Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бага чулуугаар ихийг буюу дараагийнх нь Эрдэнэт...!

“Эрдэнэт” гэж байх. Албан ёсны нэршил нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ. Саяхныг хүртэл Монгол, ОХУ-ын Засгийн газрын 51, 49 хувийн өмчлөлтэй явсан эл үйлдвэр 40 гаруй жилийн дараа бүтнээрээ манайд ирсэн түүхтэй. Тэр нь 2016 он. Санаж байгаа бол Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувиар “Эрдэнэт” 100 хувь Монголын өмчлөлтэй боллоо гэдгийг зарлаж байсан, УИХ-ын сонгуулийн санал хураах өдрөөс яг нэг хоногийн өмнө юм. 2016 оны зургаадугаар сарын 28-нд гэсэн үг. Үүнээс хойших долоон жилийн хугацаанд улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд юу болж өнгөрснийг энд бичих нь илүүц. 

ОХУ-ын мэдэлд явсан “Эрдэнэт”-ийн өмчлөлийг эх орондоо авчирсан нь хувийн хэвшлийнхний гавьяа гэдэг нь маргашгүй үнэн ч энэ бүхний ард эртнээс зохион байгуулж, урьдчилж бэлтгэсэн сценари бүхий луйврын схем явсан нь түрүүчээсээ гэрэл цохиж, өдгөө шүүхийн шатанд ирээд гацав. Нэгжээд хэсгийн нэрлэж, тодотгосноор “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчирсных нь хариуд энгэрт нь “Улсын баатар” цол зүүсэн ч багадах гавьяатай Худалдаа хөгжлийн банкны эзэн, “сахал” Д.Эрдэнэбилэг ч энэ хооронд гадагшаа хил давж амжсан юм. Үнэхээр дараа нь гарч болох эрсдэл, ачааны хүндийг хувийн хэвшлийнхэн үүрсэн нь үнэн л юм бол өнөөдөр Д.Эрдэнэбилэг Монголдоо байгаад, хууль дуудсан цагт зангиагаа зүүж, гутлаа тослоод нүүр бардам очих байлаа. Гэвч тэгсэнгүй, тийм зүйл ч болоогүй.

Батлан даалтад гадуур байцаагдаж явсан тэрбээр гурван тэрбум төгрөгийн барьцаа тавих нэрийн дор хилийн хоригоо цуцлуулаад зогсохгүй хэдийнэ “Шувуу” ажиллагааны гол автор болсоор жил тойров. Барьцаа тавьсан гурван тэрбумыг нь улсын орлого болгож, түүнийг ирсэн даруйд нь цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан ч “Эрдэнэт”-ийг бүхэлд нь залгих гэж байсан Д.Эрдэнэбилэг тэргүүтэнд үдийн хоолны даруулга төдий задгай мөнгө. Чухамдаа үүнийг зориуд тодотгоод байгаа нь шалтгаантай. Юу гэхээр “Эрдэнэт”-ийн 49 хувьд хамаарах хулгай, луйврын схемийг ханз татах эсэх нь Д.Эрдэнэбилэгийг эх орондоо ирэхээс эсвэл албадан авчрахаас өөр аргагүйд хүрсэн энэ цаг үед Засгийн газрын хуралдаанаас нэгэн тогтоолыг баталж, Ерөнхий сайд алх цохьжээ.

Тогтоолын хүрээнд зэс, молибденийн баяжмал бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах нэр төрөл, ангилалд багтаахаар болж байгаа юм. Үндсэндээ хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргасан зэс, молибденийн нийт баяжмалын 5-10 хувийг биржээр арилжаалах нь. Арилжаалах тоон хэмжээ нь арав хүрэхгүй хувьд хэлбэлзэж буй нь үйлдвэрийн зүгээс 2024 онд зургаан аж ахуйн нэгжид 621.5 мянган тн зэсийн, дөрвөн компанид 6,240 тн молибденийн баяжмал нийлүүлэх гэрээ үзэглэсэнтэй холбоотой. Гэрээ бол гэрээ. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг. “Эрдэнэт”-ээс 2024 онд гаргах нийт бүтээгдэхүүнээс ядаж 10 хувийг биржээр арилжаалах нь тэнд ужгирсан авлига, албан тушаалын байдал, эрх мэдэлтнүүд, эвэртэн туурайтнуудын ашиг сонирхлыг зогсооход эхлэл болж мэднэ.

