Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ламбаа: Үндсэн хуулийн цэц дээр болж буй үйл явдал монгол төрийн 30 жилийн түүхэнд гарч байгаагүй увайгүй үйлдэл!

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2021.03.24/ хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаагийн хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал маш их хүндэрч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Тамгын газрын удирдлагатайгаа өнөөдөр энэ зүйлийг ярих зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж байна.

Өнөөдөр Монголын төр хямралын байдал руу орлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар бол бие даасан төрийн институц. Гэтэл Ерөнхийлөгчийн институцийг төрийн гадна орхиж, тэр байтугай сөрөг хүчин шиг хандаж буй эрх баригчдын энэ бодлого Монголын төрд аюул учруулна. Аюул учруулж ч байна.

Өнөөдөр Үндсэн хуулийн цэц дээр болж буй үйл явдал монгол төрийн 30 жилийн түүхэнд гарч байгаагүй увайгүй үйлдэл. Тэнд ажиллаж буй хүмүүс үүнийг мэдэж, мэдрэх ёстой. УИХ-ын гишүүд ч мэдрэх ёстой. Би ч гэсэн УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож ажилласан, УИХ-ын даргын зөвлөх хийж байсан, одоо Ерөнхийлөгчийн институцэд ажиллаж байна. Гэхдээ би ийм юм үзээгүй.

Би ганцхан жишээ хэлье. Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчид хүртэл гадуурхагдаж байна. Энэ хүмүүс Монгол Улсын иргэд биз дээ? Улсын Онцгой комиссоос вакцинжуулалтын хуваарь баталж гаргахад Ерөнхийлөгчийн Тамгын газар байхгүй байх жишээтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд аль байгууллагад очиж вакцинжуулалтад хамрагдах нь одоо болтол тодорхойгүй, ямар ч хуваарьт ороогүй байна. Гэтэл төрийн бүх албан хаагчид, агентлагийн ажилтнууд, тэр байтугай төрийн өмчит үйлдвэрийн ажилтнууд вакцинд хамрагдчихлаа. Эрх баригчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцэд хэрхэн хандаж байгааг энэ байдал ил тод харуулж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдрийг хүртэл хуралдаж чадахгүй байна.

Өнөөдөр албан хаагчдын цалингийн зэрэглэл тогтоох, итгэлцүүр тогтоох тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн институцтэй холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. УИХ-ын тогтоол гаргахдаа энэ асуудлыг орхигдуулж байгааг би үнэхээр гайхаж байна. Ийм байж болохгүй. Монголын төр Монголын ард түмний өмнө хариуцлага хүлээж ажиллах ёстой шүү дээ. Энэ гурван институц хоорондоо уялдаа холбоотой, эв нэгдэлтэй ажиллаж байж Монгол Улс хөгжинө, улс төрийн тогтвортой байдлыг бий болгоно.

Үндсэн хуулийн цэц дээр болж буй үйл явдал, УИХ-ын үйл ажиллагаа, өнөө өглөө УИХ-ын Байнгын хорооны гаргаж буй шийдвэрийг харахад нөхцөл байдал хүндэрч байна. Тийм учраас өнөөдөр арга буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд, энэ парламентад олон жил суусан улс төрч хүний хувьд энэ хэвлэлийн бага хуралд оролцож, өөрийн санал бодлыг танилцууллаа. Баярлалаа” гэлээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү

2 Сэтгэгдэл
Үндсэн хуулийн хчмрал бий болов
За шаалдаа
Хамгийн их уншсан