Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иръяа Халаш:С.Зориг агсны талаар би одоо ярихгүй. 80 хүрээд л ярьж магадгүй

Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийслэл хотноо болсон нь Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын эхлэл байв. Ардчилсан хувьсгал амжилтад хүрэх хүртэлх бүхий л үйл явдлын мэдээллийг дэлхий нийтийн сонорт хүргэж, анхаарлын төвд оруулж чадсан хүн бол Ройтерс агентлагийн сэтгүүлч Иръяа Халаш юм. Түүнтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна.  

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Зарим уншигч маань таныг мэдэхгүй учир өөрийгөө танилцуулснаар ярилцлагаа эхлүүлье?

-Миний хувьд Финлянд улсын иргэн. 1985 онд Монгол улсад анх удаа хөл тавьж байлаа. Тухайн үед Унгарын Будапештын их сургуулийн Монгол хэл судлалын ангийн оюутан  байсан учраас тав хоногийн хугацаатай л ирсэн. Харин 1987 онд Монголд суралцах тэтгэлэг авснаар МУИС-д 1990 он хүртэл суралцаж мэргэжил дээшлүүлсэн.

-Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож, дэлхий нийтэд мэдээлэл дамжуулах үүргийг хэн өгч байв?

-1989 онд МУИС дээр Санжаасүрэнгийн Зориг, Улаанхүү, Гончигдорж, Баабар нарын ардчиллыг сонирхож буй хэсэг залуустай уулзаж танилцаж байв. Сонирхлыг маань ихэд татсан учир тэднийг эхнээс нь дэмжиж фото аппаратаа аваад хамт явдаг байлаа. Тэр үед миний аппарат хамгийн мундаг үзүүлэлттэй нь байж билээ. Монголд минийх шиг аппараттай өөр хүн байгаагүй.

Ер нь социализмын үед зураг авах их хүнд,  хүмүүс их дургүйцэнэ, эсэргүүцнэ, эсвэл тагнуул байна гэж харна. Тийм учраас 1985 оноос эхэлж социализмын үеийн цөөн тооны зураг л авсан байдаг юм. Мэдээж тэр үед Ардчилсан хувьсгал эхэлсэн. Би ч их сонирхсон, залуус ч намайг оролцоод, фото зураг авч өгөөч гэж гуйсан.

-Ардчилсан хувьсгалын үед өрнөсөн үйл явдлыг Ройтерс агентлагаар дамжуулж дэлхий нийтэд хүргэсэн хүн нь та. Бүхий л зүйл нь хаалттай үед мэдээллийг тэр хүртэл дамжуулна гэдэг их ур чадвар шаардсан нь мэдээж?

-Дээр нэр дурдагдсан залуус маань “Бидний ярьсан мэдээллийг дамжуулж өгөөрэй” гэж хүссэн юм. Тухайн үед Ройтерс агентлагт сурвалжлагч байлаа. Дамжуулсан мэдээллийг маань ч тэд дуртай хүлээж авсан. Тэр үед одоогийнх шиг интернэт, гар утас, факсгүй, утсаар ч шууд ярьж болдоггүй байв. Мэдээллээ дамжуулахын тулд Москва руу цааш Бээжинд байрладаг Ройтерс агентлагийн салбартай холбогдож байгаад өгч билээ. Хааяа хоёр, гурван хоног холбоо тогтоож чаддаггүй байсан учир Япон дахь салбар руу холбогдож мэдээллээ өгөх үе ч гарна. Мэдээллээсээ гадна фото зураг явуулдаг байлаа.  

Яг тэр цаг мөчид барууны орнуудаас байнга Монголд ирж сууж мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлч надаас өөр байгаагүй. Бээжингээс л хааяа нэг сэтгүүлч ирээд буцдаг байв. Тэр үед Хөвсгөл, Дархан, Багануур гээд нэлээд олон газраар явж зохион байгуулж буй цуглаанд нь оролцож фото зураг авсан. Гэхдээ тухайн үед албан ёсоор хальсаа угаалгах газар байгаагүй учир нууцаар хор хэрэглэж өөрсдөө угаана. Олон янзын хор хэрэглэдэг учир зарим зураг гэмтэлтэй гардаг байсан. Гэсэн хэдий ч одоо ховор зурагт орно шүү.