Ердөө л жилийн өмнөхөн дөө, "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийж өгсний хариуд 2018 онд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн тухай Хуулийн сайд асан Х.Нямбаатар мэдэгдэж явлаа. Үүний таван сая ам.долларыг тухайн үеийн Ерөнхийлөгчийн багийнхан авч, үлдсэн 1.3 сая нь Т.Бадамжунайд очсон нь түүнийг албадан авчирсан нэг шалтгаан гэдгийг ч хэлж байв. Үндсэндээ хоногт 88 мянган тонн хүдэр боловсруулж, тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 2.6 тэрбумыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг эл аварга үйлдвэрт энэ мэт ашиг сонирхлын схем аалзны тор мэт хэрсэн нь олон. Ил болсон нь Ерөнхийлөгч асан, иргэн Т.Бадамжунай нарынх болохоос зэсийн гэрээ хийхэд нь зуучлахаас эхлээд шахаа хийж ирсэн нь эртнийх, улстөрчдийн ашиг сонирхол тэнд хүлээтэй явдаг танил технологи. Сонгуульд ялсан нам нь хамгийн түрүүнд “Эрдэнэт”-ийн удирдлагыг өөрчилж, тэгэхдээ бас сорчилдог нь ийм л шалтгаантай.

Гагцхүү төдийгөөс өдий хүртэл ил, далд явсан “Эрдэнэт” дэх ашиг сонирхлын аварга царсыг нураах эхний алхмыг Засгийн газраас ийнхүү хийлээ. Яг л “Эрдэнэс Тавантолгой” шиг. Жилдээ 30 сая тн-ыг экспортолно гэхээр хэтэрхий өөдрөг төсөөлөл гэсэн шүүмжлэл дагуулдаг Монголын нүүрс 70 саяд хүрч дабльдсан нь өнгөрсөн оны үзүүлэлт. Үүний ард ганцхан шалтгаан бий. Тэр нь биржийн арилжаа. Зөвхөн ингэж арилжаалсан 15 сая тн нүүрсний борлуулалтын орлого 2.2 тэрбум ам.доллар гэхээр ямар хэмжээний өрсөлдөөн тэнд өрнөдгийг төвөггүйхэн ойлгож болохоор. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгч, худалдан авагч, бүр үнийн дүн нь нээлттэй, шилэн явдаг нь биржийн арилжааны онцлог, давуу тал нь. Хэн, хэрхэн оролцох тоглоомын дүрэм нь ойлгомжтой гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой”-д ужгирсан нүүрсний хулгайн асуудлыг ч үүгээр цэгцэлсэн. Одоо тэнд хулгай байхгүй. Үндсэндээ асуудал цэгцэрсэн. Харин удахгүй зэс, молибденийн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах тогтоолын хүрээнд “Эрдэнэт”-ийг цэгцлэх нь.

Өнөөдөр 10 хувьд хүргэнэ гэж ярьж буй ч маргааш 20, нөгөөдөр 30 хувьд очно. Тэр хэрээр зэсийн гэрээ дагасан далд эдийн засгийн нөлөө хумигдаж, үйлдвэр өөрөө шилэн, нээлттэй болно. Улсын төсөвт оруулах үр нөлөө нь жин дарна. Тийм нөхцөлд тэнэг л биш бол тийш ашиг сонирхлоо шингээх, гар дүрэх улстөрч байтугай албан тушаалтан ч гарахгүй. Бага чулуугаар ихийг хөдөлгөнө гэж ердөө л энэ!

Г.Эрхэс

Uzeg.info

2 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Хамгийн их уншсан