Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн бүтээл "1984" романаас сэдэвлэн бүтээсэн постдрамын жүжиг энэ сарын 21-нээс эхлээд орой бүр 19.00 цагт "Улаанбаатар" зочид буудлын их танхимд тоглогдоно. Тус жүжиг дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл тоглогдох юм.
Жүжгийн найруулагчаар М.Батболд ажилласан бол дүрүүдэд гавьяат жүжигчин Г.Равдан, Ц.Төмөрхуяг, С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, жүжигчин М.Мөнхбат Б.Оюунбаатар, П.Оюунчимэг нар тоглох аж.
"Орфей" театрын захирал, ерөнхий продюсер Т.Ариунчимэг
Уран бүтээл нэг талаар тухайн нийгэм, цаг үеийнхээ толь байдаг жамтай. Үүнээс гадна уран бүтээлч нийгмээ хэрхэн мэдэрч, ямар дуу хоолойг иргэдэд хүргэх вэ гэх асуулт ч мөн тун чухал. Тэгвэл манай театрын хамт олон Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжгээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Бид өмнө нь Германы сонгодог зохиолч Гетёгийн “ФАУСТ”, Оросын суутан Михиал Достоевскийн романаас сэдэвлэсэн “ГЭМ ЗЭМ”, Америкийн зохиолч Жон Патрикийн “ОПАЛ”, зохиолч С.Жаргалсайханы “ШӨНӨ ДУНДЫН БҮЖИГ” зэрэг жүжгүүдийг найруулагч Мягмарнарангийн Батболдын найруулсаар тайзнаа амилуулж үзэгч олныхоо таашаалыг хүртсэн.
Жүжгийн найруулагч М.Батболд
1984 роман жүжиг болж, үзэгчдийн хүртээл болох цаг нь болсон. Сайн зохиол цагаа олж тоглогдох маш их ач холбогдолтой. Хамгийн хүчтэй төгс төгөлдөр зүйл бол хайр сэтгэл гэж бид ярьдаг. Гэтэл зохиолд хүний төрөлхийн бодох, мэдрэх, сэтгэх эрх чөлөө хайр сэтгэлээс ч үнэ цэнтэй юм гэсэн үзэл санаа хөвөрдөг.
Тус жүжгийн ерөнхий продюсераар “Орфей” театрын захирал Т.Ариунчимэг, жүжгийн зохиолчоор СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, “Гэм зэм” жүжгийн зохиолч Я.Баяраа, туслах найруулагчаар Б.Тэмүүлэн, ассистант найруулагчаар Э.Бүжинлхам, Ц.Энхтуяа, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, Х.Цэцэн нар ажиллаж байна.
Жүжгийн зохиолч, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш Я.Баяраа
Энэхүү жүжгийн зохиолд сэтгэлзүйн драм төрлийг голдуу харуулахыг зорьсон. Амьдралаа эргэцүүлэн боддог, өөрийнхөөрөө сэтгэдэг хүмүүс эрх чөлөөг жинхэнэ утгаар нь эдэлдэг. Тийм нийгэмд эрх чөлөө оршдог. Уг зохиол бодож эргэцүүлдэг хүний өмнө дааж давшгүй их бэрхшээл учирлаа ч өөрийнхөөрөө бодож, сэтгэж амьдарсны үнэ юутай ч зүйрлэхийн аргагүй гэх утга санааг агуулж буй. Өөрийнхөө үзэл бодол, эрх чөлөөний төлөө тэмцэж буй бие хүний драмыг бий болгосон.
"Энэ бол таны өмнөөс юу бодохыг чинь шийддэг нийгэм. Энд хайрлах хориотой. Эрх чөлөөтэй сэтгэж, хайрлавал та сэтгэхүйн гэмт хэрэгтэн. Хайрлах нь, бодож сэтгэх нь гэмт хэрэг бол харин та сайн дураараа гэмт хэрэгтэн болохыг хүсэх байсан уу. Бидний бүтээсэн ертөнцөд үзэл санааны эрх чөлөөг эрхэмлэсэн, эрхэмлэхийг хүсдэг хэн бүхэн зорчиж болно"
АМЬД ХАЙР, АМЬД МЭДРЭМЖ, АМЬД ТӨСӨӨЛӨЛ, АМЬД ОЮУН УХААН!