 Сэтгэгдэл
Хүн төрөлхтөн гариг хоорондын хөлөг бүтээж байхад аль 18-19 зуунд хийж бүтээж байдаг байсан төмөр замыг 21-р зуунд хэлтэй амтай хийж байгаагаа бахдал болгоод дэлхийд зарлахаас ичээд бна.
Хамгийн их уншсан