Энэ цагаас хойш л Монголд амьдарч байна даа.

-Ройтерс агентлагт хэр удаан ажилласан бэ. Өөр ямар мэдээллийн салбарт ажиллав?

-16 жил Ройтерст ажиллах хугацаандаа текст, фото мэдээлэл нийлүүлдэг байсан. Дараагаар нь телевизэд, бие даасан сэтгүүлчээр BBC, CNN, “Дойч Велл”, Францын тавдугаар сувагт ажилласан. Сүүлийн 12 жил “Алжазейра инглеш чаннел” сувгийн Монгол дахь продюсерээр ажиллаж байна. Гэхдээ коронавирусээс болоод ажил саатчихсан.

-Одоо ямар мэдээ, мэдээлэл бэлтгэж дамжуулж байна вэ?

-Одоо өдөр тутмын мэдээлэл явуулдаггүй. Баримтат кино, баримтат мэдээ бэлтгэн хүргүүлдэг. Гэхдээ одоогоор ажил зогсонги байдалтай хэдий ч зүгээр суугаагүй. Өөрийн сонирхлоороо Монголын соёлтой холбоотой баримтат кино бэлтгэж байгаа. Бэлэн болсны дараагаар нутгийнхаа телевизийн сувгаар гаргах бодолтой байна.

-Үйл хэргийг нь дэлхий нийтэд хүргэж чадсанд талархсан хүн цөөнгүй болов уу. Гэхдээ мэдээллээ хэрхэн дамжуулдаг байсан тань сонирхол татаж байна?

-Ардчилсан хувьсгалын төлөө явсан хүмүүс мэдээллийг нь дамжуулж хүргэсэнд маш их баярласан. Харин бусад хүмүүс миний талаар нэг их мэдээгүй. Арга ч үгүй биз. Нууцаар хийсэн ажил байсан шүү дээ. Тухайн үед мэдээллээ Улаанбаатар зочид буудалд байрлаж телексээр явуулдаг байлаа. Мэдээллээ дамжуулж болох хоёр газар байсны нэг нь Улаанбаатар зочид буудал, нөгөөх нь Төв шуудан.

Нууц газар гэдэг утгаар нь Улаанбаатар зочид буудлыг сонгож байв. Мэдээлээ явуулсан ч хүлээж авсан эсэхийг нь мэддэггүй. Тэр үед надад олон улсын мэдээлэл сонсдог радио байсан юм. Гэхдээ өдрийн цагаар гадаадад болж байгаа үйл явдлын мэдээллийг сонсох боломжгүй. Харин шөнийн 12 цагаас хойш сонсох боломж олдоно. Тэгээд шөнө мэдээ сонсч байтал “Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд олон мянган хүн цуглаж Ардчилсан улс болохын төлөө Улс төрийн товчоогоо огцрохыг шаарджээ” гэдэг мэдээ маань явсан. Тухайн үед Монголд болж байгаа үйл явдал дэлхий нийтэд түгээх нь их чухал байсан, хоёрдугаарт байнгын мэдээлэл явуулдаг хүн байгаагүй учир надаас мэдээлэл авахдаа цааргалаагүй.

-Нууц ажиллагаанд оролцоно гэдэг амаргүй даваа. Тэр үед таны аюулгүй байдалд хэрхэн анхаарал тавьдаг байсан юм бэ?

-Үнэхээр айдастай байсан шүү. Оюутны байранд албан ёсоор бүртгэлтэй ч яг хаана хонодгийг маань Тагнуулын газрынхан ч мэддэггүй байсан. Энэ талаар тагнуулын газар ажилладаг хүнээс сонсч байлаа. Тухайн үед С.Зоригийнд хүртэл хонодог байв. Шөнийн цагаар эмэгтэй хүн ганцаараа явах үнэхээр хүндрэлтэй. Харин хэдэн найз маань ярилцаад бие хамгаалах урлагаар хичээллэдэг залуугаар намайг хамгаалуулдаг байж билээ. Үнэнийг хэлэхэд аюулгүй байдлын хувьд жаахан тиймхэн байсан шүү.

