Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дорнын говьд галт тэрэгний хүнгэнэх дуу сонсогдох цаг ойрхон байна

Монгол орны зүүн өмнөд хязгаарт орших Дорноговь аймагт өнгөрсөн оны тавдугаар сарын 24-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.

Төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоолын дагуу хэрэгжүүлж байна.

Саяхан МоАХ-ны үе үеийн төлөөлөл Монголчуудын өөрсдийн хүчээр барьж байгуулж буй анхны томоохон бүтээн байгуулалттай танилцаад ирлээ.

Энэхүү төмөр замын ерөнхий захиалагчаар МТЗ ТӨХК, ерөнхий гүйцэтгэгчээр ЗХЖШ, дээд бүтцийн гүйцэтгэгчээр УБТЗ ХНН, Захиалагчийн хяналтын зөвлөх үйлчилгээг “Тавантолгой төмөр зам” ХХК гүйцэтгэн ажиллаж санхүүжилтийг дотоодын эх үүсвэрээсээ шийдвэрлэн Монголын 80 гаруй компани туслан гүйцэтгэгчээр бүтээн байгуулалтад оролцож байгаа аж.   

Коронавируст цар тахлын улмаас Монгол улс хилээ хаагаад олон сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж буй ч дотоодын боловсон хүчин, үйлдвэрлэл, нөөц бололцоонд түшиглэсэнтэй холбон тайлбарлаж байлаа.

Тухайлбал, Бетон дэрний үйлдвэрлэлийг дотоодын “Улаанбаатар БҮК” ХК, “Дорнод ган хийц” ХХК, УБТЗ ХНН, “Монгол технологи бүтээмж” ХХК зэрэг аж ахуйн нэгж хариуцан хийж байгаа юм.

Төмөр замын бүтээн байгуулалттай танилцсан МоАХ-ны ахмадууд дотоодын компаниудын оролцоотойг өндрөөр үнэлж, бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бүх хүнд амжилт хүсч байлаа. МоАХ-ны анхдагч гишүүн, Зүтгүүрийн депогийн инженер, засвар эрхэлсэн орлогч дарга хүртэл хийж явсан Ч.Сүрэнхорол гуай сэтгэгдлээ хуваалцахдаа “Энэ бүтээн байгуулалтыг нүдээр хараад үнэхээр их баярлалаа. Ах нь Эрдэнэтийн замыг анх байгуулж байхад хоолойн дотор нь орж унтаад бараг ачигдах шахаж байлаа. 20 гаруй л настай, залуухан. Тэр үед бүхий л байгууллагынхан, оюутнуудыг дайчилж ажиллуулсан юмдаг. Тэгэхэд гар бие оролцож л явлаа. Монголчууд хамтраад хийхээр бүтээдэг юм билээ. Орхон голоос  метр 20-ийн диаметртэй том хоолойнуудыг тийш нь татаж тавьж байлаа. Дараагаар нь Атрын аянд оролцсон. Иймэрхүү томоохон ажлыг нийтийн хүчээр л хийж байсан даа. Энэ бүтээн байгуулалтыг хараад тухайн үеийн минь дурсамж санаанд орлоо. “Ерөнхийлөгч Х.Баттулга л ингэж хийнэ дээ, өөр хэн ч хийхгүй” гэж боддог байсан. Яахын аргагүй эхлүүлсэн байна, ажил нь ч явжээ. Монгол хүний зүрх зориг гэж үүнийг л хэлэх байх” гэлээ.

Өнөөдрийн байдлаар (2020.08.17) газар шорооны ажил 98.29 хувийн, нийт 594 хоолой 93.86 хувийн гүйцэтгэлтэйгээр 58.5 км төмөр зам тавигдаад байна. Төслийн хэмжээнд баригдах 27 гүүр 67.96 хувийн гүйцэтгэлтэй байна билээ.

Энэхүү төмөр зам жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нийт 414.6 километр трассын дагуу нэг өртөө, 6 зөрлөгтэй.  1520 мм өргөн царигтай уг төмөр замын удирдах хэвгий 9 промиль, голын даац 25 тонн бөгөөд 594 ус зайлуулах хоолой, 27 гүүр бүхий дэд бүтэцтэй.  Төмөр замыг даган босох суурьшлын бүсүүдэд 14.000 гаруй ажлын байр шинээр гарах эдийн засгийн тооцоо хүртэл гарчээ.

Төмөр зам ашиглалтад орсноор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компаниудын өрсөлдөх чадвар эрс сайжрах боломжтой. Учир нь төмөр замын трассын дагуу 30 километрийн радиус дотор нийтдээ 37 ашиглалтын лиценз олгогдсон байна. Цагаан суварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зам, цайрын томоохон орд газрууд байрлаж буй учир Монголын уул уурхайн экспортод голлох нөлөөг үзүүлэх төмөр замын чиглэл гэж тодорхойлоход хүргэснээс гадна эдийн засагчид уул уурхайн салбарын эдийн засгийг 2-3 дахин өсгөх боломжтой гэсэн тоцоолол хийжээ.     

