Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ХЭЛМЭГДСЭН МОНГОЛ БИЧИГ МИНЬ” акц зохион байгууллаа

МоАХ-ны дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн хөдөлгөөнөөс өнөөдөр “ХЭЛМЭГДСЭН МОНГОЛ БИЧИГ МИНЬ” акц зохион байгууллаа. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр хэлмэгдсэн монгол бичгийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн 100 гаруй эмэгтэй үндэсний дээл хувцсаараа ижилсэн Төв номын сангаас Хэлмэгдэгсдийн хөшөө хүртэл жагсаалаар явж хүрч очсон юм.

Тэд Монголын анхны доктор, билгүүн номч Б.Ренчингийн

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,

Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!... хэмээх  “Монгол хэл” шүлгийг нэгэн дуугаар уншив.

Энэхүү арга хэмжээнд үе үеийн монгол хэл, уран зохиолын багш, эрдэмтэн мэргэдээс гадна “Их түүхэн багш” ТББ-ынхан ч бас нэгдсэн байлаа. Тус холбооны тэргүүн “Их хэлмэгдүүлэлтийн үеэр монголчуудыг маань хядаж, хэлмэгдүүлж үгүй хийж байсан бол өнөөдөр бидний үзэл бодол, их бичиг, үндэсний дархлааг хэлмэгдүүлэх гэж байна. Үүний эсрэг манай ТББ-ын хамт олон бат зогсох болно. Монгол босоо бичиг үүрд мандан бадраг” хэмээсэн юм.

“Босоо монгол худан монгол бичгээ өвөг дээдсээсээ эхлээд хойч ирээдүй хүртлээ үеийн үед үүрд өвлүүлэх үүрэг бидэнд оногдож байна. Хэл мөхвөл улс мөхөнө. Дэлхийд ганцхан босоо бичгийн агуу соёлыг өвөг дээдэс минь бидэнд үлдээсэн. Энэхүү уламжлалыг бид хойч ирээдүйдээ бүрэн хадгалуулахын тулд сэтгэл зүрхээрээ нэгдэн цугласан нь энэ” хэмээн арга хэмжээнд оролцсон эмэгтэйчүүд ярьж байлаа. Тэд мөн  “Монгол бичгээ нандигнан хүндэлж, эрхэмлэн суралцахыг залуустаа уриалмаар байна” хэмээснийг энд уламжилъя. 

“Монгол хэл” шүлгийг манлайлан уншсан Монголын радиогийн нэвтрүүлэгч Б.Оюунчимэгийн сэтгэгдлийг хуваалцсанаа уншигч танд хүргэе.

Б.Оюунчимэг: Монгол хэл, бичгийн төлөө монгол хүн бүрийн зүрх цохилж байх ёстой

“Уг нь бид чинь энэ өдөр Хэлмэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэж ирсэн уламжлалтай. Харин өнөөдөр монгол бичиг минь давхар хэлмэгдчихвий гэдгээс эмээж эмэгтэйчүүд маань нэгдэж, дуу хоолойгоо өргөж байна. Монгол хэл, бичгийн төлөө монгол хүн бүрийн зүрх цохилж байх ёстой. Монгол хэл, бичгээ бид үргэлж дээдэлж, хойч үедээ өв уламжилж өгч байх хэрэгтэй. Хэл мөхвөл улс мөхөнө. Харин бид хойч үеээ өнө мөнхөд босоо монгол хэл бичигтэй нь байлгаж чадвал улс маань мөхөхгүй.

Монгол хэлээ гэж яваад хэлмэгдсэн Дашдоржийн Нацагдорж, Бямбын Ринчен гээд олон суут хүмүүсээ дурсан санаж, улс эх орныхоо, эх хэл бичгийнхээ төлөө сэтгэл зовнин цаг заваа зориулан ирсэн эмэгтэйчүүдээрээ үнэхээр их бахархаж байна. Зундуйн Дорж гуайн хэлсэн “Хэл, хил, мал“ гурав маань л байвал Монгол улс баян гэдэг нь үнэн байхгүй юу. Одоо сайхан төрийн бичиг болчихлоо. Хос бичгээрээ явдаг боллоо. Үүн шиг сайхан зүйл гэж юу байхав. Миний хувьд эх хэлээ хайрлан хүндэлж хойч үедээ өвлүүлье гэсэн эх хүний сэтгэлээр энд ирсэн” гэв.

1 Сэтгэгдэл
Энэ авгай нар өөрсдөө мэдэхгүй.
Хамгийн их уншсан