-Таны ярианаас С.Зориг агсантай их ойр байсан нь анзаарагдаж байна. Хувь хүнийх нь талаар хүмүүс олон янзаар л ярьдаг. Харин та өөрийнхөөрөө нэг дүгнээд яривал?

-Бид сайн найзууд байсан. Нарийн ширийн зүйлийн талаар би одоо ярихгүй. 80 настай болсныхоо дараа л ярьж магадгүй. Ер нь бол их шударга хүн байсан шүү дээ. Их ч сонирхолтой, зарчимч хүн. Түүний талаар янз бүрийн л яриа бий. Сайн мэдэх хүний хувьд хэлэхэд шулуун шударга, зарчимч байсныг нь хэлэх байна.

-Аравдугаар сарын 02 бол манай улсын шинэ үеийн түүхийн хамгийн хар өдрүүдийн нэг. Учир битүүлгээр амиа алдсаныг нь сонсох танд ч хэцүү байсан биз?

-Үнэхээр аймшигтай хүнд мэдээ байсан шүү. Тэр өдөр би Багабанди гуайтай хамт хөдөө явах гэж байсан юм. Гэтэл өглөө нь Ерөнхийлөгчийн тамгын газраас надруу яриад энэ хүнд мэдээг дуулгасан. Надад маш их хэцүү байсан ч энэ мэдээг дэлхий дахинд хүргэх үүргийнхээ дагуу мэдээллээ явуулсан. Тэрний дараагаар гашуудан уйлах зав гарсан даа. Сэтгүүлч хүн юу ч тохиолдсон эхлээд ажлаа нэгдүгээрт тавих ёстой зарчмаа баримталсан нь энэ.

-Монголд ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Тун удахгүй ардчилсан хувьсгалын үеэр өөрийн дуран авиандаа буулгасан гэрэл зургуудаараа үзэсгэлэн гаргах гэж байгаа талаараа мэдээлэл өгөхгүй юу. Ямар зургууд сонгож үзэсгэлэндээ тавихаар зэхэж байна вэ?

-33 жил Монголд амьдарсан байна. Мэдээж хэрэг энэ хугацаанд авсан бүхий л гэрэл зургуудаа үзэсгэлэндээ багтаах боломжгүй. Тиймээс ардчилсан хувьсгалын үеийн түүхийг харуулсан зургуудаа сонгосон. Ерөнхийдөө социализмын болоод ардчилсан хувьсгалын дараагийн үеийн зургуудыг оруулаагүй гэсэн үг. Харин альбомдоо дэлгэрэнгүй маягаар олон зураг багтааж өгсөн. Гэрэл зургийн үзэсгэлэн, цомгийн нээлтээ 10 дугаар сарын 2-нд 12:40 минутад Монголын уран зургийн галерейд хийнэ. Ямар ч гэсэн үзэсгэлэнд ирэх хүмүүс маань тухайн үед болсон үйл явдлын талаар тодорхой мэдээлэлтэй болоод гарна гэдэгт итгэлтэй байна.

Тэр үеийг мэдэхгүй залуус миний альбомыг аваад үзээсэй гэсэн чин хүсэл бий. Түүхийн ном биш учраас айхтар их текст байхгүй. Фото зургуудаа богино хэмжээний тайлбартайгаар оруулж өгсөн. Үзэсгэлэнгийнхээ урилгыг холбогдох бүх хүнд хүргүүлсэн. Элчин сайдын яамдууд, дипломат төлөөлөгчийн газруудад хүртэл өгсөн. Олон хүн ирэх болов уу гэж бодож байна. Энэ дашрамд үзэсгэлэн гаргахад минь тус болж гар бие оролцсон залуустаа талархсанаа илэрхийлье.