         

Мөн Тавантолгой нүүрсний уурхайн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ руу экспортлох шинэ гарцаар уул уурхайн бүтээгдэхүүнээ Солонгос, Японы зах зээлд хүргэх боломжтой.  

Энэ жил зарим газраар хур бороо элбэгтэй зусав. Хүчтэй үерийн улмаас улс, орон нутгийн чанартай хэд хэдэн автозамын далан сэтэрч, зам урссаныг та бид мэднэ. Говийн бүс нутагт борооны ус хөрсөндөө шингэдэггүй, 10 минут бороо ороход л үерлэх эрсдэлтэй.

Биднийг бүтээн байгуулалттай танилцахаар ирэхээс хэд хоногийн өмнө хүчтэй аадар бороо орж төмөр замын чанарыг шалгаад авсан байна билээ. Үүнтэй холбоотойгоор “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далан гүүр үeрт автлаа” гэсэн ташаа мэдээлэл ч түгээд амжсан. Гэвч усанд автсан хэсэг нь төмөр замын гол трассын дагуух гүүр тойруулах зам буюу түр зам байсныг холбогдох албаныхан тайлбарлав. Өөрөөр хэлбэл гүүрийн ажлыг дуустал гүүр тойруулах түр далан бүхий төмөр зам барин, материал техник зөөх, дээд бүтэц тавих зэргээр барилгын ажлын хэвийн үйл ажиллагааг хангаж байсныг нь ташаа мэдээлснээс үүдэн иргэдийг бухимдуулаад амжсан юм.

Ямартай ч сайн муугаар хэлэгдэж иргэдийг ихээхэн төөрөгдөлд оруулдаг ажилтай газар дээр нь танилцсан МоАХ-ны үе үеийн төлөөллүүд өндөр сэтгэгдэлтэй байснаас гадна цаашид шинээр төмөр зам барих боловсон хүчин, техник хэрэгсэл, үйлдвэр зэрэгтэй болсондоо ихэд олзуурхаж байсан юм.

Танилцах аяллын төгсгөлд ЗХЖШ-ын Бүтээн байгуулалт дэмжлэгийн газрын дарга Д.Жаргалсайханд МоАХ-ны өмнөөс МоАХ-ны анхдагч Дарь.Сүхбаатар Төрийн далбааг дурсгал болгон гардуулж “Монгол Улсын Төрийн тэргүүн бөгөөд Зэвсэгт хүчний командлагчийн нэгэн чухал санаачилга нь өнөөдөр та бидний танилцсан бүтээн байгуулалт. Зэвсэгт хүчин хуулиар Монгол Улсын газар шороо, ард түмэн, бүтээн байгуулалтыг амиараа хамгаалах тангарагтай тусгай бүрэлдэхүүн. Тэгэхээр Монгол улсаа хамгаална гэдэг нь бүтээн байгуулалтаа хамгаалахыг хэлнэ. Бүтээн байгуулалтаа хамгаална гэдэг нь өргөн утгаараа өөрсдөө гар бие оролцохыг хэлдэг.

Тийм ч учраас өнөөдөр Зэвсэгт хүчнийхэн энэ түүхэн бүтээн байгуулалтад гар бие, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулан оролцож байна. Зүүнбаян бол нэртэй, түүхтэй газар. Ноён хутагтын өлгий нутаг үеийн үед Монголын хөгжлийн нэгэн тулгуур, нэгэн сайхан багана, өргөө байх болтугай” хэмээн ерөөл хайрласан бол ЗХЖШ-ын Бүтээн байгуулалт дэмжлэгийн газрын дарга Д.Жаргалсайхан “Бидний бүтээж буй ажилтай танилцаад урмын үгээ харамгүй хайрласан МоАХ-ны төлөөлөлдөө маш их талархаж байна. Бид Монгол Улсынхаа төлөө цаг наргүй зүтгэж, дор бүрнээ хичээж ажиллаж байгаа” гэлээ.

Харин аяллын турш дөрөө харшуулсан МоАХ-ны залуу халаа Залуучуудын зөвлөл, авъяаслаг ахмадуудынхаа хамтаар бүтээн байгуулалтад хоёргүй сэтгэлээр зүтгэж буй дугаар ангийн цэрэг, офицерууд, үүрэг гүйцэтгэгчдэд улс орны ирээдүй мянга мянган залуусын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд дуу хуур бүжгээр мялаалга өргөлөө.

 

 

1 Сэтгэгдэл
battulgiin ajil, ajila duusgaval tom unelgee
Хамгийн их уншсан
ЭМГЭНЭЛ 2021.01.21