-Зургуудаа харах бүрийд залуу нас тань дурсагдаж байна уу?

-Тэгэлгүй яахав. Миний залуу насны чухал үеүүдийн нэг. Барууны орны хүмүүсээс надаас өөр хүн тухайн үеийн үйл явдлыг нүдээр үзэж хараагүй учир би их азтай.

-Монголчуудын аж амьдралын талаар сайн мэдэх хүний нэг нь яах аргагүй та. Өнөөдөр ардчилал бидний хүссэнээр явсангүй, буруу байна гэж олон хүн шүүмжлэх болсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Шүүмжлэл байж болно. Гэхдээ зүгээр суучихаад шүүмжлээд байж болохгүй. Засч сайжруулаад явах хэрэгтэй. Нэг зүйлийг маш сайн ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Тэр үед ардчиллын үндэс суурийг л тавьсан байхгүй юу. Хуучин системийг халж шинэ Ардчилсан улс болгосон нь хамгийн гол үйл явдал. Хүн бүрийн сайн мэдэх эрх чөлөөг өлсгөлөн зарлаж, цуглаан хийсэн хүмүүс л авчирсан юм шүү дээ. Үндэс суурийг нь тавиагүй байсан бол өнөөдөр хүмүүс юу ч хэлж чадахгүй, ямар ч эрх чөлөөгүй байх байсан. Дээхнэ үед шүүмжлэл хэлсэн хүнийг ямар нэгэн хэлбэрээр шийтгэдэг байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр ямар байна. Хүн бүр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж чадаж байна.

Зарим залуус хуучин нийгмийн талаар тийм ч сайн мэдэхгүй. Зарим нь ч тэр нийгмийнхээ талаар мартчихсан байх. Сануулаад нэг энгийн жишээ хэлье. Тэр үед шампунь олддоггүй, ариун цэврийн цаас ч байгаагүй. Тийм учраас бүгд сонин авдаг байсан. Өнөөдөр залуучуудыг бүтэн сар шампунь, ариун цэврийн цаасгүйгээр амьдар гэвэл яах бол. Дуртай байх болов уу. Энэ мэтийн жижиг зүйлс хүртэл өөр байсан юм шүү дээ. Тэгэхээр алдаа оноотой, дутагдалтай ч өнөөдрийн ардчилал бидэнд их зүйлийг авчирсан. Харин одоо түвшинг нь ахиулах хэрэгтэй. Энэ нь одоогийн залуусын хийх ёстой ажил.

6 Сэтгэгдэл
Erh chuluu yamar chuhliig oilgoj, tuunigee Shineer sergej baigaa huuchinsag uzelt udirdagchdaasaa hamgaalahgui bol ardchilaliig guivuulj, hunii erhiig zurchin hohirooj, daranguilal alham alhmaar shahaj ehelchihlee shuu !
Монголын ардчилсан хувьсгалын төлөө манай анхны хэдтэй ажиллаж байсан мундаг хүн байнштээ, манай ардчилсан намынхан яаж хамтарч дэмжиж байсан юмболдоо, шагнаж урамшуулсан юм боловуу...
medechiin bna,goe dursamj bna.Uzesgelen chir udaan ajillach bol ochij uznee.Tand bayrlalaa
Их сонин мэдээ бна даа. Энэ хуний талаар тэр болгон сайн мэдэхгуй. Монголын ардчилалын туухийг дэлхийд таниулсанд маш их баярлалаа. Монголын ардчилсан хувьсгалын талаар ешее их мэдээлэл монголчуудад егч байхыг хусье. Ажлын амжилт хусэн ероое.
Зоригтой бавалцдаг байсан юм байна л даа
Сайхан мэдээ байна. Баярлалаа
Erh chuluu yamar chuhliig oilgoj, tuunigee Shineer sergej baigaa huuchinsag uzelt udirdagchdaasaa hamgaalahgui bol ardchilaliig guivuulj, hunii erhiig zurchin hohirooj, daranguilal alham alhmaar shahaj ehelchihlee shuu !
Хамгийн их уншсан